Р.Ренчиндулам
Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинээр нэг боомтыг нээх талаар тусгагдсан нь Нарансэвстэй. Угтаа бол цоо шинээр нээх төлөвлөгөө ч биш юм. Учир нь, 1992 онд чөлөөт худалдаа хийх зорилгоор БНХАУ-тай хиллэх боомтуудыг нээх үед нээгдэж байсан хамгийн анхны боомтуудын нэг. Тухайн үед зам, дэд бүтэцгүйгээс шалтгаалаад тус хилээр дамжин өнгөрөх иргэд дуртай газраараа салаа зам үүсгэж, говийн баянбүрдүүдээр дайран өнгөрч байсан нь зэрлэг ан амьтдыг үргээх, говийн дархан цаазат газар нутгийг эвдэх шалтгаан болсон байна. Тиймээс есөн сар ажиллуулаад л уг боомтыг хаасан юм.
Дээр дурдсанчлан тухайн үед иргэд Нарансэвстэйн боомт орохын тулд Говь-Алтай болон Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг дамнан оршдог Говийн их дархан цаазат газрын А хэсгээр дайран өнгөрдөг байжээ. Говийн их дархан цаазат газрын А хэсгийг 1975 онд анх тусгай хамгаалалтад авсан, 45 мянган км квадрат газар нутгийг хамардаг дэлхийд томоохонд тооцогддог дархан цаазат газар. Хуулиараа тусгай хамгаалалттай газар нутаг дээр уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж болохгүй. Гэтэл одоогоор тус тусгай хамгаалалттай газрын онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн гурван бүсэд 38 цэг дээр хууль бусаар алт олборлосон болохыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос тогтоожээ. Энэ нь тусгай хамгаалалттай гэж яригддаг ч тоохгүй орхигдсон газар болохын илрэл.
Тус боомтыг нээхийг эсэргүүцэж байгаа иргэд дархан цаазат газарт хайгуул олборлолт явуулах гэж байна гэж үзэж байгаа. Энэ асуултад Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Дархан цаазтай газар дээр уул уурхайн үйл ажиллагаа явуулах асуудал огт байхгүйг хатуу хэлье. Тэглээ ч тэнд нэг ч удаа албан ёсоор хайгуул хийгээгүй, нөөц ч тогтоогдоогүй. Дархан цаазтай газарт хайгуул, олборлолт хийж ч болохгүй” гэсэн юм.
Мөн эсэргүүцэгчдийн зарим нь дархан цаазтай газрын дундуур зам тавина, энэ нь тэнд оршин байгаа ховор амьтдад хөнөөлтэй гэж үзэж байгаа. Үүнд салбарын сайд Б.Тулга “Анх нээхэд гарсан алдааг бид давтахгүйн тулд хилийн зурвас бүсийг дагуулан замаа тавина. Хуулиараа тусгай хамгаалалттай газрын онгон, хамгаалалтын бүсэд зам тавьж болохгүй. Харин хязгаарлалтын бүс дээр л зам тавьж болно. Гэхдээ бид Нарансэвстэйн боомтын замыг тавихдаа хязгаарлалтын бүс рүү ч оруулахгүй, зөвхөн хилийг дагуулан тавина. Байгаль хамгаалагчидтайгаа хамтран ажиллана” гэлээ. Мөн одоогоор тус бүс нутагт 50 мазаалай, 600 орчим хавтгай тэмээ байгаа гэх тооцоолол бий. Хил дээр давхар хашаа, тор байдаг тул эдгээр амьтад хилээр гарч явах зэрэг эрсдэл үүсэхгүй ажээ. Түүнчлэн тус бүс нутгийг дэд бүтэцжүүлснээр говийн орхигдсон хэсэг "эзэнтэй" болж, зэрлэг ан амьтдыг бодитоор хамгаалах боломж ч бүрдэх юм.
Б.Тулга: Энэ муж Монголын говийг үзүүлэх үйлчилгээгээр маркетинг хийж 9 сарын дотор 2.2 тэрбум ам.доллар олж байна
Нарансэвстэйн боомттой холбоотой зарим асуултад Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга дараах тайлбарыг өглөө.
-Нарансэвстэйн боомтыг нээснээр нийгэм, эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?
-Тус боомтыг нээснээр төв Хятадтай Ганьсу мужаар холбогдох юм. Ганьсу муж нь ӨМӨЗО-оор дамжилгүйгээр Монгол Улстай шууд худалдаа хийх сонирхлоо байнга илэрхийлдэг. Тус муж 26 сая хүн амтай, 425 мянган км квадрат газар нутагтай. Хятадын мужуудаас эдийн засгийн үзүүлэлтээрээ эхний гуравдугаарт жагсдаг. Боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэсэн гурван үндсэн эдийн засгийн салбартай, уул уурхайгүй муж. Энэ оны эхний улиралд тус мужийн ДНБ нь 912 тэрбум юань байсан. Монголын эдийн засагтай харьцуулбал бараг ес дахин их үзүүлэлт. Ийм том эдийн засагтай холбогдож, худалдаа хийх нь улсын тэр дундаа баруун бүсийн эдийн засаг тэлэх, өсөх боломжийг олгож байгаа юм.
Энэ муж Монголын говийг үзүүлэх үйлчилгээгээр аялал жуулчлалын маркетингаа хийдэг. Тэмээ унуулж, элсэн цөл, элсэн манхан дундах баянбүрдүүдийг үзүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлээд энэ оны эхний гурван улирлын байдлаар Хятадын бусад хотуудаас 20 сая жуулчин хүлээж авсан байна. Эндээс 2.2 тэрбум ам.доллар олчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, есхөн сарын дотор манай улсын валютын нөөцийн талыг зөвхөн байгалиа үзүүлээд, жуулчдад үйлчлээд олчихож байна. Гэтэл манайд ийм говь, тийм байгаль, тэмээ бий. Тэгэхээр бид өөрт байгаа боломжоо ашиглах шаардлагатай байгаа юм.
-Ганцхан уул уурхайг харалгүйгээр эдийн засгаа солонгоруулах том боломж харагдаж байна. Тэгвэл боомтыг хэзээ нээх боломжтой вэ?
-Боомт нээх нь нарийн үе шаттай. Улс хоорондоо дипломат шугамаар харилцан тохирч, холбогдох шийдвэрүүдийг гаргаж үе шаттайгаар явагддаг. Өөрөөр хэлбэл, Нарансэвстэйн боомтыг нээх асуудал УИХ-аар орж, тодорхой тогтоол шийдвэр гараад, энэ талаарх санал хөрш улс руу очиж, нөгөө тал шийдвэр гаргаснаар уг асуудал урагшилна. Эхлээд нь зам тавина. Үүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг илүү түлхүү оруулах бодлого баримталж байгаа. Ингээд боомтоор үйлчлүүлсэн төлбөр, тухайн замаар явсан хураамжаас орлого олдог зарчим руу шилжинэ.
Дархан цаазат газар гэх нэрийн дор газар нутгийг эзгүйрүүлж, улмаар хариуцлагагүй уул уурхайг дэвэргэж, хууль бус алт олборлогч нарт газар нутгаа тонуулаад дуусгах уу, эсвэл өөрт байгаа боломж бололцоог ашиглаад орон нутаг, улсын эдийн засгаа тэлж, зэрлэг ан амьтдаа ч бодитоор хамгаалах уу гэх сонголт бидэнд байна.