Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Рэймонд Голди: PDAC 2025 чуулга уулзалтаар салбарын олон талт, тогтвортой байдлыг хангахыг зорьж байна

PDAC-ийн ерөнхийлөгч Рэймонд Голди PDAC 2025 чуулга уулзалтын урьдчилсан хөтөлбөрийг танилцуулж, мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр "Би дэлхийн ашигт малтмалын хайгуул, уул уурхайн шилдэг үзэсгэлэн болох PDAC 2025-ыг танилцуулж байгаадаа баяртай байна. 1932 оноос хойш зохион байгуулагдаж буй манай чуулга уулзалтын цар хүрээ, нөлөөлөл нэмэгдсэн төдийгүй бид сонирхолтой хэлэлцүүлэг зохион байгуулах, сүүлийн үеийн инноваци танилцуулах, дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий удирдагчдыг татах чадвараа бэхжүүлсэн гэж хэлж болно.

Өнгөрсөн жилийн PDAC 2024 чуулга уулзалтад 138 орноос 27 мянган хүн ирж оролцож, дэлхийн тэргүүн мэргэжилтнүүд илтгэл тавьж, туршлага солилцож, хамтран ажиллах шинэ боломжуудыг танилцуулсан өргөн хүрээний арга хэмжээ болсон. Бид энэхүү олсон ололт амжилтаа улам бататган, энэ жилийн арга хэмжээгээ улам сайхан зохион байгуулахыг зорьж байна. 93 дахь жилдээ зохион байгуулах гэж буй PDAC 2025 нь Метро Торонто Конвеншн төвд 55.7 мянган м2 талбайг хамарсан, түүхэндээ хамгийн динамик, өргөн цар хүрээтэй арга хэмжээ болох төлөвтэй байна.

Энэ жил бид тогтвортой байдал, уугуул иргэдийн харилцаа, критикал минералын салбар зэрэг сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн уул уурхайн салбарын удирдах ажилтан, залуу мэргэжилтэн, эсвэл тус салбарыг сонирхож буй оюутан зэрэг бүгдэд нь зориулсан сонирхолтой арга хэмжээ болно. Тухайлбал, үзэсгэлэн худалдаа, техникийн хөтөлбөр, шагнал гардуулах ёслол гэх мэт зүйлс багтаж байгаа. 

Бид доктор Доналд М.Лейшманы Оюутнуудын оролцоог дээшлүүлэх хөтөлбөр, Оюутны мэргэжлийн хөтөлбөр, “Уугуул иргэдийн элч” хөтөлбөр зэрэг санаачилгуудаар дамжуулан уул уурхайн мэргэжлийн боловсон хүчийг бэлдэх үүрэгтэй. Эдгээр санаачилгуудын хүрээнд залуучуудад зөвлөгөө авах, суралцах, харилцаа холбоо тогтоох асар их боломжийг олгож, салбарын олон талт, тогтвортой байдлыг хангахыг бид зорьж байна. Та бүхнийг 2025 оны 3-р сарын 2-5-ны хооронд PDAC чуулга уулзалтанд ирж оролцохыг урьж байна" гэжээ.

Сонирхуулахад, PDAC 2025 чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.pdac.ca/convention линкээр орж авна уу.