Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хар салхины улмаас Рио Тинто компанийн төмрийн хүдрийн тээвэрлэлт саатжээ

Т.Бямбанаран

Австралийн баруун хойд хэсэгт орших Энэтхэгийн далайд сүүлийн 48 цагийн дотор хоёр удаагийн хар салхи үүссэн бөгөөд “Талиах” болон “Винс” хэмээн нэрлэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Рио Тинто компани Баруун Австралийн хоёр боомтоос төмрийн хүдэр тээвэрлэгч хөлөг онгоцнуудаа нүүлгэн шилжүүлж байна. Хоёр удаагийн хар салхинаас үүдэн далайн тээвэрлэлт хүндэрч, хөлөг онгоцонд эрсдэл нүүрлэжээ. Үүнээс гадна, өнгөрсөн сард болсон бас нэгэн хар салхины улмаас эвдэрч сүйдсэн боомтын дэд бүтцийг засах ажил саатаад байгаа юм.

Тодруулбал, өнгөрөгч сард үүссэн “Шон” хар салхины нөлөөгөөр Баруун Австралийн Пилбара мужид их хэмжээний хур бороо орсон. Ингэснээр төмрийн хүдрийг уурхайгаас боомт руу тээвэрлэдэг төмөр замын систем тасалдаж, Рио Тинто компанийн тээвэрлэлтэд саад учирсан билээ.

Баруун Австралийн бүсэд ихэвчлэн 11-ээс 4 дүгээр сард далайн хар салхи бий болдог.

Рио Тинто компани энэ жил Пилбарагийн уурхайгаас 323-338 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөж байна. Өнгөрсөн онд 328.6 сая тонныг олборложээ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн энэхүү саатал төмрийн хүдрийн үнийг өсгөж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна. Хятадын ган үйлдвэрлэгчид цагаан сарын өмнө төмрийн хүдэр төдийлөн нөөцлөөгүй. Харин тэдгээрийн үйл ажиллагаа сэргэхийн хэрээр тус ашигт малтмалын эрэлт нэмэгдэнэ.

Мягмар гарагт төмрийн хүдрийн үнэ тонн нь ойролцоогоор 105 ам.доллар байв. Сарын өмнө 97 ам.доллар болсон нь сүүлийн гурван сарын хамгийн доод үзүүлэлт юм.

Эх сурвалж: www.mining.com