П.Жаргалсүрэн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон орны импортын бараанд “харилцан татвар” ногдуулах шинэ бодлогоо зарлаж, дэлхийн худалдаанд тодорхойгүй байдал үүсгэлээ.
Татварууд нь 10%-иас эхэлж, худалдааны алдагдал өндөртэй орнуудад илүү өндөр хувьтайгаар ногдуулж байна. Жишээ нь, Вьетнамын бараанд 46%, Тайландынх 36%-ийн татвар тогтоосон.
Хятадын импортын бараанд 125%-ийн татвар шууд хэрэгжиж эхэлсэн. Энэхүү шийдвэр нь хоёр том эдийн засгийн гүрний хоорондын худалдааны хурцадмал байдлыг улам гүнзгийрүүлж байгаа бөгөөд Хятад улс хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж, 4 дүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх бүтээгдэхүүнд 34%-ийн татвар ногдуулах болсноо зарлажээ.
Засгийн газар эдгээр татварыг дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, шударга бус худалдааг зогсоох зорилготой гэж тайлбарласан. Харин 75 гаруй улс АНУ-тай хэлэлцээ хийх санал гаргаснаар ихэнх орны хувьд хувьчилсан татварыг 90 хоногийн хугацаанд хойшлуулаад байна. Эдийн засагчид энэ бодлого нь хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж анхааруулж байна.
Европын Холбоо болон Канад зэрэг хэд хэдэн улс аль хэдийн АНУ-ын татварын эсрэг хариу арга хэмжээ авах төлөвтэй байгаагаа илэрхийлсэн. 90 хоногийн түр зогсолт нь нөхцөл байдлыг намжаах, хэлэлцээ хийх боломж олгож болох ч Хятадын эсрэг татварыг огцом нэмэгдүүлсэн нь худалдааны хурцадмал байдал ойрын хугацаанд үргэлжлэхийг харуулж байна.