Р.Ренчиндулам
Дэлхийн зэс үйлдвэрлэгч томоохон 10 компанийн нэг Хятадын “Zijin Mining Group” удирдлагын оновчтой бодлого, төлөвлөлтийн үр дүнд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь идэвхжиж Швейцарийн “Glencore”-той эн тэнцүү болж ирлээ. Тус компанийн 2024 оны цэвэр ашиг өмнөхөөс 52 хувиар өсөж, 32 тэрбум юань буюу 4.4 тэрбум ам.долларт хүрсэн талаар “scmp.com”-д онцолжээ.
Хонконгийн хөрөнгийн биржийн мэдэгдэлд дурьдсанаар бол “Zijin Mining Group” өнгөрсөн жил зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн төдийгүй алтны үнийн өсөлтийн ачаар багагүй ашиг олсон байна. “Zijin Mining Group” нь дэлхийн зэс үйлдвэрлэл, литийн салбарт тэргүүлэгч гурван компанийн нэг болохоор зорьсон бөгөөд 2030 он хүртэлх зорилтоо хоёр жилийн өмнө биелүүлэхээр зорьж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Энэ амжилт нь уул уурхайн салбарт нэвтэрч буй шинэлэг арга техникт оруулсан оновчтой хөрөнгө оруулалттай салшгүй холбоотой ажээ. Тус компани Түвдийн бүс нутагт зэсийн хэд хэдэн төсөл эзэмшдэг. Түүнчлэн лити үйлдвэрлэгч “Lakkor Resources” компанийн хяналтын багц болон Ардчилсан Конго улс дахь “Камоа-Какула” зэсийн уурхайн 39,6 хувийг эзэмшдэг юм.