Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ТРАМПЫН ӨДӨӨСӨН "ДАЙН"-Ы ОРШИЛ

Т.Бямбанаран

Хятад улс АНУ-ын коксжих нүүрсэнд 15%-ийн татвар ногдуулж, критикал минералын экспортод хязгаарлалт тогтооно.

АНУ 10%-ийн нэмэлт татварыг A Хятадын бүх төрлийн эрдэс бүтээгдэхүүнд ногдуулсны хариуд АНУ-ын коксжих нүүрс болон зарим төрлийн нүүрснээс 15%-ийн татвар авна гэж Хятадын тал /2025.02.04/ мэдэгдэв. Мөн "Google" зэрэг хэд хэдэн компанид хориг арга хэмжээ авахаа мөн сануулжээ.

БНХАУ-ын зүгээс хийсэн өөр нэгэн. мэдэгдэлд молибден, гянтболд, теллур тэргүүтэй 5 критикал минералын экспортыг хязгаарлана гэв. Энэхүү татварын шинэ бодлого нь 2 дугаар сарын 10-наас хүчин төгөлдөр болохын зэрэгцээ экспортын хязгаарлалтаа ч эхлүүлнэ хэмээн холбогдох албаныхан мэдээллээ.

Түүнчлэн тус улс АНУ-ын экспортын бүтээгдэхүүн, тухайлбал шингэрүүлсэн байгалийн хий, газрын TOC. газар тариалангийн тоног төхөөрөмж зэрэгт мөн татвар ногдуулахаа зарлав.

ХЯТАД УЛС КРИТИКАЛ МИНЕРАЛЫН ЭКСПОРТОО ХЯЗГААРЛАНА

Өмнө дурдсанчлан, Хятад улс 5 төрлийн критикал минералын экспортыг хязгаарлахаар шийдээд байгаа билээ. Эдгээр нь үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах нөлөө бүхий иргэний болон цэргийн зориулалттай түүхий эд юм.

Тэдгээрийн нэг болох молибден нь голчлон ган хайлш үйлдвэрлэхэд ашиглагдахаас гадна нарны эрчим хүч, сансрын технологи зэрэг олон салбарт чухал үүрэгтэй. Мөн цэргийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд хэрэглэж болно.

Хятад улс молибденийн нийт үйлдвэрлэлийн ойролцоогоор 40%- ийг, АНУ 12%-ийг эзэлж байна. Гэхдээ Хятад улс цэвэр молибденийг их хэмжээгээр экспортолдоггүй тул энэ хориг дэлхийн зах зээлд тийм ч хүчтэй нөлөө үзүүлэхгүй бололтой. Хятадын дотоодын зах зээл дэх молибдений үнэ олон улсын зах зээлээс өндөр учраас экспортлох нь ашиггүй байдаг тул зах зээлийн нөлөө бага.

Молибденээс гадна Хятад улс гянтболд, теллур, висмут, индий зэрэг минералын экспортыг ч хязгаарлажээ. Гянтболд нь хатуу, бат бөх чанараараа алмазын дараа ордог металл юм. Үүнийг голчлон их бууны сум, хуягт хавтан, металл зүсэх багаж хийхэд ашигладаг.

Хятад улс 2023 онд гянтболдын нийлүүлэлтийн 80%-иас илүүг үйлдвэрлэж, критикал минералын салбарт ноёрхсоор байна.

АНУ-ын Геологийн судалгааны албанаас мэдээлж буйгаар 2015 оноос хойш гянтболд олборлоогүй бөгөөд импортоос хараат байдаг аж.

Индий нь гар утас болон телевизийн дэлгэц, шилэн кабелийн технологид чухал үүрэг гүйцэтгэдэг. 56 сүлжээ хөгжихийн хэрээр индийн эрэлт мэдэгдэхүйц өссөн билээ

Түүнчлэн Хятад улс тус элементийн үйлдвэрлэлийн 70%-ийг бүрдүүлдэг голлох тоглогч юм. 2024 оны байдлаар АНУ-ын индийн импортын 25% нь Хятадаас хамааралтай байна.

Висмутыг ихэвчлэн гагнуурын материал болгохоос гадна бусад металлуудтай хослуулан хайлш хийж, металлургийн салбарт нэмэлтээр ашигладаг юм байна. Үүгээр ч зогсохгүй висмутийг анагаах ухааны салбар, атомын судалгаанд хэрэглэх нь бий.

АНУ 1997 оноос цэвэршүүлсэн висмутын үйлдвэрлэлийг зогсоосноор мөн л импортоос хараат болжээ. Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээрх 13,000 тонн висмутын 80%-иас илүүг Хятад улс үйлдвэрлэсэн байна.

Теллур нь зэсийг цэвэршүүлэх үйл явцаас ихэвчлэн үүсдэг дайвар бүтээгдэхүүн бөгөөд төрөл бүрийн салбарт ашиглагддаг. Тухайлбал, металлургийн салбар, нарны цахилгаан хавтан, санах ойн чил үйлдвэрлэлд ашигладаг аж.

2024 онд Хятад улс дэлхийн цэвэршүүлсэн теллурын 75 орчим хувийг үйлдвэрлэсэн байна.

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрний худалдааны дайнаас үүдэн найдвартай хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, улмаар алтны ханш өслөө.

Алт бол инфляциас хамгаалах apra хэрэгсэл болдог онцлогтой металл билээ. Иймдээ ч эдийн засгийн тодорхойгүй байдал үүсэхэд алтны үнэ өсөх нөхцөл бүрэлддэг. Гэвч банкны хүү өндөр хэвээр байвал тус металлд хөрөнгө оруулах сонирхол буурахыг ч үгүйсгэхгүй.

Хоёрдугаар сарын 5-нд Сингапурын цагаар өглөөний 08 цаг 46 минутад алтны спот үнэ 0.2%-иар өсөж, унц нь 2,847.85 ам.доллар болжээ. Харин мөнгөний үнэ буурч, платинум бага зэрэг өссөн бол палладийгийн үнэ тогтвортой байгаа юм.

"Цаашид алтны үнэ 3000 ам.долларт хүрэх магадлалтай. Хэрэв АНУ, Хятадын хоорондох худалдааны дайн хурцадвал Хятад улс нөөцөө бүрдүүлэхийн тулд илүү их алт худалдан авахад хүрнэ" хэмээн шинжээчид үзэж байна.

ТАРИФЫН ДАЙНЫ НӨЛӨӨГӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ӨСНӨ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик болон Канадад өндөр татвар ногдуулсны дараагаар тохиролцоонд хүрч, тус татвараа нэг сарын хугацаатай түр зогсоогоод байна. Гэсэн хэдий ч Хятадад ногдуулсан 10%-ийн татвар хэвээр байгааг санах нь чухал.

Тарифыг ийнхүү түр зогсоох нь эдийн засагт ирэх дарамтыг бууруулах тул хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдэд эерэг нөлөөтэй юм. Гэвч 30 хоногийн дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй билээ. Худалдааны дайн хэрхэн өрнөхөөс үл хамааран бараа бүтээгдэхүүн, тэр дундаа эрчим хүчний үнэ өсөх нь илт байна.

Трамп тарифыг түр зогсоохоосоо өмнө Канадын газрын тос, байгалийн хий, критикал минерал болон ураны импортод 10%-ийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлсэн. АНУ нь дэлхийн хамгийн том газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч орон юм.

Тус улсын ихэнх нефть боловсруулах үйлдвэрүүд 1970-аад онд баригдсан бөгөөд Ойрхи Дорнод болон Канадаас газрын тос импортолж байжээ. 2023 онд АНУ-ын түүхий нефтийн импортын бараг 60%-ийг Канад улс бүрдүүлж байсан бөгөөд 2024 оны 7 дугаар сард Канадаас өдөрт нийлүүлэх түүхий нефтийн хэмжээ 4.3 сая баррель буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. 

Татварын хувь хэмжээ болон үргэлжлэх хугацаанаас хамаарч, шатахууны үнэ нэг галлон тутамд 0.10-0.30 ам.доллараар нэмэгдэх боломжтой. Трампын хэрэгжүүлэх тарифын бодлого АНУ-ын цөмийн эрчим хүчний салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй юм.  Хэдийгээр тус улс цөмийн эрчим хүч хамгийн их үйлдвэрлэдэг ч ураны хувьд бусад орноос хамааралтай байдаг. Тодруулбал, 2022 онд АНУ-ын ураны импортын 27%-ийг Канад, 25%-ийг Казахстан, 12%-ийг Орос улс тус тус хангасан бөгөөд АНУ-ын уран баяжуулах хэрэгцээний дөрөвний нэг нь ОХУ-д ногдож байна.

АНУ өнгөрсөн онд Оросын ураны импортод хориг тавьснаар Канад улс гол нийлүүлэгч болох төлөвтэй байна. Гэвч шинээр мөрдөж буй тарифын зохицуулалт энэ байдлыг өөрчилж, АНУ-ын цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн хувьд түлшний зардал нь өсөх эрсдэл үүсээд байна.

Тарифын нөлөө зөвхөн уранаар хязгаарлагдахгүй, салхин сэнс болон нарны хавтангийн чухал бүрэлдэхүүн болох зэс, хөнгөн цагаан зэрэг бусад ашигт малтмалд ч нөлөөлнө. Канадын ашигт малтмалын импортод 25%-ийн татвар ногдуулах нь АНУ-ын худалдан авагчдад 11.75 тэрбум ам долларын нэмэлт зардал үүсэх бөгөөд энэ тоо суурь металл болон ураны үнэ сэргэвэл улам ч өсөх магадлалтай.

Эрчим хүчний сүлжээ нь үндсэндээ дэлхий нийтийг хамарсан шинжтэй байдаг. Гаалийн татвар ногдуулах нь энэхүү харилцан үйлчлэлийг тасалдуулж, хэрэглэгчдэд ирэх эрчим хүчний зардлыг нэмэгдүүлж, улмаар улс орнууд эдийн засгийн сорилттой тулгардаг.

 

 

Эх сурвалж: Ройтерc, mining.com, https://reason.com/