Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Конго улс Хятадын зэсийн гол нийлүүлэгч боллоо

Т.Бямбанаран

Хятад улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын уул уурхайд томоохон хөрөнгө оруулалт хийснийхээ үр ашгийг хүртэж, Конго улсаас импортлох зэсийн хэмжээ нь эрс өсжээ.

Хятад улс 2024 онд төв Африкийн тус улсаас импортлох боловсруулсан зэсийн хэмжээ 71%-иар нэмэгдэж, 1.48 сая тонн хүрсэн байна. Ингэснээр Конго Хятадад зэс нийлүүлэлтээр тэргүүлэгч орон боллоо.

Хятадын компаниуд Конго улсын зэсийн нөөц бүхий орд газарт хүчтэй байр суурь эзэлдэг бөгөөд хоёр улсын хооронд металлын худалдаа нэмэгдэж буй нь дэлхийн зах зээлд нөлөөлж байна.

Өнгөрсөн онд Хятадын зэсийн нийт импорт түүхэн өндөр түвшинд хүрсэн ч энэ нь эрэлтээс үүдэлтэй байсан уу, эсвэл Конго улсын нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой байсан уу гэдэг тодорхойгүй хэвээр байна.

Мөн онд Хятадын экспорт огцом нэмэгдсэнээр зэсийн зах зээлд хомсдол үүсэх вий гэх  айдас намжсан. 

Ойролцоогоор 17,000 тонн зэсийг Хятадаас АНУ руу тээвэрлэсэн бол экспортын ихэнх хэсэг нь Тайвань болон Өмнөд Солонгост орших Лондоны хөрөнгийн биржийн агуулахуудад  очжээ. Гэвч, экспортын урсгал 2024 оны хоёрдугаар хагаст мэдэгдэхүйц буурч, импортын хэмжээ эрс нэмэгдсэн юм.

Тодруулбал, тус онд Хятад улсын боловсруулсан зэсийн импорт 8.6%-иар өсөж, 4.04 сая тонн хүрсэн ажээ. Дотоодын үйлдвэрлэл ч 5.4%-иар буюу 620,000 тонноор өссөн гэж “Shanghai Metal Market” мэдээлэл, судалгааны платформ мэдэгдээд байна.

Хятадын зэсийн импорт ийнхүү нэмэгдэж буй нь Конго улс зэсээ илүү ихээр үйлдвэрлэж, түүнийгээ Хятадад нийлүүлж байгаатай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.

Конго улс одоогийн байдлаар зэс олборлолтоор Перуг гүйцэж, Чили улсын дараа буюу  дэлхийд хоёрдугаарт бичигдэх томоохон үйлдвэрлэгч болоод байна.

Өмнө нь, Чили улс Хятадын хувьд зэс импортлогч гол эх үүсвэр нь байсан билээ. Гэтэл 2024 онд тус улсын зэсийн нийлүүлэлт 18 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, 578,000 тонн болсон юм.

Эх сурвалж: www.reuters.com