Европ Оросын эрчим хүчнээс хамаарлаа аажмаар арилгаж, импортын эх үүсвэрээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа тул ЕХ АНУ-тай эрчим хүчний салбар дахь нийтлэг ашиг сонирхлын талаар хэлэлцэхэд бэлэн байна гэж ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт мэдэгдэв. Энэ нь АНУ-аас их хэмжээний газрын тос, байгалийн хийг худалдаж авахгүй бол ЕХ-ны орнуудад өндөр татвар ногдуулна гэж Трамп сүрдүүлснээс хэдэн цагийн дараа болсон юм.
АНУ нь Европт хамгийн их шингэрүүлсэн хий нийлүүлдэг орон болсон. Одоо Трампын засаг захиргаа шингэрүүлсэн хийг Европтой хийх худалдааны хэлэлцээрт хөшүүрэг болгох боломжтой гэж “Rystad Energy” зөвлөх компани өнгөрсөн сард мэдэгдсэн.
АНУ болон ЕХ-ны татварын хэлэлцээрийн үр дүнд АНУ-ын шингэрүүлсэн хийн импорт мэдэгдэхүйц өсөж магадгүй юм.
Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лайн “ЕХ Оросоос импортолж буй үлдэгдэл байгалийн хийг АНУ-ын шингэрүүлсэн хийгээр солих боломжтой” гэж 11 дүгээр сарын эхээр мэдэгдсэн.
“Бид Оросоор дамжуулж болон Оросоос шууд их хэмжээний шингэрүүлсэн хий худалдаж авдаг. Үүнийг яагаад хямд Америкийн хийгээр сольж, Европын эрчим хүчний үнэ ханшийг буулгаж болохгүй гэж” хэмээн фон дер Лайн хэллээ.
Эх сурвалж: oilprice.com