Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Нүүрсний уурхай, станцууд хүнд сорилтын өмнө байна

А.Халиун

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 34 жил болоход зах зээлд ороогүй үлдсэн ганц салбар нь эрчим хүчний салбар. Энэ салбар үргэлжийн алдагдалтай ажилладаг, төрөөс татаас авч амь зуудаг тухай эртнээс яригдсаар ирсэн ч зориг гарган эрчим хүчний үнийг нэмж буй нь бодит өртөгт нийцүүлсэн “түүхэн” гэж болох зоригтой шийдвэр   болов. 

Засгийн газраас ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө эрчим хүчний салбарт реформ хийхээр тусгасан ба эхний ээлжинд эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэх, дараагийн алхам нь зах зээлийн зарчимд нийцүүлж “үнийг чөлөөлнө” гэж буй. Улмаар сэргээгдэх эрчим хүчний нөөцөө бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүч экспортлогч орон болох амбийцтай ажиллаж байна. Юутай ч “Сонгогчид яах бол!”  гэж халгах ч үнэ нэмж, эхний алхмаа амжилттай тавилаа. 

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр шийдвэрлэв. Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байсныг 11 дүгээр сарын 15-наас эхлэн 280 төгрөг болгон нэмсэн тариф мөрдөгдөж эхэллээ. Айл өрхийн цахилгаан, дулааны тариф 2019 оноос хойш 5 жилийн дараа анх удаа өөрчлөлт орж буй нь энэ юм.

Ингэхдээ айл өрхүүдэд хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тарифыг нэвтрүүлсэн ба эрчим хүчний дутагдалтай өөрийн орны онцлогтоо нийцүүлэн хэн хэмнэнэ, тэр айл бага төлбөр төлөх зохицуулалт хийжээ. Тухайлбал, айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын: 
-Эхний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 
-Дараагийн 150-300 кВт.ц-ийн хэрэглээг 256 төгрөгөөр
-300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцох юм.

Иргэд эрчим хүчээ хэмнэж хэрэглэвэл бага төлбөр төлнө. Ингэснээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орохоор байна. Улсын хэмжээнд 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45%  нь 150 кВт.ц хүртэл, 40% нь 150-300 кВтц, 15% нь 300 кВт.ц-аас дээш цахилгаан хэрэглэдэг гэсэн судалгааг ЭХЗХ-ноос гаргасан байна. 

Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба нэг  сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан бол 15,887 төгрөгөөр нэмэгдэж, 52,107 төгрөг болохоор байна. 

Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээр үргэлжлэх аж. Харин аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30%-иар өөрчилжээ. 

Яагаад үнэ нэмэв?

Эрчим хүчний салбар гэх ерөнхий нэршлийн цаана айл өрх, албан байгууллагуудын  цахилгаан, дулааны найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй станцууд, станцуудыг нүүрсээр хангах уурхайнууд бий. 

Улаанбаатар хотын дулааны хангамжийн 31%, Төвийн эрчим хүчний системийн цахилгаан хангамжийн 14%, уурын хэрэглээний 47%-ийг хангадаг ДЦС-3 нь 1968 онд байгуулагджээ. 
Энэ станц дулааны эрчим хүчийг 24,683 төгрөгөөр үйлдвэрлээд, 7,215 төгрөгөөр хэрэглэгчдэд худалддаг. 1 Гкал дулаан 17,467 төгрөгийн алдагдал хүлээдэг ба ийм байдлаар ажиллахад 2024 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 14.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх төлөвлөгөө гарчээ. 

Алдагдалтай ажилладаг тул иж бүрэн засвар шинэчлэл хийх боломжгүй, хамгийн их эвдрэлтэй гэсэн тоноглолоо засаж сэлбэх төдийгөөр аргацаасаар өнөөг хүрчээ. Тиймээс станцын нийт тоноглолын 20%  нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Станц ийм байдлаар цаашид ажиллах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах бодит боломжгүй болсон тул эрчим хүчний үнийг эхний ээлжинд үйлдвэрлэлийн өртөгт нь хүргэх саналыг салбарын бодлого боловсруулагчдад хүргүүлсээр ирсэн нь энэ удаа шийдэлд хүрлээ. 

Н.Чимэддорж: Уур үйлдвэрлэдэг турбины ашиглалтын хугацаа дуусаж, цууралт үүссэн 

Нийслэлийн дулааны 30%-ийг хангаж буй ДЦС-3 ямар нөхцөлд ажиллаж байгааг тус станцын инженерүүд танилцуулж, ард түмэндээ бодит байдлаа ойлгуулахыг хүссэн юм. 
Тус станц өнөөдрийн байдлаар 10 зуух, 8 турбинтэйгээр 148 МВт эрчим хүч үйлдвэрлэж байна. Зуухнуудын шинэчлэлийг 2005-2009 онд хийсэн бол турбинуудыг огт шинэчлээгүй 45-47 жил ажиллаж байна. Уур үйлдвэрлэдэг турбины ашиглалтын хугацаа дуусаж, цууралт үүсжээ. 

Энэ цууралтууд  нэмэгдсээр томоохон хэмжээнд хүрэх, улмаар дэлбэрэх аюултай. Дэлбэрвэл ганц зуухаар тогтохгүй станцаа зогсоох хэмжээний осол болох, хот хөлдөх, харанхуй болох аюул хаяанд байна. 

Он удаан жил ажилласан ган төмөр хоолой ч гэсэн элэгдэж хуучирдаг, гагнаж нөхөөд ч засал авахгүй сэмэрсэн даавуу шиг сиймхий болдог. Тиймээс ингэж элэгдсэн 20МВт-ын чадалтай нэг турбины ажиллагааг мэргэжлийн байцаагчийн дүгнэлтийн дагуу 2024 оны 3 дугаар сард зогсоосон. 20МВт чадал гэдэг нь нэг аймгийн төв дээр дахин нэг аймгийн төвийн талыг хангах хэмжээний эрчим хүч. Тэгэхээр Улаанбаатар хотын дулаан хангамж ийм хэмжээгээр буурсан гэсэн үг. 
Яг ийм турбиныг шинэчилье, зах зээлээс худалдан авъя гэвэл 30 орчим тэрбум төгрөг болно. Станцын их засвар, хөрөнгө оруулалт нийт 20 тэрбум төгрөг л болж байгаа тул шинэ турбин авах эдийн засгийн боломж станцад байхгүй гэж “ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж тайлбарлав. 

1960-аад оны тоноглол бүхий  хуучин станцын ажиллах орчин муу төдийгүй ажилчдын   цалин бага. Энэ станц 1100 ажилтантай. Гэвч жилд 150-170 ажилтан ажлаас гарч байна. Тэтгэвэрт гарах, гаднын байгууллагуудад, уул уурхайн салбар руу шилжих, гадаад руу явах гээд мэргэжилтнүүд гадагшаа урсаж байна. Залуучууд шинээр орж ирсэн ч удалгүй гардаг. Уул уурхай, барилгын салбарынхан өндөр цалин амлаж, нийгмийн асуудлыг нь шийдээд нарийн мэргэжилтнүүдээс нь аваад явчихдаг. 

Станцын зуухуудыг олон үзүүлэлтээр тааруулж, хаана нь ямар хэмжээний илч өгөх, эсвэл хасах зэргээр галын тохируулга хийн  орон сууцуудын дулааныг удирдаж, тохируулдаг нарийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн зах зээлээс олох амаргүй. Тиймээс станц одоогоор нарийн мэргэжлийн 29 ажилтны дутагдалтай ажиллаж байна. 

Станцад тулгамдсан бас нэг томоохон асуудал нь үнсэн сан. Тус станц 2001 онд шинэ үнсэн сан байгуулсан боловч өнөөдөр 60% нь дүүрчээ.  Хэрэв хаягдлын сангүй бол станц үнсээ хаях газаргүй болно. Үнсээ хаях газаргүй бол станцын зуухнууд ажиллах боломжгүй. Зуух ажиллахгүй бол станц зогсоно. Шинэ үнсэн санг 2027 онд ашиглалтад оруулахгүй бол станцын үйл ажиллагаа мөн л доголдож эхэлнэ гэсэн үг. 

Ийм хаягдлын санг байгуулахад хамгийн хурдандаа 2 жилийн хугацаа орно. Шинэ үнсэн сангийн зураг төслийг хийсэн бөгөөд барихад 40.7 тэрбум төгрөг шаардлагатай аж. Станцын удирдлагууд сүүлийн 2 жилд асуудлаа тавьж хандсан ч улсын төсөвт тусгахгүй хугацаа алдсаар буй. Эрчим хүчний тарифын үнэ нэмэгдвэл тулгамдсан тодорхой хэмжээний асуудлыг шийдэх боломж гарна гэж тэд учирласан билээ. 

Станцын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, найдвартай эрчим хүчээр хангах, мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж сул орон тоог нөхөх, дулааны эрчим хүчийг өөрийн өртөгт нь хүргэх, цалингаа нэмэх шаардлагатайг Ерөнхий инженер Н.Чимэддорж онцлов.

11 дүгээр сарын 1-нээс үнэ нэмэгдсэнээр тулгамдсан асуудлуудаа шийдэх санхүүгийн орон зай гарах болов уу. 

ТЭЦ-3  станц 1968 онд, ТЭЦ-4 нь 1984 онд байгуулагджээ. ТЭЦ-4 -өөс хойш 40 жил өнгөрөхөд  Улаанбаатар хотод эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй. Социализмын үед “Түлш, эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлнэ” гэсэн уриатай өнөөгийн III, IV дүгээр цахилгаан станцыг барьжээ. Эрчим хүчний салбараа түрүүлж хөгжүүлж чадсан тул хотын тэлэлт, өсөн нэмэгдэж буй ачааллыг нуруундаа үүрч өнөөг хүрч байна. Харин өнөөдөр нөөц шавхагджээ. Үүнээс цааш орон сууц барьсан ч эрчим хүчээр хангах ямар ч боломжгүй болсныг станцын инженерүүд учирлаж байв.  

Багануурын уурхай вагон нүүрс ачихад 635 мянга, хоногт 132 сая төгрөгийн алдагдалтай ажилладаг

Эрчим хүчний станцууд алдагдалтай ажиллаж гал алдаж буйн цаана эдгээр станцыг нүүрсээр хангадаг уурхайнууд хүнд байдалд байна. Эрчим хүчний зориулалтын нүүрс олбор­лодог Багануур, Шивээ-Овоогийн уурхайн удирдлагууд бодит байдлаа танилцуулж, эрчим хүчний үнийг нэмэх шаардлагатай талаар өнгөрсөн 10 дугаар сарын 29-ний өдөр танилцуулсан юм. 

Монгол Улсын эрчим хүчний салбарыг нуруундаа үүрдэг Багануур, Шивээ-Овоо компаниуд  нүүрсээ алдагдалтай үнээр нийлүүлдэг ч төрөөс татвар, нийгмийн даатгал дээр хөнгөлөлт үзүүлдэггүй ба ашигтай ажиллаж буй бусад уурхайн адилаар татвар хураамжаа авдаг байна. 
Тухайлбал, Багануурын уурхай тонн нүүрсээ 55,700 төгрөгийн өртгөөр олборлон, станцуудад 43,000 төгрөгөөр борлуулж, тонн тутамд 12 мянган төгрөгийн алдагдал хүлээдэг. Уурхай хоногт 223 вагон нүүрс ачих төлөвлөгөөтэй бөгөөд нэг вагон нүүрс ачихад 635 мянган төгрөгийн алдагдал хүлээдэг. 
Тэгэхээр хоногт 132 сая, сард 4 тэрбум орчим төгрөг, хагас жилд 23.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг гэсэн үг. 

Станцууд нь алдагдалтай учир уурхайнууд мөн нүүрснийхээ үнийг нэмж чадахгүй, эрчим хүчний салбарынхан бие биедээ өглөг, авлагатай өрийн сүлжээнд орсон бодит жишээ энэ. 

2024 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар Багануурын уурхай станцуудаас 10 тэрбумын авлагатай, эргээд “Багануур” ХК 260 сая төгрөгийн өр төлбөртэй. Төрөөс уурхайн нүүрсний үнийг тогтоож, алдагдалтай ажиллуулдаг. Гэтэл Татварын байгууллага шууд акт тавьж, алдагдал тооцдог. Татварын ерөнхий газраас одоогоор 10.8 тэрбум төгрөгийн акт тавиад байна. 
“Хэдийгээр алдагдалтай ажилладаг ч “Багануур” ХК нийслэлийн үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн 99.4%-ийг дангаараа хариуцдаг” гэж “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал ярив.

Тэрбээр, “Багануур” ХК нь төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ болон Монгол орны нийт 112 сум, суурин газарт эрчим хүчний нүүрс нийлүүлдэг.  ДЦС-2, ДЦС-3, Дархан, Эрдэнэт, Амгалан, Налайхын ДЦС-ууд, аймгийн төвүүд, цэргийн ангиуд, Шархадны эмнэлэг, олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, “Чингис хаан” нисэх буудлыг 100%, ДЦС-4-ийн түлшний 50%-ийг нүүрсээр хангадаг манай улсын эрчим хүчий  стратегийн ач холбогдол бүхий уурхай юм.

Улсынхаа төвийн бүсийн эрчим хүчний хангамжийг хариуцаж 46 дахь өвлөө угтаж буй энэ уурхай 2003 оны  2.7 сая тонн нүүрс олборлож байх үеийн хүний нөөц, хүчин чадлаараа өнөөдөр 5 сая тонныг олборлож байна. Уурхайн гүн улам нэмэгдэж, өнөөдөр 137 метрийн гүнээс буюу их хэмжээний хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээний болон ус шүүрүүлэх ажил хийж байж 5 сая тонн нүүрс олборлож байна гэж уурхайн захирал Д.Түвшинжаргал ярив. 

Эрчим хүчний салбарын ачаалал нэмэгдэхийн хэрээр уурхайн олборлох нүүрсний хэмжээ өсөж таарна. Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улс 1978 онд 189 эмнэлэгтэй байсан бол өнөөдөр 599 эмнэлэгтэй. Тэдгээр эмнэлгийн хэвийн ажиллагааг хэн хангах вэ?

Эмнэлгийн цахилгаан, дулааныг хангагч “Багануур” ХК дан хугацаа хэтэрч, хуучирсан техникүүдээ засаж, сэлбэж ашигладаг. 21 жил ажиллах ёстой уурхайн алхагч экскаватор 39 дэх жилдээ ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт алдагдсан хүнд  нөхцөлд ажилла гэж уурхайчдаа ослын талбай руу түлхэж байгаа нь хатуу боловч үнэн. Ур чадвартай уурхайчдынхаа хүчээр осол авааргүй  ажиллаж байна. 

Уурхайн нийт ажилчдын 70%  нь 45 хүртэлх насныхан бол үүнээс 30 хүрээгүй залуус 330 байна. Аюулгүй ажиллах орчин нөхцөл хангагдаагүйн дээр цалин багатай тул боловсон хүчнээ тогтоон барихад хэцүү болжээ. 2024 он гарсаар Багануурын уурхайгаас 100 хүн ажлаас гарсан бөгөөд энэ уурхай боловсон хүчин сургаж бэлтгэдэг дамжин өнгөрөх бааз болсон гэхэд буруудахгүй. 

Социализмын үеэс угшилтай ахмад, дунд үеийн уурхайчид “Бид улсынхаа гал голомтыг сахиж байна” гэсэн итгэл үнэмшлээр ажилдаа хандаж байсан бол орчин үеийн залуус “Миний хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажиллах орчин ямар билээ?” гэж асуудалд ханддаг. Залуус энэ ажлыг хэзээ ч орхиход бэлэн гэдгээ   тодорхой илэрхийлж буйг уурхайн захирал хэлж байна. 

Станцууд, станцыг тэжээлээр хангагч нүүрсний уурхайнууд ч ирэх өвлийг хэрхэн давах хүнд сорилтын өмнө байна. Нүүрс олборлолтын бэлтгэл ажил болох хөрс хуулалтын ажлыг өдийд хийсэн байх ёстой ч санхүүгийн дутагдлаас болж хийгээгүй.
2024 оны 11 дүгээр сард Багануурын уурхай 510 мянган тонн нүүрс олборлож, станцуудад нийлүүлнэ. Цаанаа нөөцгүй. 12 дугаар сард 512 мянган тонн нүүрс олборлож нийлүүлнэ, бас л нөөцгүй. Ийм хүнд цагт ирэх өвлийг яаж давах вэ? 

Хамгийн ноцтой нь 2025 оны эхний улиралд  үүсэж, байдал хүндэрнэ. Өмнөх жилүүдэд он шилжих үед уурхай 480-500 мянган тонн нүүрсний нөөц бүрдүүлсэн байдаг бол энэ жил 85 мянган тоннын нөөцтэй. Станцууд жилийн төлөвлөгөөгөө баталж, уурхайд захиалгаа өгдөг.  Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй холбоотой станцуудаас жил бүр нүүрсний нэмэлт захиалга ирдэг нь уурхайн хувьд хүнд сорилт болдог аж.

Шивээ-Овоогийн уурхайн алдагдлын хэмжээ  оны эцсээр 15 тэрбум төгрөгт хүрэхээр байна

“Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин уурхайнхаа өнөөгийн байдлын талаар танилцуулав. Шивээ-Овоогийн уурхай 10 дугаар сарын 29-ний байдлаар станцуудаас 11 тэрбум төгрөгийн авлагатай. 
Тэрбээр, Говьсүмбэр аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шивээ-Овоо ХК 1990 онд байгуулагдсан ба төр 90%, бусад хувьцаа эзэмшигч 10%-ийг эзэмшдэг. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 онд монгол инженерүүдийн барьж байгуулсан анхны уурхай бөгөөд Засгийн газрын шийдвэрээр 2007 онд стратегийн орд болжээ.

Эднийх 2023-2024 онд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 2.4 сая тонн нүүрсний захиалга авч  төвийн  цахилгаан станцуудад нийлүүлсэн бол өнөөдрийн байдлаар 310 мянган тонн нүүрсний нэмэлт захиалга аваад ажиллаж байна.
2025 онд 2.7 сая тонн орчим нүүрс нийлүүлэхээр ажиллаж байна. Станцууд 20 хоногийн аюулгүйн нөөцтэй байдаг бол уурхай ч мөн тийм хэмжээний нүүрс нөөцлөх ёстой. Гэтэл нөөц бэлдэх техник, эдийн засгийн боломж алга. Үндсэндээ уурхайн нүүрсийг  шууд вагонд ачин хэрэглэгчдэд хүргэдэг ослын дохио анивчих мэт хүнд нөхцөл, ижил зовлон энэ хоёр уурхайд буй.  

Нийт тоног төхөөрөмжийн 40%  нь ашиглалтын хугацаа дууссан ба 183.6 тэрбумын өр, 11.1 тэрбум төгрөгийн авлагатай. Анх 1998-2010 онд 82.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Дараа дараагийн шатны уурхайн тоног төхөөрөмжийн шинэчлэлүүдийг зээлийн эх үүсвэрээр хийсэн нь уурхайн балансад бичигдсэнээр өнөөдрийн их өрийг бүрдүүлэхэд голлох нөлөө үзүүлжээ.
Уурхайн алдагдлын хэмжээ 2022 онд 18.9 тэрбум, 2023 онд 11 тэрбум, 2024 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 15 тэрбум төгрөгт хүрэхээр байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 11 дүгээр сар хүртэл нүүрсний үнийг өртөгт нь хүргэх түр шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээр 2025 оны бизнес төлөвлөгөөг хийж үзэхэд компани ирэх онд анх удаа 16 сая төгрөгийн ашигтай ажиллах тооцоо гарсан. Шивээ-Овоогийн уурхайн нэг тонн нүүрсний өртөг 53 мянган төгрөг бөгөөд 2024 оны есдүгээр сар хүртэл 1 тонн нүүрсийг 38,990 төгрөгөөр зарж, тонн тутамд 14 мянган төгрөг алдсаар байв. Өр төлбөр үүсэх бас нэг шалтгаан нь алдагдал. 
Харин 2024 оны 9 дүгээр сараас тонн нүүрсийг 53,190 төгрөгөөр борлуулах түр   журмыг баталснаар борлуулалтыг бодит өртөгт нь нийцүүлээд буй юм. Түр үнийг байнгын тогтсон үнэ болговол уурхайн санхүүгийн нөхцөл байдал дээрдэж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, уурхайчдын цалинг салбарын дундажид ойртуулах орон зай гарна.

Шивээ-Овоо уурхай 487 уурхайчинтай ба сүүлийн 5 жилд 476 хүн ажлаас гарчээ. Энэ дундаа нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудын бараг 65%  нь ажлаас гарч байна. Нэг жишээ хэлэхэд, манай уурхайд 20 жил ажилласан туршлагатай хэсгийн дарга залуу 2.6 сая төгрөгийн цалинтай байв. Энэ залуу одоо Өмнөговьд 10 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Уурхайн мэргэшсэн ажилтан бол компанийн хамгийн үнэтэй капитал байдаг. Тиймээс салбарынхаа жишигт ойртсон цалинтай болох нь чухал” гэлээ.

Эрчим хүчний нүүрсний дэлхийн жишиг үнэ 40 доллар, манай улсын зохицуулах байгууллагаас тогтоосон түр үнээр бол 15 ам.доллар. Алдагдал, өр төлбөр нь хэрээс хэтэрсэн ч зогсож болохгүй даалгавартай Багануур, Шивээ-Овоогийн уурхайн удирдлагууд бодит байдлаа ийн илэн далангүй танилцуулсан нь энэ. 

Уурхайн олборлосон нүүрсийг бодит өртгөөр нь борлуулбал алдагдлын хэмжээ буурч таарна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оноос хойш анх удаа цахилгаан, дулааны тарифыг нэмж, салбарынхны хүлээлт болсон түүхэн шийдвэр гаргав. Үнэ, тариф шинэчлэгдсэнээр   эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдаж, улмаар зах зээлийн зарчимд нийцүүлэн ажиллах боломж бүрдэнэ гэж ЭХЗХ-ноос мэдэгдсэн билээ.