Ч.Сансар
Канадын хайгуулч, олборлогчдын чуулга уулзалт PDAC-чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотод зохион байгуулагдсан.
Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын СЕО, зах зээл судлаач, эрдсийн шинжээч, хөрөнгө оруулагчдын тавьсан илтгэлүүдийг хэлэлцэж, хайгуул судалгаа, санхүүжилт, уул уурхайд төрөөс үзүүлэх дэмжлэг, чухал ашигт малтмал зэрэг хэд хэдэн чухал сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байв.
BHP-ийн Гүйцэтгэх захирал Майк Хенри үндсэн илтгэлдээ ирээдүйд критикал минералын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. "Зэсийн эрэлт энэ зууны дунд үе гэхэд 70%-иар өсөх төлөвтэй байна. Манай салбар эдгээр ашигт малтмалыг найдвартай, хямд үнээр хангана" гэж тэрбээр хэллээ.
Канад, Австрали, Чили зэрэг оронд чухал ашигт малтмалын нөөц их байгааг онцлоод эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх, нүүрсхүчлийн хийг бууруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатайг тэмдэглэлээ.
Чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах нь эдийн засаг, улс орнуудын хөгжлийг шинэ шатанд гаргахад нөлөөтэй. Канад, Австрали, Чили зэрэг улс орнууд байгалийн баялгийнхаа өгөөжийг ард түмнийхээ төлөө зохистой ашиглаж ирсэн жишиг байна.
Юуны өмнө зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хэрвээ хөрөнгө оруулагчид найдвартай компани, түүхий эд, стандартуудыг дэмжвэл ашиг олох боломж байна. Зөвхөн зэсийн эрэлтийг хангахын тулд ойрын 5-10 жилд 250 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Хенри дурдав. Бусад критикал минералын хувьд 2040 он гэхэд 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.
S&P Global Commodity Insights компанийн уул уурхайн судалгааны захирал Кевин Мерфи хайгуулын ажилд хөрөнгө нэн шаардлагатай болохыг мөн тайлбарлажээ. Уул уурхайн хайгуул судалгааны зардал 2011, 2012 оны оргил үеэсээ эрс буурсан ч алтны хайгуул олборлолт нэмэгдэж, эрэлттэй металл хэвээр байна. Түүнчлэн зэс, уран, лити ч мөн адил зах зээлийн эрэлт нь өндөр байна.
"Хайгуул бол уул уурхайн салбарын үндэс суурь нь. Хайгуулын одоогийн зардал өмнөх үетэй харьцуулбал мэдэгдэхүйц буурч байна" гэж Мерфи хэллээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд цоо шинэ орд газрыг нээн илрүүлэхээс илүү одоо ашиглаж буй уурхайн талбайд үргэлжлүүлэн хайгуул хийхийг зорьж байна. 1990-ээд он болон 2000-аад оны эхээр шинэ орд нээхэд гол үйл ажиллагаа чиглэж, хөрөнгө оруулалт ч их татдаг байсан" гэж Мерфи танилцуулав.
Одоо энэ байдал нэгэнт өөрчлөгдсөн. Компаниуд ашиглаж байгаа орд газруудаа үргэлжлүүлэн судлах сонирхол нь нэмэгдсэн.
Мерфигийн хэлснээр, "2024 онд шинэ талбайд хайгуул хийх нь эрсдэлтэй төдийгүй зардал ихээхэн шаарддаг. Энэ нь урт хугацаанд ашигт малтмалын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ялангуяа зэсийн шинэ ордуудыг нээх нь багасч байна. Алтны хайгуул үндсэндээ одоо ашиглаж буй уурхайн талбайд төвлөрч байна. Лити, ураны хайгуулын хувьд ч батлагдсан нөөцтэй газрууд руу илүү чиглэж байна.
2025 онд хөрөнгө оруулалт удааширч, санхүүжилтийн хүндрэлтэй асуудлууд гарч ирэн зах зээлийн тодорхойгүй байдал үүссэн. Тиймээс алтнаас бусад ашигт малтмалын хувьд хайгуулын төсөв бүр ч багасах хандлагатай болсон" аж.
Хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн өсөлт
PDAC-ийн чуулганы үеэр тавьсан үндсэн илтгэлүүдээс харахад эрчим хүчний шилжилт, ашигт малтмалын нийлүүлэлтийг урт хугацаанд шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт зайлшгүй чухал гэдгийг онцолж байна.
Цахилгаан автомашин, батарей хуримтлуурын станцад өргөн ашиглагддаг литийн эрэлт хэрэгцээ нь тус салбарт хэр их хөрөнгө оруулалт шаардлагатайг тодорхойлох гол хүчин зүйл болно гэдгийг литийн хэлэлцүүлгийн үед оролцогчид онцлон тэмдэглэв.
Литийн зах зээл тогтворгүй байна. 2023 онд хэт их үйлдвэрлэлийн улмаас нийлүүлэлт нэмэгдэж, үнэ ханш нь унасан. Үүнээс гадна шинэ технологи нэвтэрсэн ч олборлолтыг нэмэгдүүлж чадахгүй байна.
Hatch компанийн захирал Сиддарт Субрамани "Хятад, Чили, Африк дахь томоохон төслүүд санхүүжилт, байгаль орчин, зөвшөөрлийн асуудлуудаас болж удааширч байгаа тул ойрын хугацаанд литийн нийлүүлэлтэд хүндрэл учрах төлөвтэй" хэмээн PDAC-ийн оролцогчдод мэдээлэв. Тус салбар дөнгөж хөгжиж буй учир олон төсөл удааширч байгаа.
Аргентинд 2027 он гэхэд литийн үйлдвэрлэл 75,000 тонноос 300,000 тонн болж өсөх төлөвтэй байна. Гэвч техникийн болон гүйцэтгэлийн саад бэрхшээлүүд тулгарч болзошгүй. Нийлүүлэлтийн хомсдол үүсч, үнэ өсөх магадлалтай, гэхдээ урт хугацаанд эдгээр хүчин зүйл нь олборлолтыг нэмэгдүүлэхэд хангалтгүй юм.
PDAC-тай зэрэг Торонто хотод зохион байгуулагдсан Benchmark Summit уулзалтад оролцогчид ч мөн дээрх сэдвийг хөндсөн байна. Benchmark Summit нь эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийн асуудлуудыг голлон чухалчилж үздэг.
Зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь нүүрсхүчлийн хийг бууруулах зорилтыг биелүүлэх, эрчим хүчний шилжилтийг дэмжихэд маш чухал үүрэгтэй. Энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд ойрын жилүүдэд Аргентин, Чили зэрэг Латин Америкын орнуудад зэсийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх томоохон боломжууд байна.
Anglo American компанийн Перу дахь салбарын Гүйцэтгэх захирал Тони Пауэр Benchmark Summit уулзалтын зочдод тус компанийн Чили дэх зэсийн уурхайн үнэлгээний өсөх боломж болон зэсийн салбарт тулгарч буй сорилтуудын талаар ярилаа.
"Зэсийн уурхай байгуулах зардал улам өсөж байна" гэж Пауэр хэлэв. “Энэхүү зардал, хөрөнгө оруулалтаа нөхөх цорын ганц арга зам нь зэсийн үнийн өсөлт.” хэмээн тэрбээр тодотгов.
Хиймэл оюун ухааны нөлөө
Эрчим хүчний шилжилтэд хэрэгцээтэй санхүүжилт, түүхий эдийн нийлүүлэлт нь PDAC чуулга уулзалтын гол сэдэв байлаа. Үүнээс гадна оролцогчид хиймэл оюун ухаан (AI) болон AI технологийн талаар сонирхон ярилцсан.
Хиймэл оюун ухаан болон эрчим хүчний хэрэглээ өссөний улмаас 2050 он гэхэд цахилгааны эрэлт 80%-иар нэмэгдэх төлөвтэй байна.
Энэхүү эрэлтийг хангахын тулд 2024 онд зарим технологийн компаниуд цөмийн эрчим хүч ашиглах гэрээ байгуулсан. Эдгээр хэлэлцээрүүд цөмийн салбар руу дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан ч реакторуудын түлш буюу ураны ислийн нийлүүлэлтэд төдийлөн ач холбогдол өгсөнгүй.
Дэлхийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд цөмийн эрчим хүч ихээхэн хэрэгтэй байгааг WMC-ийн Цөмийн түлш хариуцсан захирал Жандер ярьлаа.
"Энгийн дата төвүүдээс ялгаатай нь AI төвүүд маш их эрчим хүч хэрэглэдэг бөгөөд хөргөлтийн тусгай шингэн систем шаарддаг. Уг салбар дөнгөж хөгжиж эхэлж байгаа ч эрэлт нь хурдацтай нэмэгдэж, AI-ын үйл ажиллагаанд жил бүр 50 тераватт-цаг эрчим хүч зарцуулдаг" гэж Жандер хэлэв. 2027 он гэхэд цахилгааны хэрэглээ 100 тераватт-цагт хүрнэ.
Жандер мөн хэд хэдэн AI системээс эрчим хүчний аль эх үүсвэрийг илүүд үзэж буйг тодруулахад 4 системийн 3 нь цөмийн нэгдэх урвал (nuclear fusion) гэж хариулсан байна. Нэг нь "цөмийн эрчим хүч ашиглахыг хүсч байна" гэж хэлж.
Хиймэл оюун ухааны мэдээллийн төвүүдийн талбарлаж буйгаар зөвхөн ураны эрэлт өснө гэсэн үг биш юм. Эрчим хүчний салбарын хөгжил аль хэдийн зэсийн хомсдол үүсгэсэн. "Одоо AI-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхээр нөхцөл байдал улам дордоно" гэж McEwen Copper компанийн дэд дарга, ерөнхий захирал Майкл Мединг хэллээ.
"AI дата төвүүд асар их хэмжээний зэс, эрчим хүч шаарддаг. Мөн эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан дамжуулалтыг сайжруулах шаардлага байна" гэж тэрбээр PDAC-ийн зэсийн хэлэлцүүлгийн үеэр хэлэв. "Тиймээс энэхүү металл ирээдүйд хэр их хэрэгцээтэй болохыг төсөөлж ч чадахгүй байна." хэмээн онцолжээ.