Р.Ренчиндулам
Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2022 онд батлагдаж 2024 оноос мөрдөгдөж эхэлсэн ч хуулийг таниулах, цаашлаад амьдралд илүү нийцсэн болгох шаардлагатай байна. Мөн хувийн хэвшлийн төрд итгэх, төртэй хамтрах итгэлийг нэмэгдүүлэх шаардлага ч бий. "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум" өнөөдөр /2025.03.13/ болж, түншлэхэд тулгамддаг асуудал, хэрхэн сайжруулах талаар талууд санал солилцлоо.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр одоогоор нийт таван төсөл судлагдаж байгаа бол 70 орчим компани төсөлд оролцохоор мэдээллээ өгөөд байгаа юм байна. Тухайлбал,
Хувийн хэвшлүүдийн зүгээс төртэй түншлэлээр төсөл хэрэгжүүлэхэд төрийн шат дамжлага их, удаашралтай байдаг гэсэн санааг илэрхийлж байлаа. Мөн хөрөнгө оруулагчдын зүгээс урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байдаг ч улс төр, хууль эрхзүйн орчны тогтвортой байдал шаардлагатай байгааг илэрхийлсэн юм. Харин албаны хүмүүс энэ асуудалд дараах тайлбарыг өгсөн юм.
“Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв”-ийн захирал М.Амгаланбаатар “Нийтийн зориулалттай дэд бүтэц болон төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зорилгоор Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулагдсан. Төр зарим төслийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлээд, хувийн хэвшил тэндээс тарифаар ашиг олох, холимог байдлаар буюу хэсэгчилж төрөөс татаас авах, 100 хувь төрөөс үйл ажиллагааны зардал авах гэсэн гурван хэлбэрээс сонгон оролцож болно. Төртэй хамтарч ажилласнаар эрсдэлгүй, урт хугацаанд үр өгөөжтэй, ашигтай ажиллах үндсийг хувийн хэвшилд нээж өгч байгаа. Мөн үнэ тариф, худалдан авалт, газар дээр хувийн хэвшилд дэмжлэг үзүүлдэг” гэлээ.
Төрийн байгууллагуудаас явуулж байгаа хяналт шалгалтыг багасгах шаардлагатай байна
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Анар
-Түншлэлийн хүрээнд нийт хэдэн төсөл хэрэгжүүлэх вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 41 төслийг төрийн зүгээс санаачлан хийхээр тусгасан. Энэ төслүүд Зам тээвэр, Эрчим хүч гээд салбар салбарт хэрэгжинэ.
-Хувийн хэвшил төрийн байгууллагатай хамтран ажиллахын давуу тал нь юу вэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн сайжруулах вэ?
-Улсын төсөв хязгаартай. Тиймээс томоохон төслүүдийг хувийн хэвшилтэй хамтран хөдөлгөх хэрэгцээ үүсдэг. Энэ боломжийг Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль олгодог. Энэ хуулийг ашиглах ямар боломж байгаа болон хэрхэн сайжруулах талаар ярилцаж байгаа нь энэ удаагийн форумын онцлог.
-Төртэй түншлэхэд тулгамддаг олон асуудал байдаг болохыг хувийн хэвшлийнхэн учирлаж байна. Энэ нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгааг илтгэж байна. Тэгэхээр чухам хэзээ энэ хууль илүү боловсронгүй, хувийн хэвшилд ээлтэй болох вэ?
-Энэ хуулийг 2022 онд батлаад хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр сүүлийн гурван жилд улсын төсвөөс татаас аваагүй аймаг, 100 мянгаас дээш хүн амтай аймаг, нийслэлд бие даан түншлэлийн төсөл хэрэгжүүлэх боломжийг нь олгосон. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын олон шат дамжлагыг цөөрүүлсэн.
Мөн хууль 2024 оноос хэрэгжиж эхлэхэд буюу хэрэгжих явцад зарим нэг зүйлийг сайжруулах шаардлага үүсч байна. Тухайлбал, зарим хууль нь хувийн хэвшлийн оролцоог хязгаарлаж, хааж байна. Тухайлбал, уул уурхай, банк санхүүгийн салбарт Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг ашиглахгүй гээд заачихсан байна.
Тиймээс нэгдүгээрт, үүнийг нээлттэй болгох, хоёрдугаарт, түншлэлд оролцож байгаа байгууллагуудад төрийн байгууллагуудаас явуулж байгаа хяналт шалгалтыг багасгах, гуравдугаарт, хувийн хэвшлийн санаачилсан төслийг богино хугацаанд шийдвэрлэх боломжийг хуульд тусгах зэрэг шаардлага байгаа. Мөн ТЭЗҮ-гүйгээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдээс ТЭЗҮ шаардахгүй зэрэг зарчмын өөрчлөлт оруулах шаардлага байгааг энэ форумд танилцуулсан.