Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ нүүрсний эрчим хүчний салбараа сэргээж эхлэв

Ч.Сансар

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсний цахилгаан станцуудыг шинээр барихыг дэмжсэн хэд хэдэн тогтоол гаргалаа. Энэ бол Ерөнхийлөгч Байдены баримталж байсан бодлогод гарч буй томоохон өөрчлөлтийн илэрхийлэл аж.

"Бид орхигдсон салбарыг сэргээж байна. Манай уурхайчид ажилдаа буцаад орно" гэж Трамп хэлэв.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын эрчим хүчний салбарт нүүрсний станцуудын эзлэх хувь тогтмол буурч байна. Энэ нь голдуу байгалийн хий хямдарч буйтай холбоотой. Өнөөдөр нүүрсний салбар АНУ-ын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 орчим хувийг бүрдүүлдэг.  

Сүүлийн 20 жилд цахилгааны хэрэглээ төдийлөн өсөөгүй тул нүүрсийг байгалийн хийгээр, мөн салхи, нарны эрчим хүчээр солих нь илүү хялбар байсан. Харин одоо хиймэл оюун ухаан, технологийн шийдлээс үүдэн бүх зүйл өөрчлөгдөж байна.

Хиймэл оюун ухаан нь өнгөрсөн онд АНУ-д цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх гол шалтгаан болсон. Үүнээс  улбаалан хий, нүүрснээс илүү их эрчим хүч үйлдвэрлэх шаардлага гарсан. Өөр нэг шалтгаан нь хүн амын өсөлт. Технологийн компаниуд хиймэл оюун ухаантай холбоотой төслүүдээ өргөжүүлснээр  энэ хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Тиймээс АНУ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлагатай болно гэсэн үг.

Цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлттэй зэрэгцэн  цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй байна. Нүүрс ч бас анхаарал татаж байгаа. Шинэ технологи нэвтэрснээр орчин үеийн нүүрсний  баяжуулах станцууд өмнөхөөсөө илүү цэвэр, бохирдол багатай  боловсруулах болсон. Тиймээс нүүрсний станцуудыг шинээр барих  сонирхол байна.

Дэлхийд нүүрсний станцуудын хүчин чадал, хэрэглээ мэдэгдэхүйц өссөн.   Өнгөрсөн онд нийт 44.1 ГВт-ын хүчин чадалтай нүүрсний  шинэ станцуудыг ашиглалтад оруулсан бол 25.2 ГВт-ын хүчин чадалтай хуучин станцууд хаагдсан. Ингэснээр нийт хүчин чадал 18.8 ГВт-аар өссөн болохыг Global Energy Monitor-ийн Global Coal Plant Tracker-ийн мэдээллээс харж болно.

2004-2024 он хүртэл дэлхий даяар жил бүр дунджаар 72 ГВт хүчин чадалтай  нүүрсний цахилгаан станцууд баригдаж байсан бол өнгөрсөн жил ердөө 42 ГВт-ыг нэмсэн. Энэ нь дэлхийд нүүрсний станцуудын бүтээн байгуулалт удааширч байгааг харуулж байна. Гэхдээ Хятад, Энэтхэг зэрэг улсууд нүүрсний  олон шинэ станц барьж байгаа билээ. Эдгээр нь зарим орнуудад хаагдсан нүүрсний  олон станцуудыг орлох чадалтай аж. Тиймээс   Хятад, Энэтхэгийн дараа  АНУ нүүрсний эрчим хүчний салбараа сэргээж эхлэв бололтой.

 

Эх сурвалж: oilprice.com