АНУ-ын импортын татварын бодлого тодорхой болох хүртэл дэлхийн зэсийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа тул Лондонгийн металлын бирж дэх зэсийн үнэ ойрын гурван сард нэг тонн нь 10 мянган ам.долларт хүрнэ гэж Citigroup таамаглаж байна.
Саяхан Ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импорт үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг судлах захирамж гаргасны дараа зэсийн үнэ өссөн.
АНУ-ын импортын татвар хүчин төгөлдөр болохоос өмнө Glencore, Trafigura зэрэг түүхий эдийн худалдааны томоохон компаниуд зэсээ АНУ-д нийлүүлэх гэж яарч байна гэж Bloomberg мэдээлэв.
Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ лхагва гарагт нэг тонн нь 9,770 ам.долларт хүрсэн бол Нью-Йоркийн бирж дээр фьючерсын үнэ 10,000 ам.доллараас даваад байна.
Citi хоёрдугаар улиралд зэсийн үнэ 8500 ам.доллар болтлоо буурна гэж өнгөрсөн хоёрдугаар сард таамаглаж байсан. Одоо харин тэдний таамаг нь өөрчлөгдлөө. Гэсэн хэдий ч Citi тарифын улмаас АНУ-ын зэсийн импортын эрэлт хэрэгцээ буурч, үүнийг дагаад зэсийн үнэ буурна гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийллээ.
Үүнээс гадна нийлүүлэлт асуудалтай хэвээр байна. Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсын нэгдүгээрийн сард олборлолт өмнөх сартай харьцуулахад 24%-иар буурч, сүүлийн есөн сарын доод түвшинд хүрсэн бол хайлуулах үйлдвэрүүдийн эрэлт өссөөр байна.
Morgan Stanley мөн АНУ-ын гаалийн татвараас үүдэн зэсийн үнэ өсөх хандлагатай байгааг онцоллоо.
Morgan Stanley "Тариф хараахан тогтоогдоогүй байгаа тул АНУ руу металл экспортлох сонирхол хүчтэй байгаа нь дэлхийн бусад зах зээл дахь нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна" гэж тэмдэглэв.
Эх сурвалж: mining.com