Р.Ренчиндулам
ОПЕК-ийн (Нефть экспортлогч орнуудын холбоо) орнууд энэ онд олборлолтоо нэмэгдүүлж магадгүй байгаа талаар “Argusmedia”-д онцолжээ. Тэд өнгөрсөн жил олон шалтгааны улмаас олборлолтоо бууруулсан бөгөөд энэ нь 2021, 2022 оны цар тахлын үеийнхтэй ойролцоо байсан юм. Тодруулбал, 2024 онд түүхий нефтийн олборлолтоо өдөрт 1.66 сая баррелиар бууруулж 33.96 сая баррель болгожээ. Энэ нь 2023 оныхоос ч илүү буурсан үзүүлэлт бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд тус холбоо өдөрт 3.1 сая баррелийг олборлосон нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 3 хувьтай тэнцэж байна. Харин энэ жилийн хувьд олборлолтоо аажмаар нэмэгдүүлснээр стратегийн зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртох ажээ.
Тэгвэл газрын тосны томоохон тоглогчдын нэг Саудын Араб өнгөрсөн 2024 онд олборлолтоо өдөрт 650,000 баррелиар бууруулж, 8,96 сая баррель болсон нь 2010 оноос хойших хамгийн доод үзүүлэлт юм. Тэгвэл ОХУ-ын олборлолт өдөрт 430,000-аар буурч, 9,15 сая баррель болсон нь 2010 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон. Кувейтын олборлолт өдөрт 190,000 баррелиар буурч, 2.43 сая баррель болсон бол Иракийн олборлолт өдөрт 160,000 баррелиар буурч, 4,13 сая баррель болсон билээ.
ОПЕК-ийн гишүүн орнууд энэ сарын сүүлээр хуралдаж түүхий нефтийн олборлолтоо өдөрт 2.2 сая баррель бууруулах уу, нэмэх үү гэдгээ шийдэх аж. Учир нь, Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүний зарлах бодлогуудтай уялдуулж шийдвэр гаргах юм байна. Шинжээчдийн үзэж байгаагаар түүхий нефтийн олборлолт нэмэгдэх магадлал өндөр байгаа юм.
Сонирхуулахад, ОПЕК-ийн гишүүн 13 орноос Иран, Ливи, Венесуэль улсууд хязгаарлалтаас чөлөөлөгдсөн тул газрын тосны олборлолтыг бууруулах үүрэг хүлээдэггүй юм