Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монгол Улс “Orano” групптэй 1.6 тэрбум ам.долларын ураны гэрээ байгуулна

Монгол Улсын Засгийн газар, Францын “Orano Mining” групп нар 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай уран олборлох төслийг хэрэгжүүлэхээр урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай Монголын Засгийн газар баасан гарагт мэдэгдлээ. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

ЭЗХАХБ-ын Цөмийн энергийн агентлаг болон Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ын 2020 оны хамтарсан тайланд Монгол Улс нэг кг ураныг 130 ам.доллараас бага үнээр олборлож болохуйц 60,500 тонн орчим нөөцтэй гэж дурджээ.

Дэлхийн цөмийн холбооноос уул уурхайн салбар нь Монгол Улсын ДНБ-ий 25%, нийт экспортын 90%-ийг бүрдүүлдэг гэж мэдээлсэн тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны тайландаа дурджээ. Уул уурхайн салбарт Монгол улсын нийт хүн амын 3.6% ажилладаг. Одоогоор Монголд уран олборлох үйл ажиллагаа явагдахгүй байгаа. Монголын Дорнод аймаг дахь ордоос 1995 он хүртэл ОХУ уран олборлож байсан юм.

Одоо Францын “Orano” болон Монгол улс 2027 он хүртэл бэлтгэл ажлаа хангаж, үйлдвэрлэлээ 2028 оны эхээр эхлүүлнэ гэж урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай Монголын Засгийн газар мэдэгдэв. 2044 онд ураны олборлолт дээд цэгт хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү гэрээ нь дотооддоо хөрөнгө оруулалт хийх, Монголын ард түмнийг хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо” гэж хэллээ.

“Orano Mining” групп Монголд 25 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани ураны чухал нөөцийг илрүүлэх, бүртгэх зэрэг хайгуулын ажлаа амжилттай явуулж байна. “Orano”-гийн Монгол дахь салбар нь олборлолтын гурван зөвшөөрөлтэй бөгөөд хоёр туршилтыг амжилттай гүйцэтгэжээ. 

Эх сурвалж: oilprice.com