Дэлхийн эдийн засгийн төлөв байдал, улс орнуудын түүхий эдийн хязгаарлалт, үнэ ханшийн хэлбэлзэл зэрэг гадаад хүчин зүйлүүд манай улсын эдийн засагт богино хугацаанд хүчтэй нөлөөлж байна. Эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, хэрэгцээ болон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
А. Халиун
ХЯТАДЫН КОМПАНИУД БОРЛУУЛААГҮЙ НҮҮРСНЭЭС 250 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН
2025 он гарсаар Хөрөнгийн биржээр хэчнээн тонн уул уурхайн түүхий эд / нүүрс, зэс, төмөр, жонш борлуулаад байна вэ? Сүүлийн саруудад нүүрсний экспортын хэмжээ, үнэ буурсан зэргийн шалтгаан нь юу вэ?
2024 оны 3 дугаар сарын хагаст уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын дүн 2.2 их наяд төгрөгт хүрч байсан. Гэтэл энэ оны 3 дугаар сарын 14-ний байдлаар борлуулалтын орлого 633 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин буураад байна. Гол шалтгаан нь нүүрсний борлуулалттай холбоотой.
Зах зээлийн хүчин зүйл зэрэг үнэ ханшид нөлөөлсөн олон шалтгаан бий. Нэгдүгээрт, нүүрсний үнэ оргил үеэс 44% буураад байна. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлт дээр үнэ тогтдог. Эрэлт буурахад үнэ унаж байна. Эрэлт унах болсон гол шалтгаан нь Хятадын өнөөдрийн дотоодын зах зээлийн хэрэгцээ ба гангийн үйлдвэрүүдийн эрэлт буурсантай холбоотой.
Хятад улсын XIV таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан гангийн үйлдвэрлэлийг бууруулах ажлын хүрээнд нүүрсний худалдан авалт 2025 онд багасч, биржийн арилжаанд оролцох Хятадын компаниудын тоо цөөрсөн. Урд хөрш гангийн жижиг үйлдвэрүүдээ хааж, том үйлдвэрүүдээ авч үлдэх бодлого баримталж байна. Хятадын зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн уналт жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаатай холбоотой дэд бүтцийн бүтээн байгуулалт, баригдахаар төлөвлөсөн томоохон обьект, барилга байгууламжийн тоо ч эрс багассан.
Хоёрдугаарт, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хэрэгжүүлж буй татварын бодлого дэлхийн эдийн засагт тааварлашгүй нөхцөл байдал үүсгэлээ. Трамп Хятадын гангийн нийлүүлэлтэд 25%- ийн нэмэлт тариф тогтоосон. Сөргүүлээд Хятадын Худалдааны яамнаас Америкийн бараануудад ч тодорхой хэмжээний тариф тавьсан.
Энэ бүхэн тодорхойгүй хугацаанд тааварлашгүй нөхцөл байдлыг бий болгож, өмнө нь төлөвлөж байсан хөрөнгө оруулалтууд ч буурч эхэлсэн. Тэгэхээр нүүрсний үнийн уналтын цаана энэ бүх үйл явц өрнөж байна.
Шаньси мужийн үйлдвэрлэл өнгөрсөн жил уналттай байсан бол энэ жил нэлээд сэргэж байна. Шаньси нь Хятаддаа нүүрс олборлолтоор тэргүүлдэг муж. Тэнд үйлдвэрлэл нэмэгдэхэд манай экспорттой өрсөлдөнө гэсэн үг. Тэгэхээр нэг талаас Хятадын дотоодод үйлдвэрлэл нэмэгдэж, нөгөө талаас эрэлт буурахад дагаад үнэ унах нь дамжиггүй.
Гурав дахь том хүчин зүйл нь, үнийн оргил үед худалдан авалт хийсэн урд хөршийн компаниуд цааш борлуулахдаа их хэмжээний алдагдалд орж байна. Үнэ унасантай холбоотой хилийн цаана 4 сая тонн нүүрсний овоолго үүсээд, борлуулахад хүндрэл үүссэн байгаа. Манай арилжаанд идэвхтэй оролцогч Хятадын компаниуд борлуулаагүй нүүрснээс 250 сая ам.долларын алдагдал хүлээсэн. Ийм хэмжээний алдагдал үүрүүлэх эрсдэлтэй зохицуулалт үйлчилсээр байвал нүүрс худалдан авагчдын тоо цаашид улам буурна.
Хилийн цаана яагаад ийм их хэмжээний нүүрсний овоолго үүссэн юм бол?
Түүхий эдийн агуулахад тодорхой хэмжээний үлдэгдэл байдаг. Гэхдээ илт нэмэгдсэн нь өнгөрсөн жилийн хоёрдугаар хагас буюу 7, 8 дугаар сараас эхтэй болов уу. Тухайн үед нүүрсний үнэ нэлээд унасан. Компаниуд мөнгөө төлөөд нүүрсээ өндөр үнээр авсан учир борлуулж чадалгүй агуулахдаа хадгалаад байснаас үүдэлтэй.
ҮНИЙН ЗӨРҮҮНЭЭС МОНГОЛ УЛС 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛСОН
Гадаад нөхцөл байдал, эрэлт багасч, үнийн уналт ажиглагдаж байгаа ч цаашид нүүрсний биржийн арилжааг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ? Ийм эрсдэл тулгарсан үед түүхий эдээ биржээр борлуулахын давуу тал юу вэ?
Анхны үнэ болон дуудлага худалдааны сүүлийн үнэ хоёрын зөрүүнээс Монгол улс 1.3 их наяд төгрөгийн орлого олсон байдаг.
1.3 их наяд төгрөг бол Монголын бүх хүүхдэд нэг жилийн турш олгох хүүхдийн 100 мянган төгрөгийн төсөв. Биржийн арилжааны давуу тал нь эндээс харагдана. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг санаачлан батлуулж, хэрэгжүүлэн ажилласан үе үеийн сайд нарт биржийн арилжааны үр шимийг хүртэж буй хүмүүс талархах ёстой.
Бас нэг онцлох ёстой давуу тал н ил тод байдал. Худалдан авагчдын тулгамдсан нэг асуудал нь биржийн арилжаанаас өмнө дундын зуучлагчдаар дамжуулан хязгаарлагдмал хүрээнд сонголт хийж байсан тул сайн чанарын нүүрс авъя гэсэн ч хуссан бүтээгдэхүүнээ худалдан авч чадахгүй байсан үе бий. Биржээр арилжаалах болсноор эрсдэлээ хүлээж чадвал ямар ч компани арилжаанд оролцоод худалдан авалт хийх боломж нь нээгдсэн. Үүнд худалдан авагчид талархаж байна.
Нөгөө талаас нүүрсний хулгай зогссон. Өмнөх шиг танил тал ихтэй нь худалдан авдаг байдал зогссон, зах зээлийн зарчмаар хамгийн өндөр үнэ санал болгосонд борлуулж байна гэсэн үг. Тэгвэл одоо "Биржээр арилжаалах нь буруу юм байна" гэсэн яриа цухалзаж эхэлсэн нь энэ салбарт дахин хулгай нүүрлэх явуургүй санаа гэдгийг онцолж хэлье. Улстөрчид ийм зүйл битгий яриасай гэж хүсэж байна.
Засгийн газрын шийдвэр гарч, Сангийн сайдаар ахлуулсан Экспортыг дэмжих Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт Хөрөнгийн биржийн төлөөлөл багтсан. Та бүхэн ямар үүрэг чиглэлтэй ажиллах вэ?
Аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэхэд төгс болж чаддаггүй, явцын дунд сайжруулалт хийх шаардлага үүсдэг. Тэгэхээр Биржийн арилжааг анх эхлүүлэхдээ дуудлага худалдааны үнийг анх тогтоосон тэр үнээр 6 сар, 1 жил хүртэлх хугацаанд нийлүүлэх гэрээнүүд хийсэн байдаг. Үүнээс болж маш олон харилцагч хохирол хүлээсэн.
Жишээ нь, анх тонн нүүрс 160 ам.доллароор борлуулах гэрээ хийсэн байхад өнөөдөр ханш 110 ам.доллар хүрэхгүй байна. Тонн тутамд 50-60 ам.долларын алдагдал хүлээж байна гэсэн үг. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол урт хугацаагаар гэрээ хийж, худалдан авалт хийх компани олдохгүй болно.
Тэгэхээр энд ямар зохицуулалт хийж байна вэ?
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны шинэчлэгдсэн журмыг баталж, энэ оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах шинэчилсэн журмыг худалдан авагчдад танилцууллаа.
Зах зээлийн үнийн индексийг дагаж, гэрээнд тусгасан анхны үнэ өөрчлөгдөх зохицуулалтыг оруулснаар нүүрсний арилжаа нэмэгдэнэ гэж үзэж байна. Тэгэхээр илүү урт хугацаатай гэрээ хийх сонирхолтой компаниуд биржийн арилжаанд оролцох идэвх нь сэргэнэ.
Харин одоо үүсээд буй нөхцөл байдалд нүүрсний үнэ дахин унавал эрсдэлд орно гэж болгоомжилж буйгаас компаниуд арилжаанд оролцохгүй байна. Энэ асуудлыг шийдэж, урт хугацааны тоглогчдыг арилжаанд оруулж ирэхийг хүсэж буй юм. Ингэснээр эцсийн дүндээ арилжаанд оролцогч бүх талууд хожих юм.
Та Хөрөнгийн биржийн захирлаар томилогдож ирснээс хойш ямар асуудалд гол анхаарлаа хандуулав?
Зах зээлийн нүүрсний үнэ унавал борлуулалтын үнэ дагаж унадаг. Өсвөл дагаж өсдөг дээрх нөхцөлийг нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын албанд томилогдож ирснээс хойш сарын дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар. Татварын ерөнхий газартай хамтарсан уулзалтыг 2 дугаар сарын 24-ний өдөр хийсэн. Дээрх байгууллагуудад албан бичиг хүргүүлж, яамдаас санал авч, нэгтгэн Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн хурлаар батлуулсан. Мөн Санхүүгийн зохицуулах хороо баталсан. Энэхүү шинэ журам 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ийнхүү мөрдөгдөж эхэллээ. Миний харж буйгаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн шинэчлэлийн хүрээнд хийх 4 үе шаттай ажлын эхнийх нь энэ. Худалдан авагч талтай хийсэн гэрээний хатуу үнэ нь тулгамдсан асуудал байсан учир эхний шатанд шийдвэрлэхийг зорьсон. Шинэчлэгдсэн журам одоо хэрэгжээд эхэллээ.
Дараа нь жин, чанарын асуудал гэх мэт худалдан авагч талд эргэлзээ төрүүлдэг, арилжаанд оролцоход сөргөөр нөлөөлдөг асуудлууд бий. 6-9 дүгээр саруудад нүүрсний чанарын асуудлыг шийдвэрлэнэ.
Гурав дахь шатанд жишигт нийцүүлэн олон улсын хилийн цаана бүтээгдэхүүнийг хүлээн авах бүрдүүлнэ. нөхцөлийг Цаашлаад Монголын Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах биржийн арилжаанд гадны олон улс орон оролцох боломжийг бүрдүүлнэ. Үүний тулд системийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл. холболт, аюулгүй байдлын чиглэлээр жилийн турш технологийн шийдэл, дэд бүтцээ бүрдүүлэх шаардлага бий. Магадгүй хоёр жил дамнан үргэлжилж ч болох юм.
ЭНЭ ОНД 60 МЯНГАН ТОНН ЗЭС БИРЖЭЭР АРИЛЖААЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН
Олборлогч компаниудын борлуулалтын захиалга хэр байна вэ? Эрдэс бүтээгдэхүүний биржийн арилжаа одоогоор ямар түвшинд явагдаж байгаа бол?
Манай нийлүүлэгч компаниудын хувьд бүтээгдэхүүнээ зарж борлуулахад бэлэн байна. Гэвч дээр дурдсан үнийн уналт, хилийн цаана үүссэн овоолго нүүрс, арилжаанд идэвхтэй оролцож байсан компаниудын хүлээсэн томоохон хэмжээний алдагдал зэргээс шалтгаалж хүлээлтийн байдалтай байна.
2025 онд арилжаалахаар төлөвлөсөн төмрийн хүдрийн 60%-ийг буюу нийт 2 сая тонн төмрийн хүдрийг эхний 2 сард борлуулаад байна. Яагаад ингэж хурдан борлуулах болов гэхээр цаашид төмрийн хүдрийн үнэ унах эрсдэл бий. Тиймээс төмрийн хүдрийн ханш өндөр байгаа дээр нь борлуулсан нь манай улсад ашигтай. Манай улс төмрийн хүдэр, нүүрсний арилжааг төлөвлөсний дагуу хийж чадвал энэ хоёр түүхий эдийн борлуулалтаас экспортын гол орлого бүрдэх юм.
Харин зэсийн борлуулалт ямар түвшинд байна вэ?
2025 онд 60 мянган тонн зэс биржээр арилжаалахаар төлөвлөсөн. 5000 тонныг 2 дугаар сард борлуулсан. Европын компани арилжаанд оролцож, худалдан авалт хийсэн. Зэсийн арилжаа амжилттай явагдаж, одоогоор ямар нэгэн асуудал үүсэхгүй байх гэж харж байна.
Нүүрсний эрэлт үнийн уналт, буурсантай холбоотой улсын төсөвт дарамт ирэх болгоомжлол бий. Шинэ харилцагч, худалдан авагчийг татах боломж байна уу? Монгол Улс нүүрсний зах зээлд цаашид хүчтэй өрсөлдөгч байж чадах уу.
Нүүрсний зах зээлд Монгол Улс ОХУ болон Австрали, Индонезтэй өрсөлдөнө. Энэ өрсөлдөөн дунд хэрхэн давуу байдал олохыг өнөөдөр бодож, магадгүй үнийн уналтыг эерэгээр харж, ашиглаж чадвал ирээдүйд Хятадын нүүрсний импортын зах зээлд одоогийнхоос илүү томоохон тоглогч болох боломжтой.
Жишээлбэл, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболт эхний давуу тал байх болно. Дараагийн шатанд Ханги- Мандал, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг холбож чадвал тээврийн өртөг зардал буурч, тэр дундаа Хятадын Өвөрмонголын Өөртөө засах орны төмөрлөгийн үйлдвэрүүдэд ойр, илүү давуу талтай харилцагч болох боломжтой.
Гашуунсухайт Ганцмод төмөр замын хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсанаар уул уурхайн түүхий эдийн экспортод чухал нөлөө үзүүлнэ.
Төмөр зам баригдсанаар биржээр арилжигдсан болон арилжаанд оролцоогүй аж ахуйн нэгжүүдийн нийт Монгол Улсын жилд экспортлох нүүрсний хэмжээ өснө. Хилээр гаргах чадамж жилд багадаа 15 сая тонноор нэмэгдэх учир эдийн засагт ч үр ашиг ихтэй.
Трампын тариф манай гол харилцагч Хятадын эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх вэ? Энэхүү нөлөө Монголд хэрхэн тусах бол?
"Трамп тариф" Америкт үйлдвэрлэлийн зардлыг өсгөхөөс гадна инфляцыг хөөрөгдүүлж байна. Энэ хэрээр Америкийн өрсөлдөх чадвар буурах болов уу. Америкийн импорт ч буурна. Тэгэхээр Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Судалгаанаас харахад "Трамп тариф"-аас болж Хятадын эдийн засгийн өсөлт 0.2%-иар буурна гэж дүгнэсэн. 0.2% гэдэг өрхийн эдийн засагт бага боловч хэдэн арван триллион доллароор яригддаг Хятадын эдийн засагт том үзүүлэлт. Тэр хэмжээгээр манай улсад сөрөг нөлөөтэй.
Тэгэхээр манай улс экспортын гол түүхий эд нүүрс, төмрийн хүдрийг ахиухан экспортолж, түүхий эдийн өрсөлдөөнд цаг алдалгүй идэвхтэй оролцож чадвал энэ үеийг алдагдал багатай давах нөөц боломж бий гэж харж байна.
Хонконгийн Хөрөнгийн бирж дээр "Энержи ресурс"-ийн толгой компани "Mongolian Mining Corporation" компанийн хувьцааны ханш унаж байгаа нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, стратегийн ордуудын 34%-ийг төрд авах тухай Засгийн газрын шийдвэртэй холбоотой юу?
Өнөөдрийн байдлаар Хөрөнгийн биржийн хувьцаа ч уначхаад байна. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа буурахад Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны шимтгэл буурна. Ашиг буурч байгаа учир хувьцааны үнэлгээ ч тодорхой хэмжээгээр буурна. Үүнтэй нэгэн адил нүүрсний үнэ буурч байгаа үед нүүрс худалдаалдаг компаниудын үнэ дагаад л унаж байна.
Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, улстөрчдийн гаргаж буй зарим нэг мэдэгдэл хөрөнгө оруулалт, зах зээлд эмзэг тусч, сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Зөв зорилгын төлөө буруу замаар явж болохгүй. Зорилго нь аргаа зөвтгөхгүй гэж би хувьдаа харж байна.