Т.Бямбанаран
БНХАУ болон Монгол Улсын хооронд хос царигтай төмөр замын барилгын ажил эхлэх гэж байна. Энэхүү төмөр зам нь коксжих нүүрсний тээврийг 30%-иар нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Сүүлийн үеийн тооцоогоор уг төслийг 4 дүгээр сард эхлүүлж, 2028 онд дуусгахаар төлөвлөсөн аж.
Хоёрдугаар сард гаргасан мэдээллээр 240 км урттай хос царигтай төмөр зам нь Монголын Тавантолгойн нүүрсний уурхайгаас Хятадын хил дээр орших Гашуунсухайтын боомт хүртэл үргэлжлэх юм байна. Хоёр улсын төмөр замын цариг нь хоорондоо ялгаатай байдгийг онцлох нь зүйтэй. Монгол Улс ОХУ-ын стандартын (1,520 мм) цариг хэрэглэдэг бол Хятад улс Европын стандартын (1,435 мм) цариг ашигладаг.
Тэрхүү ялгаанаас үүдэн хил дээр нүүрсний тээврийг Монголын галт тэрэгнээс Хятадын галт тэргэнд шилжүүлэн ачих шаардлага үүсдэг. Харин хос царигтай төмөр зам баригдсанаар энэ үйл явц шаардлагагүй болж, хил дамнасан тээвэр саадгүй үргэлжлэх боломж бий болох юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Хэйлунжян мужийн Харбин хотноо хийсэн уулзалтын дараа Монголын Засгийн газар уг хэлэлцээрийг зарласан билээ.
Тавантолгойн уурхай нь дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын нэг бөгөөд нийт нөөц нь 6.4 тэрбум тонн гэсэн тооцоо бий. Үүнээс 40 хүртэлх хувь нь коксжих нүүрс юм. “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн мэдээлснээр Монгол Улс 2024 оны эхний долоон сард Хятад руу 34.5 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үед гаргасан 26.6 сая тонноос эрс нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Монгол Улс Хятадын коксжих нүүрсний голлох нийлүүлэгч боллоо
Ийнхүү Хятад улсын нийт импортын 51.1%-ийг бүрдүүлснээр Монгол Улс коксжих нүүрсний гол нийлүүлэгч орон болжээ. Нөгөөтээгүүр, Хятад улс 2020 онд Австралийн нүүрсэнд хориг тавьсан ч 2023 оны эхээр цуцалж, коксжих нүүрсний импортоо сэргээсэн.
Гангийн үйлдвэрүүд коксжих нүүрсийг боловсруулан кокс гаргаж авдаг. Үүнийг тэд домен зууханд хийж, төмрийн хүдрийг хайлуулан түүхий төмөр үйлдвэрлэхэд ашигладаг. Тиймээс кокс нь зөвхөн дулаан ялгаруулах бус, төмрийн хүдрийг цэвэр төмөр болгон хувиргах химийн урвалд оролцох чухал үүрэг гүйцэтгэдэг.
Дэлхийн гангийн холбооноос мэдээлэхдээ, Хятадын ган үйлдвэрлэгчид энэ оны 1 дүгээр сард нийт 81.9 сая тонн түүхий ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийн 86.8 сая тонноос 5.6%-иар буурсан гэжээ.
Эх сурвалж: oilprice.com