Mongolian Mining Journal сэтгүүлийн 1 дүгээр сарын дугаарт:
А. Халиун
БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи" компани дотооддоо нүүрсний олборлолт хийхээс гадна Австрали, Индонез, Монголоос нүүрс худалдан авдаг. Жилд 800 сая тонн нүүрс хэрэглэдэг гигант компани.
Төмөр замын гүүрэн байгууламж барих асуудал үндсэндээ шийдэгдэж, хоёр тал тохиролцоонд хүрлээ. Дараагийн асуудал нь "Чайна энержи" компанитай хийх хоёр дахь гэрээ буюу Нүүрс худалдах, худалдан авах гэрээ юм. Гэрээ эцэслэгдэх хараахан болоогүй ч хоёр талын Ажлын хэсэг хэд хэдэн асуудал дээр санал нэгджээ. Тухайлбал:
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ордоос БНХАУ-ын "Чайна энержи" компанид 2025-2029 оны хооронд 27 сая тонн нүүрс нийлүүлнэ. Ажлын хэсгийн ахлагч, салбарын сайд Ц.Туваан, 2025-2029 он хүртэлх 5 жилийн эхний 3 жилд тус бүр 5, дараагийн 2 жилд тус бүр 6 сая тонн нүүрс борлуулна гэж 2024 оны 12 дугаар сарын 27-нд УИХ- ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр тодотгосон.
Харин төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, тээвэрлэлт жигдрэх ye буюу 2030 оноос жилд 20 сая тонн нүүрс нийлүүлнэ. 2041 он гэхэд нийт 247 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээний үүргийг Монголын тал хүлээх нь.
Олборлоогүй нүүрснийхээ мөнгийг урьдчилан аваад хэрэглэсэн гашуун сургамж бидэнд бий. Тэгвэл энэ удаа нүүрсний төлбөрийг урьдчилан авахгүй, бартер хийхгүй, бэлэн мөнгөөр нүүрсээ зарах тухай яригдаж байгааг салбарын сайд УИХ-ын чуулганы танхимд хариуцлагатай мэдэгдсэн.
Гэрээнд энэхүү нүүрсийг биржээр арилжаалахгүй. "Эрдэнэс Тавантолгой" компани БНХАУ-ын төрийн болон хувийн өмчит 4 ААН-д нүүрсийг урт хугацааны гэрээгээр борлуулж байна. Энэ гэрээнийхээ нөхцөлөөр нүүрсээ борлуулж болох саналыг манай талд тавьсан бөгөөд энэ нь боломжгүй зүйл биш аж.
Үнэ тогтоодог аргачлал бий. Суурь үнэ болон БНХАУ-ын бусад 5 боомтоор гардаг нүүрсний борлуулалтын үнийн дунджаар үнийг тооцох ба энэ нь тогтсон хатуу үнэ биш, зах зээлээ дагаад хөдлөх боломжтой юм.
2025 онд 83 сая тонныг экспортлохоор төсөвт тусгасан. Үүн дээр Нүүрс худалдах, хуралдан авах гэрээний дагуу энэ онд 5 сая тонныг нэмж, нийт 88 сая тонн нүүрс экспортлохоор болж байна.
Нүүрсний зэрэглэл, чанараас шалтгаалан үнэ харилцан адилгүйн дээр дан коксжих нүүрсээ сорчилж зөөх вий гэх болгоомжлол бий. ЭТТ-н орд нүүрсний 13 давхаргаас бүрддэг. Үүний хоёр давхарга буюу 20 орчим хувьд коксжих нүүрс. Бусад нь сул коксжих болон эрчим хүчний нүүрс тул энэ 3 төрлийн нүүрсийг борлуулах асуудлыг ижил түвшинд авч үзэж байгаагаа Ажлын хэсгийн ахлагч хэлсэн.
Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн их буюу 83 сая тонн нүүрс экспортолсон. Харин 2025 онд 83 сая тонныг экспортлохоор төсөвт тусгасан. Үүн дээр Нүүрс худалдах, хуралдан авах гэрээний дагуу энэ онд 5 сая тонныг нэмж, нийт 88 сая тонн нүүрс экспортлохоор болж байна. Ийм хэмжээний нүүрс олборлох, тээвэрлэх хүчин чадал бий юү? гэсэн асуулт гарна. Хангалттай гэж хэлэх хэцүү ч олборлогч, тээвэрлэгч компаниуд хүчин чадлаа тултал ашиглах их ажил, басхүү сорилт тулгарч байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хүлээн зөвшөөрсөн билээ.