Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

УРАНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ БА 2025 ОНЫ ЧИГ ХАНДЛАГА

Т.Бямбанаран

Ураны үнэ 2024 онд тогтворжсон ч эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасахын хэрээр цаашид үнэ нь улам өснө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Тодруулбал, ураны спот үнэ 2024 оны 2 дугаар сард 17 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн ч дараа нь буурч, оны үлдсэн хугацаанд үнэ нь тогтворжсон юм. Жилийн эцэст уг түүхий эдийн үнэ фунт тутамд 73.75 ам.долларт хүрсэн.

Өнгөрсөн онд ураны үнэ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь геополитикийн нөхцөл байдал, тэр дундаа ОХУ-ын ураны импортод тавьсан АНУ-ын хориг байлаа. Үүнээс гадна, Казатомпром компанийн үйлдвэрлэл буурсны улмаас нийлүүлэлтийн хомсдол үүсэж, түүхий эдийн үнэ өөрчлөгдсөн. Улс орнууд цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг эрэлхийлэхийн хэрээр ураны ач холбогдол нэмэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал буюу СОР29-ийн үеэр улс орнуудын өгсөн амлалтаас үүдэн дэлхий дахинд цөмийн эрчим хүчний эрэлт өсөх төлөвтэй байна.

2025 онд ураны нийлүүлэлт, үнэ ханш, геополитикийн нөхцөл байдал зэрэг асуудлууд нэн тэргүүнд хөндөгдөхөөр байна. Нүүрсхүчлийн хийг бууруулахад цөмийн эрчим хүчний салбар голлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн хөрөнгө оруулагчид, эрчим хүчний компаниуд болон бодлого боловсруулагчид үзэж байна.

2025 ОНД УРАНЫ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРЧИМЖИНЭ

Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээлснээр 2023-2030 онд ураны эрэлт 28%-иар өсөх хандлагатай ажээ. Энэхүү өсөлтийг хангахын тулд ураны томоохон компаниуд жил бүр уурхайн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай болно.

Өөрөөр хэлбэл, тэд эдийн засгийн хувьд ашигтай гэж үзвэл одоогийн уурхайгаа өргөжүүлэх эсвэл шинэ төслүүд эхлүүлэх шаардлагатай юм.

Энэ талаар "Digest Publishing" хэвлэлийн компанийн үүсгэн байгуулагч Герардо Дел Реал хэлэхдээ, "2024 онд ураны компаниуд хоорондоо нэгдэх эсвэл өөр нэг компанийг худалдан авах нь идэвхжсэн бөгөөд энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Томоохон компаниуд нэгдэж, өөрсдийн зах зээлийг бүрдүүлэх нь ухаалаг алхам. Ингэснээр дараагийн хэдэн арван жилд зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлж буй хэрэг билээ." гэлээ.

2024 онд Австралийн Paladin Energy компани Канадын Fission Uranium компанийг 1.14 тэрбум канад доллароор худалдаж авах шийдвэр гаргасан нь үүний баталгаа юм.

Уг шийдвэртэй холбогдуулан Канадын Засгийн газар хуулийн дагуу өргөтгөсөн хяналт, шалгалт явуулж байгаа ажээ. Үүний гол шалтгаан үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж Канадын албаныхан мэдэгдэж байна. Тодруулбал, Хятадын төрийн өмчит CGN Mining компани Fission Uranium компанийн 11.26%- ийг эзэмшдэг бөгөөд уг шийдвэрийг эсэргүүцсэн нь гол саад болоод байгаа аж.

Өнгөрсөн оны нэгэн онцлох хэлцэл нь III улирлын эхэнд болсон IsoEnergy компанийн АНУ-д төвтэй Anfield Energy компанийг худалдан авахаар төлөвлөснөө зарласан. Ингэснээр тус компанийн батлагдсан нөөцийг 17 сая фунт, таамагласан нөөцийг 10.6 сая фунт хүртэл тус тус нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Эцэст нь, IsoEnergy компани АНУ-д уран олборлолтоороо тэргүүлэх аж.

Өнгөрсөн онд хувийн компаниудаас гадна төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа эрчимжсэн. Жишээлбэл, 12 дугаар сард Оросын төрийн өмчит "Росатом" компани Казахстаны нөлөө бүхий ураны ордуудад эзэмшиж байсан хувьцаагаа Хятадын компаниудад худалджээ.

Өөрөөр хэлбэл, "Росатом" компанийн харьяа Uranium One Group нь Казахстан дахь Заречное уурхайн 49.979%-ийн эзэмшлээ Хятадын төрийн өмчит State Nuclear Uranium Resources Development Company-ийн удирдлага дор байдаг "SNURDC Astana Mining Company-д худалдсан байна.

Мөн Uranium One компани Казахстантай хамтарсан Khorasan-U компанийн 30%-ийн эзэмшлээ Хятадын Цөмийн эрчим хүчний ерөнхий корпорацын харьяа China Uranium Development Company-д шилжүүлэх төлөвтэй байна.

"Энэ явдал нь АНУ-ын бодлогыг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд Хятад улс хуулийн цоорхойг ашиглаж байгаагийн баталгаа. АНУ-д Хятад улс баяжуулсан уран зарж байгаа мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь Оросын баяжуулсан уран бөгөөд Хятадын нэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг. Тэгэхээр Хятад улс Мексикт автомашины үйлдвэр байгуулж, дараа нь Мексик АНУ-д тэдгээр машиныг экспортолж буйтай агаар нэг билээ" хэмээн National Investor сэтгүүлийн үүсгэн байгуулагч, редактор Крис Темпл хэлжээ.

ГЕОПОЛИТИКИЙН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ УРАНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭД НӨЛӨӨЛНӨ

Ураны зах зээлд 2025 онд геополитикийн нөхцөл байдал голлох үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид үзэж байна.

ОХУ-ын уранд үргэлжлүүлэн хориг тавих нь АНУ-ын ураны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд нөлөөлөхөөр байна. Тус улс 2023 онд нийт 51.6 сая фунт уран худалдан авсны 12%-ийг Оросоос нийлүүлсэн байдаг.

Орос-Украины дайнтай холбоотой хориг арга хэмжээнүүдийн хариуд Кремль 11 дүгээр сард АНУ-д баяжуулсан уран экспортлохоо зогсоосон юм.

Ингэснээр АНУ-Д 6.92 сая фунт ураны хомсдол үүсэх эрсдэлтэй тул холбоотнуудтайгаа байгуулсан стратегийн түншлэлийг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Хойд Америкийн хувьд (Канадыг оруулаад) ураны нөөцөө хангалттай хуримтлуулсан ч хэдэн жилийн дараа нийлүүлэлт багасах эрсдэлтэй тулгарч болзошгүй юм.

Канад бол дэлхийн хамгийн өндөр чанартай ураны ордуудын өлгий нутаг төдийгүй АНУ-ын ураны найдвартай нийлүүлэгч орон юм.

Хэдийгээр Канад АНУ-ын зах зээлд хамгийн ойр байдаг ч Ерөнхийлөгч Дональд Трампын нэвтрүүлэх гэж буй татварын бодлого нь эрчим хүчний салбарт нөлөөлнө гэсэн болгоомжлол байсаар байгаа нь нууц биш.

УЛС ОРНУУДЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ТОГТВОРТОЙ

Баялгийн үндсэрхэг үзэл ирэх онд ураны зах зээлд нөлөөлөх магадлал өндөр байна. Нигер, Мали зэрэг Африкийн орнууд уул уурхайн салбараа шинэчлэхээр зорьж байгаа тул эдгээр улсад хэрэгжиж буй ураны төслүүд эрсдэлтэй тулгарч болзошгүй юм.

Хэвлэлийн магнат Дел Реал: "Хууль эрх зүйн орчин хөгжсөн оронд аливаа компанийн хувьцааг худалдаж авах нь хөрөнгө оруулагчдын хувьд илүү хялбар байдаг. Таньж мэдэхгүй, судалгаа хийх боломжгүй газар хөрөнгө оруулж, эрсдэлтэй тулгарах шаардлагагүй. Эрх зүйн орчин тогтвортой бүс нутагт боломжийн үнээр сайн компаниудыг сонгож болох байтал найдваргүй газарт хөрөнгө оруулах шаардлага байна уу?"

2025 ОНД ГЕОПОЛИТИКИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ УРАНЫ ЗАХ ЗЭЭЛД ГОЛЛОХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ ГЭЖ ШИНЖЭЭЧИД ҮЗЭЖ БАЙНА.

 Африк тив нь тогтворгүй бүс нутагт тооцогддог. Гэвч Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээлснээр дэлхийн ураны нөөцийн 20-иос багагүй хувь нь Африкт бий. Тиймээс урт хугацаанд тус тив дэлхийн ураны зах зээлд хүчтэй байр суурь эзлэх төлөвтэй байгаа.

Харин редактор Темпл хэлэхдээ, "Ураны төлөөх тэмцэл дэлхийн зах зээлийг хуваах магадлалтай. Жишээ нь, өрнөдөд олборлосон уран тэр бүсдээ л үлдэнэ. Дорнодын уран тухайн бүсийнхээ улс орнуудад л нийлүүлэгдэнэ. Харин Африк тив тэр хоёр бүс Нутгийн дунд байгаа учраас тэнд зах зээлийн болон геополитикийн өрсөлдөөн ширүүснэ" гэжээ.

Ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд орчин үеийн, байгальд ээлтэй аргаар (in- situ recovery) олборлосон уран уламжлалт аргаар олборлосноос илүү өндөр үнэд хүрэх магадлалтай гэсэн үг.

2025 ОНД УРАНЫ ҮНЭ ГУРВАН ОРОНТОЙ ТООНД ХҮРЭХ ҮҮ?

Хэд хэдэн хүчин зүйлийн улмаас ураны үнэ ханш цаашид өсөх нь нэгэнт тодорхой болоод байна. Мөн спот үнэ нь түүхий эдийн баяжуулах зардал болон гэрээний үнийг дагаад нэмэгдэнэ. Энэ оноос эхлэн ураны үнэ нэмэгдсээр хэдхэн жилийн дотор 150-200 ам.доллар болно гэж шинжээчид үзэж байна.

Ийнхүү өсөх гол шалтгаануудын нэг нь хиймэл оюун ухааны мэдээллийн төвүүд нэмэгдэж байгаатай холбоотой ажээ.

Энэ талаар Дэл Реал хэлэхдээ, "Ирээдүйд ураны үнэ гурван оронтой тоонд хүрнэ. 20- 30 ам.доллароос 70-80 ам.долларт хүрэхэд урт хугацаа зарцуулаагүй бөгөөд ураны ханш цаашдаа тасралтгүй өсөж, 100 ам.долларыг давахад ойрхон байна" гэлээ.