Т.Бямбанаран
ТРАМП ГРИНЛАНДЫГ ХУДАЛДАЖ АВАХ СОНИРХЛОО ДАХИН ИЛЭРХИЙЛЛЭЭ
Дэвшилтэт технологийн салбар, тэр дундаа цахилгаан автомашин, салхин сэнс зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг газрын ховор элемент нь Хятад болон АНУ-ын хоорондох геополитикийн хурцадмал байдлын төв цэг болоод байна.
Хятад улс 2023 оны сүүлээр ховор металл боловсруулах технологи экспортлохыг хориглосон. Улмаар 2024 оны 10 дугаар сард дотоод журмаа чангатгаж, ховор металлын нөөцийг төрийн эзэмшилд авсанаа зарлаад байна.
Тус улс түүхий эдийн эх үүсвэрээ төрөлжүүлэхийн тулд төрийн өмчит компаниудаараа дамжуулан хилийн чанад дахь ГХЭ ялангуяа хүнд ховор металлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа юм.
Харин үүний хариуд АНУ Хятадаас хамаарлаа бууруулж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх дотоодын зорилгоор Хятадын цахилгаан автомашин болон критикал минералын импортод өндөр тариф тогтоосон аж.
Эдгээр зорилтоо биелүүлэхийн тулд АНУ Томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа бол Хятад улс нийлүүлэлтийн сүлжээгээ хамгаалахын тулд олборлолтоо эрчимжүүлж байна.
2024 оны 4 дүгээр сард АНУ-ын Эрчим хүчний яам нүүрсний дайвар бүтээгдэхүүн ашиглан ГХЭ болон критикал минерал боловсруулах технологи зориулан 17.5 сая ам.доллар хөгжүүлэхэд хуваарилжээ.
Түүнчлэн ГХЭ-ийг дотооддоо олборлох. Боловсруулах, тэр дундаа Неодим-төмөр-борын соронз (NdFeB) үйлдвэрлэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, 2026 оноос эхлэн Хятадаас импортолдог NdFeB соронзон материалд 25%-ийн тариф ногдуулах аж.
Үүний зэрэгцээ Дональд Трамп Гринландыг худалдаж авах сонирхлоо дахин илэрхийлээд байна. Учир нь, Гринландад ховор металлын нөөц ихтэй, тус бүсэд пуужингаас хамгаалах систем ажилладаг, мөн Арктикийн худалдааны төв зам байрладаг зэрэг стратегийн олон давуу талтай.
Гринландын газарзүйн байршил нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон далайн тээвэрт чухал ач холбогдолтой байхаас гадна Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Арктикийн мөс хайлж, их хэмжээний ГХЭ-ийн нөөц ил болох ажээ.
Гринланд нь 1.5 сая тонн ховор металлын нөөцтэй, дэлхийд 8-т бичигдэж байгаа нь их гүрнүүдийн сонирхлыг татаад байгаа аж.
Тус бүс нутагт цахилгаан бараа, батарей үйлдвэрлэлд чухал үүрэгтэй лити, циркон зэрэг ГХЭ агуулагддаг хэмээн "The Pulitzer Center мэдээлжээ.
"Statista" судалгааны байгууллагын үзэж байгаагаар дэлхийн хэмжээнд ГХЭ-ийн нийт нөөц ойролцоогоор 110 сая тонн байдаг аж. БНХАУ 44 сая тонн нөөцтэй гэдгээрээ дэлхийд ноёрхсоор байгаа. Удаах байранд Вьетнам, Бразил, Орос, Энэтхэг зэрэг орнууд багтана. АНУ 1.8 сая тонн нөөцтэй.
ГХЭ-ИЙН 2025 ОНЫ ТӨЛӨВ
Австралийн Lynas Rare Earths компани өнгөрсөн оны 11 дүгээр сарын 27-нд болсон жил бүрийн нэгдсэн хуралдааны үеэрх танилцуулгадаа, "Хятадын эдийн засаг тогтворжих хүртэл ГХЭ-ийн үнэ тогтворгүй хэвээр байна" гэсэн нь хатуу боловч бодит дүгнэлт аж. Хятадын үл хөдлөх хөрөнгө, барилгын салбараас неодим-төмөр-бор соронзын эрэлтийн гуравны хоёр нь хамаардгийг сануулсан чухал үг байв.
Гэвч нөгөө талаас 2025 болон 2026 оны эхний хагаст тус элементүүдийн нөөц багасаж, үнэ өснө хэмээн зарим шинжээчид үзэж байна.
Дэлхий дахинд соронзын эрэлт сүүлийн 5 жилийн өсөлттэй адил 2025 онд нэмэгдэх ч урьд өмнөх хүлээлт шиг тийм хурдан өсөхгүй байх магадлалтай ажээ.
"ГХЭ-ийн үнэ 5-9%-иар нэмэгдэнэ" хэмээн шинжээчид өөр өөрсдийн өнцгөөр таамаг дэвшүүлж байна.
Ирэх онд зах зээлд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл нь Мьянмар улс юм. Качины тусгаар тогтнолын арми Мьянмар дахь ГХЭ- ийн уурхайг хяналтдаа авч, Хятад улс хилээ хаагаад байна. Эцэст нь, тус хоёр орны хооронд аммонийн сульфат болон ГХЭ-ийн худалдаа царцсан." гэж The Rare Earths Observer судалгааны байгууллагын үүсгэн байгуулагч Томас Круеммер хэлжээ.
Тэрээр яриандаа, "2024 оны эхний 9 сард Хятад улс Мьянмараас 40,000 тонн түүхий эд импортолсон. Хэрэв энэхүү импорт цаашид зогсвол ховор элементийн үнэд томоохон нөлөө үзүүлнэ" гэсэн юм.
Мьянмар улсын ГХЭ-ийн нийлүүлэлт үе үе тасалддаг учир Хятад улс дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилт тавьсан. 2024 онд Мьянмарын "Качин тусгаар тогтнолын арми" томоохон ордуудыг хяналтдаа авсан нь Хятад руу нийлүүлдэг ховор металлын ислийн экспортод саад учруулжээ.
ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ЭСРЭГ ХЯТАДЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ
"Ройтерс" агентлаг суурь металлын шинжээчдийг оролцуулан судалгаа явуулжээ Тус судалгааны тайланд газрын ховор элементийн гол бүтээгдэхүүн болох цайр зэс, никель болон цагаан тугалганы ирэх жилийн зах зээлийн ханшийн төлөв байдал ямар байхыг дэлгэрэнгүй харууллаа.
Лондоны металлын бирж дээр (LME) 2025 онд үнэ нь хамгийн ихээр өсөх түүхий эд бол хөнгөн цагаан гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус металлын нийлүүлэлт багасаж, эрэлт нэмэгдэх төлөвтэй байна.
Энэ онд цайр, зэс, цагаан тугалганы үнэ 2024 оныхоос илүү өндөр байна хэмээн "Ройтерс" агентлагийн суурь металлын судалгаа харуулжээ.
Дэлхий дахинд өрнөөд буй тарифын дайнаас үүдэн зэс, цагаан тугалга, никель, хар тугалганы үнэ буурна гэж өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан суурь металлын судалгаанд дурдаж байв. Учир нь эдгээр металлын эрэлт хэрэгцээ эрс буураад байсан юм.
Хөнгөн цагааны үнэ 2025 онд өснө
Лондоны металлын бирж дэх хөнгөн цагааны үнэ 2024 онд 4.9%-иар өссөн бол онд дахин 6.3%-иар нэмэгдэж, нэг тонн нь 2573.50 ам.долларт хүрнэ гэсэн шинжээчдийн таамаглал бий.
Энэ нь хөнгөн цагааны нөөц багассанаас үүдсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, зах зээлд 100.000 тонн хөнгөн цагааны илүүдэл үүснэ гэсэн нь эрс өөрчлөгдөж, бүр эсрэгээрээ 8.000 тонны хомсдолд ороход хүрээд байна.
Цаашилбал, 2026 онд энэхүү хомсдол 365.000 тоннд хүрэхийг ч үгүйсгэхгүй бөгөөд дундаж үнэ нэг тонн нь 2.626 ам.долларт хүрэх магадлалтай.
Үүний нэг шалтгаан нь хөнгөн цагааны үйлдвэрлэлд ашигладаг гол түүхий эд болох хөнгөн цагааны ислийн нөөц хязгаарлагдмал байгаад оршино. Гэхдээ үнэ өсөхөд нөлөөлсөн гол асуудал нь БНХАУ- ын хайлуулах үйлдвэрийн хүчин чадалтай салшгүй холбоотой.
Хятад улсын хувьд хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадлаа 45 сая тонноор хязгаарласан. Тус улс жилд дунджаар 43.9 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэж байгаа нь дээрх хүчин чадалд тулж ирснийг илтгэж байна.
Хөнгөн цагааны хамгийн том үйлдвэрлэгч Хятад улс цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадахгүй бол бусад улсууд энэ орон зайг хэрхэн нөхөх нь бүрхэг байна.
Цайрын үнийн өсөлт удааширна
Цайрын үнэ энэ онд 4.2%-иар нэмэгдсэнээр тонн тутамдаа 2,895 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь харьцангуй эерэг үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч энэ байдал удаан үргэлжлэхгүй.
Зах зээлд их хэмжээний цайрын илүүдэл үүснэ хэмээн шинжээчид таамаглаж байсан юм. Гэвч олборлолт буурахын хэрээр нийлүүлэлт Нь мэдэгдэхүйц багасжээ.
Харин энэ онд дэлхий дахинд цайрыг их хэмжээгээр олборлож, нөхцөл байдал өөрчлөгдөнө.
Өөрөөр хэлбэл, цайрын үнэ 2025- 2026 онд буурах бол хар тугалганы үнэ 2,050 ам.долларт тогтвортой байна гэдгийг дурдах нь зүйтэй.
Цагаан тугалгын үнийг таамаглахад бэрх
Сүүлийн хэдэн жилийн турш цагаан тугалганы зах зээл тун тогтворгүй байсаар ирлээ. Гагнуурын гол түүхий эд болгон ашигладаг энэхүү металлын үнэ цаашид хэрхэхийг таахад бэрх.
Өмнөх жилтэй харьцуулахад 2025 онд үнэ нь 2.6%-иар өснө гэж шинжээчид таамагласан. Өөрөөр хэлбэл, тонн тутамдаа 23,750-33,000 ам.долларт боломжтой хүрэх гэсэн үг. Харин 2026 оны хувьд 37,000 ам.долларт ч хүрч магадгүй юм.
Зэсийн үнийн төлөв тодорхойгүй байна
Зэс бол эдийн засгийн өөрчлөлтөд хамгийн өртөмтгий металл. Иймдээ ч үнэ нь байнгын хөдөлгөөнд оршдогт гайхах зүйл алга.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын бараанд 10%- ийн татвар ногдуулснаар дэлхийн эдийн засгийн төлөв байдал улам дордож байна.
Хятад улс хариу арга хэмжээ авч, талуудын хооронд яриа хэлэлцээ өрнөсөн нь худалдааны дайн даамжрахаас сэргийлнэ гэх найдвар төрүүлсэн. Гэсэн хэдий ч Хятад улс дэлхийд ээс худалдан авалтаараа тэргүүлдэг тул худалдааны дайн нь тус металлд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.
Никелийн үнэ цаашид нэмэгдэнэ
"Ройтерс"-ийн судалгаанд Оролцсон шинжээчид никелийн үнэ 2024 оны таамаглалаас 5.9%-иар буурч, нэг тонн нь 16.265 ам.доллар болно гэж үзсэн. Учир нь, тус металлын нийлүүлэлт хангалттай байгаад зогсохгүй Лондоны хөрөнгийн биржид илүүдэл үүсээд байна.
Харин ирэх онд никелийн үнэ сэргэж, дунджаар нэг тонн нь 17,637 ам.доллар болж өсөх аж. Үүний цаад шалтгаан нь Индонез улстай холбоотой. Дэлхийд никелийн олборлолтоор тэргүүлэгч тус улс зах зээл дэх үнийг тогтворжуулахын тулд үйлдвэрлэлийн өсөлтөө сааруулах аж.
Никелийн хувьд 2025 болон 2026 онд зах зээлд илүүдэл үүсэх төлөвтэй байгаа ч үнэ нь өсөх шинж ажиглагдахгүй байна. Тус металлын үнэ өнгөрсөн жил ойролцоогоор 22%-иар унасан юм.