Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар ДНБ 6.1%-иар буурна

Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой (ЕАЭЗХ) “Чөлөөт худалдааны түр хэлцэл”-ийг гурван жилийн хугацаатай байгуулахаар болсон. Энэ тухай МУИС-ийн Бодлогын судалгааны лабораториос гаргасан судалгаанд, “ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 6.1%-иар буурна” гэх тооцоо гарчээ.

Монгол Улс өнгөрсөн оны байдлаар ЕАЭЗХ-ны орнуудад нийт 110.1 сая ам.долларын бараа экспортолж, 2.9 тэрбум ам.долларын бараа импортолсон нь худалдааны тэнцэл алдагдаж байгаагийн илрэл юм. Манай улсаас экспортолж буй бараа сүүлийн 6 жилийн хугацаанд нийт экспортын ердөө 1 орчим хувийг эзэлж байгаа бол импортын 25-30 хувийг эзэлжээ.

Хэрэв 375 орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг харилцан гаалийн татваргүй импортлох тохиолдолд экспорт 3.7%-иар нэмэгдэнэ хэмээн тооцоолсон. Үүний дотор Монголын талаас голлон анхаарч буй хөдөө аж ахуйн салбарын экспорт 4.23%-иар өсөх магадлалтай. Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр нийт 366 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг эцэслэн тохиролцсон байна.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд нийт импорт 4.72%-иар өсөх төлөвтэй байгаагаас аж үйлдвэрийн салбарын импорт 118%-иар эрс өсөхөөр байна. Харин нөгөө талаас дотоодын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17.9%-иар буурч, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл 4.3%-иар багасах эрсдэлтэй аж. Бусад салбарын хувьд 1.2-5 орчим хувиар өсөх тооцоо гарчээ. Иймээс  иргэд болон аж ахуйн нэгжүүдийн орлого ойролцоогоор 5.5%-иар, улсын төсвийн орлого 3.24%-иар тус тус буурна хэмээн судлаачид тооцоолжээ.

ЕАЭЗХ нь бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага бөгөөд Армени, Беларусь, Казахстан, Кыргыз болон Орос гэх таван улс гишүүнчлэлтэй. Уг холбоо бараа, үйлчилгээ, капитал, хөдөлмөрийн чөлөөт хөдөлгөөнийг хангах нэгдсэн бодлого явуулдаг ажээ.