Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр боллоо.
Тус шийдвэрийг энэ сарын 20-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж гаргасан юм.
Бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, олон улсад туршлагатай, технологи эзэмшигч бүхий гүйцэтгэгчийг түргэн шуурхай сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Багануурын ордын нүүрсний дээжид эрдэмтдийн баг олон улсын байгууллагуудтай хамтран туршилт судалгаа хийсэн бөгөөд хүрэн нүүрснээс ахуйн хэрэглээнд хэрэглэх чанартай түлш болох хөх нүүрсийг гарган авч Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулах боломжтой болох юм.
Тодруулбал, хүрэн нүүрсийг 650С температурт дулааны боловсруулалтад оруулж хагас KOKC буюу "Хөх нүүрс" үйлдвэрлэх юм. Хөх нүүрс нь сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад нарийн ширхэглэгт тоосонцрын (РМ 2.5) ялгарлын хэмжээ 80%, хүхрийн исэл 64%, Азотын исэл 85%-иар бага ажээ. Энэ утгаараа хөх нүүрс нь түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдлүүдийн хэмжээг багасгаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулна гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: mongolia.gov.mn