Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт”-ыг үйлдвэржилт, урт, дунд хугацааны хөгжлийн болон инновацын бодлого, дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан баталлаа.
Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, гангийн цогцолбор, зэс боловсруулах цогцолборын байршлыг тогтоож, төслийг эхлүүлэх, эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт хангагдаж байна.
Жагсаалтыг батлуулахдаа Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-тай уялдуулан, салбарын аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл, технологийн парк, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг тусган боловсруулсан. Жагсаалт батлагдсанаар үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж хөгжүүлэх байршил тодорхой болж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тодорхой чиглэл, байршилд зохистой төвлөрүүлэх, усны нөөц, ашиглалт, эрчим хүчний шинэ эх үүсвэр, цахилгаан дамжуулах шугам сүлжээг төлөвлөх, зам, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ бий болгох, хот суурин байгуулах, хүн амын суурьшлын бүсийг тодорхойлох зэрэг дэд бүтцийн байгууламжуудыг нэгдсэн бодлогоор төлөвлөх, байгуулах, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжлийн бие даасан байдал, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хүнд үйлдвэрийн кластер үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Аж үйлдвэрийн салбарт хамаарах хүнд үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрээр байгуулж, хөгжүүлснээр уул уурхайн гаралтай үйлдвэрлэлээс мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээлч үйлдвэрлэлийн бүтцэд аажмаар шилжиж, экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж, уул уурхайн хэт хамаарлыг багасгах, боловсруулах үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ, эдийн засгийн үр өгөөж, татварын орлого, бааз суурийг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байрыг олноор нэмэгдүүлж хот суурин газрыг чиглэсэн хүн амын хэт төвлөрлийг сааруулах зэрэг эдийн засаг, нийгмийн олон чухал ач холбогдолтой юм.