АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Аризона мужид удаан хугацаанд хойшлогдсон зэсийн төслийн зөвшөөрлийг олгоно гэдэгт Рио Тинто компани итгэлтэй байна.
Чилийн Сантьяго хотод болсон “Дэлхийн зэсийн чуулга уулзалт” дээр Рио Тинто группийн Зэсийн салбар хариуцсан захирал Кэти Жексон “АНУ зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь зогсонги байдалд орсон зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг сэргээхэд нөлөөлнө” гэж мэдэгдэв.
Уул уурхайн тэргүүлэгч Рио Тинто компани нь BHP (Рио 55%, BHP 45%)-тай хамтран хэрэгжүүлж буй “Resolution” зэсийн төслийг хөдөлгөх гэж 10 гаруй жил зарцуулсан аж. Энэхүү уурхай нь АНУ-ын зэсийн хэрэгцээний 25 гаруй хувийг олон жилийн турш хангах нөөцтэй.
Америкийн уугуул иргэдийн эсэргүүцлийн улмаас уг төслийн үйл ажиллагааг АНУ-ын шүүх дээр түр зогсоогоод байсан юм. Уугуул иргэд нь зэсийн ордтой тус газрыг өвөг дээдсээс олон үе дамжин шүтэж ирсэн, ариун дагшин газар гэж үздэг. Хэрвээ уурхай байгуулбал зан үйлийн ёслол үйлддэг газар дээр нь асар том нүх үүснэ гэж тэд мэдэгджээ.
АНУ-ын Дээд шүүх энэ хэргийг 6 дугаар сарын сүүлээр шийдвэрлэх төлөвтэй байна. Харин Ерөнхийлөгч Трамп шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.
"Resolution" төсөл нь Трампын санал болгож буй тарифын өөрчлөлт, тухайлбал нэг тэрбум ам.доллараас давсан төслүүдийн зөвшөөрлийг түргэтгэх зэрэг зохицуулалтаас ашиг хүртэх боломжтой томоохон төслүүдийн нэг нь юм.
Рио Тинто групп дэлхийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд зэсийн төслүүдээ эрчимтэй өргөжүүлж байгаа бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнээр зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давна гэж шинжээчид таамаглаж байна. Тодруулбал, 2023 онд далд уурхайн үйлдвэрлэлээ эхлүүлсэн Монголын Оюутолгойн уурхай 2030 он гэхэд дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна.
Зэсийн салбарт байр сууриа бэхжүүлэхийн тулд Рио Тинто Чилийн төрийн өмчит Codelco болон Канадын First Quantum Minerals зэрэг томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран дэлхийн зэсийн 5 дахь том ордод тооцогддог Перугийн La Granja төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Мөн Рио Тинто зэс олборлох цэвэр технологид хөрөнгө оруулж байна. Жишээ нь Arizona Sonoran Copper-тэй хамтран хаягдлаас зэс гаргаж авах Nuton хэмээх био-уусгалтын аргыг боловсруулжээ.
Эх сурвалж: mining.com