Инфляц 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувьд хүрч өмнөх сараас 1.1 нэгж хувиар нэмэгджээ. Үүний 1.3 нэгж хувийг өрхийн цахилгааны үнийн өсөлт дангаараа эзэлж байгаа юм. Инфляцын цаашдын төлөвийн хувьд цахилгаан, ус суваг, дулаан зэрэг төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн шууд болон дам нөлөөнөөс гадна, төсвийн тэлэлт, эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор эрэлтийн шалтгаанаар инфляц эрчимжиж, ирэх онд зорилтын дээд хязгаарыг давж өсөхөөр байна.
Харин дунд хугацаанд эдийн засгийн идэвхжил буурч, төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн суурь нөлөө арилах, гадаад инфляц саарах зэргээс шалтгаалан инфляц буурч, 2026 онд зорилтын интервалд орж тогтворжих төсөөлөлтэй байгаа юм.
Түүнчлэн энэ оны эхний 3 улиралд эдийн засаг 5.0 хувиар өссөн юм. Эдийн засгийн өсөлтийг уул уурхай, түүнийг дагасан тээврийн салбарын идэвхжил, үйлчилгээний салбарын өсөлт голлон бүрдүүлж байна. Цалин, өрхийн орлогын өсөлт, импортын тэлэлт зэрэгтэй холбоотойгоор бүтээгдэхүүний цэвэр татвар эдийн засгийн өсөлтийн 2.0 орчим хувийг бүрдүүлжээ. Харин өнгөрсөн өвлийн цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас хөдөө аж ахуйн салбар 25 хувиар агшиж, нийт эдийн засгийн өсөлтөд 3.5 нэгж хувийн бууруулах нөлөөг үзүүллээ. Уул уурхайн бус салбарын хувьд цалин, өрхийн орлогын өсөлт нь үйлчилгээний салбарыг дэмжих, мөн импорт, өрхийн хэрэглээний тэлэлтээс шалтгаалан бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт сайн байж энэ онд 4.0 хувиар, ХАА-н салбарыг хасаж тооцвол 9.0 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна. Ирэх онд нүүрсний олборлолт өндөр түвшинд хадгалагдаж, Оюутолгойн үйлдвэрлэл эрчимжсэнээр уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, төсвийн төлөв сулрах, хөрөнгө оруулалтууд нэмэгдэх зэрэг нь уул уурхайн бус салбарыг тэтгэж, эдийн засаг 7.5 хувиар өсөхөөр байна.
Эх сурвалж: Монголбанк