Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Чухал ашигт малтмал ба Монгол Улсын шилжилтэд нөлөөлөх чухал шийдвэрүүд

Р.Ренчиндулам

“АмЧам Монгол” буюу Монгол дахь Америкийн худалдааны танхимаас “Нэн чухал ашигт малтмал ба Монгол Улсын шилжилтэд нөлөөлөх чухал шийдвэрүүд” хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.02.18/ зохион байгууллаа.

Дэлхий нийт цэвэр эрчим хүч, дэвшилтэт технологи, тогтвортой үйлдвэрлэлд шилжиж байгаа энэ үед нэн чухал ашигт малтмал улам бүр "чухал" болсоор байгаа билээ. Тухайлбал, лити, кобальт, никель зэрэг ашигт малтмал нь батарей, цахилгаан машин, салхин сэнс, хагас дамжуулагч үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ ч утгаараа чухал ашигт малтмалыг дагаад эрчим хүч, технологийн салбар дахь олон улсын бодлого, худалдаа харилцаа, инновац өөрчлөгдөж байна. Чухал ашигт малтмалын эрэлт өсөхийн хэрээр нийлүүлэлт ч тулгамдсан асуудал болоод байгаа. Монгол Улсын хувьд чухал ашигт малтмалын салбарт өрсөлдөх чадвар ямар түвшинд байгаа, энэ салбарын бодлого, хууль эрх зүйн орчны талаар тус хэлэлцүүлгийн үеэр ярилцлаа.  

Хэлэлцүүлгийн модератороор “АмЧам Монгол”-ын ТУЗ-ийн тэргүүн Рандольф Коппа оролцсон бол панелистаар Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Мэттью Лэ Блан, АНУ-ын Элчин сайдын яамны ахлах арилжааны мэргэжилтэн Майкл Ричмонд, МНРИК ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Цолмон, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн нар оролцлоо. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр цахимаар асуулт авч, оролцогчид хариулт өгсөн юм.

МАЙКЛ РИЧМОНД: ХУУЛЬ ТОГТООМЖ ГАРГАДАГ Ч УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АСУУДАЛТАЙ БАЙДАГ

Рандольф Коппа: Эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, татвар, хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Г.Намчинсүрэн: Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Эдгээрийн 7 нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хамааралтай. Үүнээс хоёрыг нь эхлүүлчихсэн гэж хэлж болно. Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчинг шинэчлэхээр бид ажиллаж байгаа. Бид хуулийн төслөө боловсруулаад энэ хаврын чуулганаар оруулахаар төлөвлөсөн. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмыг боловсруулсан. Энэ журам ойрын хугацаанд УИХ-ын чуулганаар орно.  

Рандольф Коппа: Хөрөнгө оруулалтын орчин шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор ямар өөрчлөлт гарч байна вэ. Мөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад тулгамддаг асуудал нь юу вэ?

Майкл Ричмонд: Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын ерөнхий орчин, төлөв ямар байгааг ойлгох, энэ ойлголтын хүрээнд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийвэл ямар байх талаар мэдээлэл өгөх зорилготойгоор бид судалгаа хийдэг. Өнгөрсөн хугацаанд харьцангуй эерэг дүгнэлт гарч ирсэн. Монгол Улсын Засгийн газар хууль эрхзүйн орчныг сайжруулах талаар арга хэмжээ авч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монгол Улс хууль тогтоомж гаргадаг ч уул уурхайн салбарт түүнийг хэрэгжүүлэхэд асуудалтай байдаг. Хууль тогтоомжтой холбоотой асуудал гэхээсээ илүү улс төрийн орчинтой холбоотой асуудал байгаа гэж үзэж байна.

Рандольф Коппа: Эвслийн Засгийн газар байгуулагдаж, бодлогын түвшинд тогтвортой ажиллахаар болсон. Энэ хүрээнд хувийн хэвшлийн оролцоог түлхүү хангах юм байна гэж ойлгосон. Мөн уул уурхайн хайгуулын үйл ажиллагаа өрнөх байх. Таны үзэж байгаагаар шинэ Засгийн газар байгуулагдсанаар хууль тогтоомж, бодлогын түвшинд хувийн хэвшлийн оролцоог хангах талаар ямар хүлээлттэй байна вэ?

Майкл Ричмонд: Миний харж байгаагаар тогтвортой хууль тогтоомж гаргаад, зохистой хэрэгжүүлэх шаардлагатай болох байх.

ГАДНЫНХ, ДОТООДЫНХ ГЭЖ ЯЛГАЛГҮЙГЭЭР АДИЛ ТҮВШИНД АВЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

Рандольф Коппа: Таны урьд нь ажиллаж байсан байгууллага Давост болсон хурлын үеэр Евпропын сэргээн босголт хөгжлийн банктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр болсон. Таны харж байгаагаар Олон улсын санхүүгийн корпорац нэн чухал ашигт малтмалын салбарт хэрхэн оролцох вэ?   

Мэттью Лэ Блан: Олон улсын санхүүгийн корпорац нь зөвхөн хувийн хэвшил рүү чиглэж ажилладаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалтын орчныг маш сайн дүгнэж чадна гэж үзэж байна. Монгол Улсын нэн чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах нь үр дүнтэй юу гэдэг нь нэгдүгээрт тавигдах асуулт. Энэ салбарт ажиллаж болно, гэхдээ эрсдэлтэй. Энэ нь мэдээж төрийн оролцоо их байдагтай холбоотой. Мөн хөрөнгө оруулалт татахад туршлага хэрэгтэй. Гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэсэн жишээ байвал их сайн байна. Нэн чухал ашигт малтмалын салбарт төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг амжилттай ажиллах орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй байна. Аж ахуйн нэгжүүдийг гаднынх, дотоодынх гэж ялгалгүйгээр адил түвшинд авч үзэх хэрэгтэй. Ингэснээр Монгол Улсын энэ салбар зөв чиглэл рүү явж байгаа юм байна гэсэн ойлголт бий болох, дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Энэ дүр зураг, ойлголтыг бий болгоход нэлээд хугацаа ордог.

ЗАСГИЙН ГАЗРААС ХҮСЭХ ЗҮЙЛ БИДЭНД ИХ БИЙ

Рандольф Коппа: Чухал ашигт малтмалын салбар дахь Монгол Улсын өрсөлдөх чадвар одоогоор ямар түвшинд байна вэ?

Г.Намчинсүрэн: Дэлхий нийт энэ чиглэлд геологи, хайгуулын ажлыг түлхүү хийж байна. Манайх бол олборлогч улс. Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр геологийн судалгаа явуулж, хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд БНСУ-тай хамтран судалгааны төв байгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд Их Британитай газрын ховор элементийг хөгжүүлэх санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд ямар ажил хийх талаар нарийвчлан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Одоогоор манайд энэ чиглэлийн ашиглалтын 4 тусгай зөвшөөрөл бий. Мөн нөөцийг нь эцэслэн тогтоогоогүй ч хайгуулын зөвшөөрөл олгох хэд хэдэн газар бий. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт татахад хамгийн том тулгамддаг асуудал нь орон нутгийн иргэдтэй ойлголцох байдаг. Ардчилсан орон болохоор ард иргэдийн үзэл бодол чухал. Гэхдээ бид нэгэнт хайгуулын зөвшөөрлийг нь олгосон бол ашиглалтын зөвшөөрлийг нь олгох тал дээр эрх зүйн орчныг нь бүрдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа. Хуульдаа гаднын орны сайн жишээг тусгахыг зорьж байгаа.

Рандольф Коппа: Халзан бүрэгтэйн ордод үйл ажиллагаа явуулахад ямар асуудал, бэрхшээл үүсч байна вэ?

А.Цолмон: Халзан бүрэгтэйн төсөл 2024 онд урьдчилсан ТЭЗҮ-ээ гаргаад бэлэн болгосон. Одоо дараагийн шатны ажлаа эхлүүлчихсэн явна. Орон нутгийн иргэдтэй үүссэн харилцаа хүнд нөхцөлд байгаа. Газрын ховор элементтэй холбоотой үүссэн иргэдийн буруу ойлголтыг хэрхэн залруулах тал дээр бид ажиллаж байна. Хайгуул хийж эхэлсэн цагаас эхлээд л энэ асуудалтай нүүр тулсан. Тиймээс Засгийн газраас хүсэх зүйл бидэнд их бий. Олборлолт хийх дөхсөн ийм ордоо дэмжээд ард иргэдэд мэдээлэл өгөх, цацраг идэвхийн суурь судалгааг мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө хийх, бидэнтэй хамтран ажиллах зэргээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн тус хэлэлцүүлгийн үеэр панелист Г.Намчинсүрэн "Газрын ховор элемент гээд нэрлэхээр ховор зүйлийг нь аваад явчихлаа гэх ойлголт иргэдийн дунд байгаад байна. Бидний зүгээс гаднын орны туршлагыг маш анхааралтай ажиглаж байгаа. Энэ бүхнийг харгалзан үзээд хууль эрх зүйн орчинд ойрын хугацаанд шинэчлэл хийнэ" гэсэн бол газрын ховор элемент гэхийг "хүчтэй соронзон элемент" гэж нэрлэх нь зүйтэй гэх саналыг панелист А.Цолмон дэвшүүлж байлаа.