Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ц.Туваан: БНЭУ-аас авах 450 сая ам.долларын зээлийн хэлэлцээр УИХ-аар орно

Р.Ренчиндулам

Засгийн газрын хуралдаанаар /2024.12.30/ энэ онд хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд хийх ажлаа ярилцлаа. Энэ удаагийн хуралдаанаар гарсан шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр баталсан. Үүнээс гурав нь хэрэгжих шатандаа, тодорхой шийдвэрүүдийг гаргаад явж байна.

1. "Эрдэнэбүрэнгийн УЦС"ын санхүүжилтийн гэрээ шийдвэрлэгдсэн. Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа.  

2. Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Засгийн газар хоорондын хэлэлцээрт орох зүйлсийг УИХ-ын тогтоолоор чиглэл болгож өгсөн. Энэ асуудал шийдэгдсэнээр цаашид Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын төмөр замын асуудал мөн БНХАУ-тай хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бусад асуудлууд үргэлжлэх боломж бүрдэх юм.

3.Уул уурхайн салбар тэр дундаа цөмийн энергийн салбарт Францын “Орано” групптэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барьсан.

Он дамнан яригдаж байгаа зүйлийн нэг нь Газрын тос боловсруулах үйлдвэр. Үйлдвэрийн EPC-4-ийн хүрээнд БНЭУ-аас санхүүжилт авах 450 сая орчим ам.долларын санхүүжилтийн асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондоо хэлэлцсэн. Оны эхээр зээлийн хэлцэл УИХ-аар орж, соёрхон батлагдана.  

Ойрын хугацаанд хийгдэх мега төсөл дунд Зэс хайлуулах цогцолбор багтаж байна. Энэ ажил Загсийн газрын хуралдаанаар орж, “Эрдэнэт үйлдвэр” дахь Үйлдвэр технологийн паркын хуулийн дагуу үйлдвэр байгуулах тендерийн ажил эхэлж байгаа.

Мега төсөл дунд Гангийн цогцолбор багтаж байгаа. Нүүрс химийн, кокс химийн зэрэг эдгээр цогцолборууд дээр Засгийн газар шийдвэрээ гаргаад, төслийн нэгжүүдийг бий болгон өмнө нь хийсэн, ирээдүйд хийх ажлуудыг эзэнтэй болгохоор болсон.  

Ирэх жил хийгдэх төслүүд дотор газрын тос олборлож байгаа “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой хийн хоолойн асуудал нэлээд өндөр түвшинд яригдаж байгаа. Хийн хоолойн асуудал ирэх жил гурван улсын Засгийн газар хооронд яригдана.

Засгийн газар ирэх жилийг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд зураг төсөл, ТЭЗҮ нь зарлагдаад явж байгаа Туулын хурдны зам, Ган татлагат гүүр, Богдхан уулын тунел зэргийг ирэх жилд маш яаралтай шийдвэрлэнэ.

14 мега төсөлд Говийг усжуулах төсөл багтсан. Энэ бүхэн Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замд УИХ-ын тогтоолоор чиглэл өгөх төсөлд багтаж, яригдаад явж байна.

Тавантолгойн цахилгаан станц буюу 450мВт-ын цахилгаан станцыг ажлыг гацаанаас гаргана. Тавантолгойн цахилгаан станц баригдсанаар бид нүүрсийг эрчим хүч болгож,  Оюутолгойг эрчим хүчээр хангаж, эндээс орлого олох боломжтой. Он дамнасан эдгээр өдрүүдэд ч дээрх асуудлыг ярьж, хэлэлцсээр байгаа.