Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Дачин ойл фийлд” Монголоос 9.8 сая тонн газрын тос олборложээ

Р.Ренчиндулам

Монгол Улс стратегийн чухал түүхий эд болох газрын тосыг БНХАУ-д цөөнгүй жил экспортолж байгаа билээ. Тэгвэл тус бизнесийн гол тоглогчдын нэг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компани одоогоор 9.8 сая тонн газрын тосыг Монгол Улсаас олборлоод байгаа аж. Тус компани 2005 оноос Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ талаарх мэдээллийг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компанийн удирдлага Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай хийсэн уулзалтын үеэр онцолсон байна.

Монгол Улсын зүгээс газрын тосны салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 2025 онд олборлолтын хэмжээг 750 мянган тоннд хүргэх, түүнчлэн Монгол Улсад хэрэгжүүлж буй газрын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах, хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хүсэлтийг Хятадын талд хандаж тавьжээ.

Манай улс газрын тосны 334 сая орчим тонн, үүнээс 43 сая орчим тонн ашиглалтын баталгаат нөөцтэй гэсэн судалгаа байдаг юм байна. Гэхдээ газар нутгийн 36.1 хувьд газрын тосны хайгуул хийсэн ашиглалтын талбай дөнгөж 0.08 хувийг эзэлдэг ажээ.