Ч.Сансар
Энэтхэг улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифаас зайлсхийхийн тулд америкийн газрын тос, шингэрүүлсэн хийн худалдан авалтыг нэмэгдүүлнэ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Викрам Мисри Ерөнхийлөгч Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нарын уулзалтын дараа Вашингтонд мэдэгдэв.
"Бид АНУ-аас ойролцоогоор 15 тэрбум ам.долларын эрчим хүч худалдаж авсан гэж бодож байна. Энэ тоо 25 тэрбум ам.доллар хүртэл өсгөх зорилготой байна" гэж Мисри хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг Блүүмберг иш татав.
Трамп-Модигийн уулзалтын өмнө Энэтхэгийн компаниуд АНУ-аас газрын тос болон шингэрүүлсэн хийн худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байсан.
2021 онд Энэтхэг Америкийн түүхий нефтийг ихээр импортолж байсан. ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсны дараа Энэтхэгийн боловсруулах үйлдвэрүүд Оросын хямд нефть рүү шилжиж, АНУ-аас импортлох нь багассан.
Өнгөрсөн сард АНУ Оросын нефтийн эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш Энэтхэг улс газрын тосны салбар дахь түншүүдтэйгээ ажиллах тогтолцоог өөрчилж эхэлсэн. Энэтхэг улс нь АНУ-ын хориг арга хэмжээг зөрчихгүйгээр Оросын нефтийг хямд үнээр үргэлжлүүлэн авахыг хүсэж байгаа аж.
Шингэрүүлсэн хийн зах зээлд Энэтхэгийн газрын тосны корпорац АНУ-ын Cheniere Energy компанитай урт хугацааны гэрээ байгуулахаар хэлэлцэж байна. Энэ нь Энэтхэг, Америкийн хооронд шингэрүүлсэн хий нийлүүлэх олон шинэ гэрээ байгуулахын эхлэл байж болох юм.
Хийн экспортын шинэ төслүүдэд зөвшөөрөл олгохыг зогсоосон Байдены шийдвэрийг Трамп цуцалсны дараа Энэтхэгийн нефтийн компаниуд АНУ-аас шингэрүүлсэн хийг илүү их хэмжээгээр худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: www.oilprice.com