Т.Бямбанаран
Уул уурхайн салбарт тэргүүлэгч компаниуд болох BHP болон Rio Tinto нь энэ долоо хоногт уурхайн голлох бүтээгдэхүүний тайлангаа танилцуулсан бөгөөд санхүүгийн үзүүлэлт, төлөв байдлын хувьд ижил төстэй шинжүүд илэрчээ. Тэд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг эергээр харж, богино хугацааны эрсдэлийг багасгахыг зорьж байна. Мөн Трампын худалдааны бодлого тэдэнд томоохон эрсдэл учруулахгүй гэж үзжээ.
BHP (BHP.AX) компани 2024 оны 12 дугаар сар хүртэлх 6 сарын хугацаанд 23%-иар ашиг нь буурч, $5.08 тэрбум ам.доллар болсон гэж мэдээллээ. Мөн дэлхийн хамгийн том төмрийн хүдэр олборлогч Rio Tinto (RIO.AX) компани 2024 оны үндсэн орлогоо $10.87 тэрбум ам.доллар гэж зарлав. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8%-иар буурсан үзүүлэлт аж.
Энэхүү хоёр компанийн орлого ийнхүү буурсны цаад шалтгаан нь төмрийн хүдэртэй шууд холбоотой хэмээн үзэж байна. Төмрийн хүдэр нь гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд бөгөөд Хятад улсаас ихээхэн хамааралтай. Тус улс далайгаар тээвэрлэдэг төмрийн хүдрийн бараг гуравны хоёрыг худалдан авдаг билээ.
Сингапурын бирж дээр төмрийн хүдрийн гэрээний үнэ 2024 онд 24%-иар буурсан бөгөөд энэ нь ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хүндрэлээс үүдэн Хятадын эдийн засаг удаашралтай байгаагаас хамаарчээ.
Тус улсын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн онд 1.24 тэрбум тонн болж өссөн хэдий ч үнэ нь буурчээ. Гэвч энэ нь худалдаачид болон гангийн үйлдвэрүүд үнэ буурсныг ашиглан нөөцөө бүрдүүлсэн явдал байлаа гэж судлаачид үзэж байна.
BHP компанийн гүйцэтгэх захирал Майк Хенри тайлангаа танилцуулахдаа төмрийн хүдэр болон зэсийн зах зээл сэргэх боломжтойг онцлон тэмдэглэсэн юм. Тэрээр илтгэлдээ, “Ерөнхийлөгч Трампын худалдааны бодлогоос үүсэх эрсдэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ BHP компани АНУ-ын худалдааны тарифад харьцангуй бага өртдөг бөгөөд тус улс манай компанийн орлогын зөвхөн 3%-ийг эзэлдэг” гэжээ.
Энэ нь үнэн байж болох ч тарифаас болж дэлхий даяар эдийн засгийн өсөлт удааширч, инфляц нэмэгдэх аюултай. Ийнхүү эдийн засаг хямарсан тохиолдолд төв банкнууд хүүгээ бууруулахаа түр зогсоож, инфляц намжих хүртэл хүлээх нь хамгийн боломжит арга гэж судлаачид үзээд байна.
Эх сурвалж: www.reuters.com