Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ДЭЛХИЙН ЭРДСИЙН ЗАХ ЗЭЭЛ ТААМАГЛАХАД БЭРХ, ТОГТВОРГҮЙ БАЙНА

Т.Бямбанаран

Eрөнхийлөгч Трампын хувьд тариф ноогдуулах нь цоо шинэ зүйл биш аж. Дональд Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд худалдааны дайн өдөөж байсан түүхтэй. 2017 онд түүний эхлүүлсэн тарифын дайн гол төлөв Хятад руу чиглэж байв.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны үед тус татварын ихэнх хэсэг нь хүчин төгөлдөр үлдсэн. Тэрээр 2022 онд хагас дамжуулагч болон чип үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Хятадад худалдахад хязгаарлалт тавьж, 2024 онд Хятадын цахилгаан машин, нарны хавтан, ган, хөнгөн цагаан, эмнэлгийн тоног төхөөрөмжөөс авах татвараа нэмэгдүүлж байсан.

Ерөнхийлөгч Дональд Трамп албан үүргээ хүлээн авмагцаа Америкийн худалдааны хамгийн том түншүүд болох Мексик, Канад, Хятадын эсрэг худалдааны дайныг дахин зарлаад байна.

Тухайлбал, Мексик болон Канад улсын импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа ган болон хөнгөн цагаанд 25%-ийн гаалийн татвар ногдуулсан бол Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа хоёр дахин нэмэгдүүлж, 20% болгожээ.

Харин үүний хариуд "Хэрэв АНУ дайныг хүсэж байгаа бол тарифын болон худалдааны дайн эсвэл бусад төрлийн ямар ч дайнд эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн" хэмээн АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яам твиттер хуудсандаа нийтэлжээ. Ийнхүү дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн худалдааны дайнд эргэлт буцалтгүй татагдан орж буй нь тодорхой боллоо.

Их гүрнүүдийн хооронд худалдааны дайн эрчээ авч буй энэ цаг үед дэлхийн эрдсийн зах зээл таамаглахад бэрх, тогтворгүй болж байна. Үүний нөлөөгөөр Монгол улсад давуу болон сул тал үүсэх тухай "Голомт" банкны зохион байгуулсан "Алтны Форум-2025" уулзалтын үеэр эдийн засгийн шинжээчид ярьсан билээ. Эерэг тал нь БНХАУ руу импортлох коксжих нүүрсний зах зээлд АНУ-ын орон зайг нөхөж, нүүрсний биет хэмжээ өсөх магадлалтай. Мөн зэс, алтны хилийн үнэ нэмэгдэж, экспортын орлого өсөх нь тодорхой байна. Гэвч нөгөө талаас нүүрсний хилийн үнэ буурч, уул уурхайн салбарын өсөлт саарах эрсдэл үүсэж болзошгүй аж.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

АНУ газрын TOC, байгалийн хийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч орон төдийгүй дэлхийн 70 гаруй оронд нүүрс экспортолдог. Хятад улс 2023 онд АНУ-ын нүүрсний 5 дахь том зах зээл болсноор нийт экспортынх нь 6.46%- ийг эзэлж байна. 2024 оны III дугаар улиралд Хятад улс Америкаас 3.675 сая тонн нүүрс импортолсон нь Энэтхэгийн дараа орох 2 дахь том худалдан авагч болоход нөлөөлсөн аж.

Өнгөрсөн онд АНУ-аас Хятад руу экспортлох коксжих нүүрсний хэмжээ 33%-иар өсөж, 1.84 тэрбум ам.долларт хүрсэн нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн эрэлт их байгааг харуулж байна.

Ерөнхийлөгч Трамп Хятадаас импортолж буй бүх бүтээгдэхүүнд 10%-ийн татвар ногдуулсны хариуд Бээжин /2025.02.04/ АНУ-ын нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийд 15%- ийн импортын татвар, газрын тосонд 10%-ийн татварыг тус тус ногдуулсан.

2023 онд Хятад улсын импортын түүхий нефтийн ердөө 1.7%-ийг АНУ-ын экспорт эзэлж байсан нь Америкаас хараат биш болохыг харуулж байна. Иймээс эдийн засагт үзүүлэх тарифын нөлөөлөл бага байх магадлалтай.

Хятад улс нүүрсний импортоор дэлхийд тэргүүлэгч орон бөгөөд ихэнх түүхий эдийг АНУ-аас гадна Индонез, ОХУ, Австрали болон Монголоос авдаг.

Ийнхүү тарифын шинэ зохицуулалтаас үүдэн Хятад улс Орос, Монгол зэрэг улсаас авах нүүрсний хэмжээ нэмэгдэнэ гэж олон улсын шинжээчид үзэж байна.

АНУ-ын нүүрс Хятадын зах зээлээс ийнхүү шахагдаж буй нь Канад болон Австрали улсууд тарифын дайнаас ашиг хүртэх магадлалтай аж.

Эдгээр хоёр улсын Хятад руу экспортлох боломж нь нэмэгдэж, дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн урсгалд томоохон өөрчлөлт орно.

АНУ-ЫН ТАРИФ ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДОНСОЛГОВ

Зах зээлийн тодорхойгүй байдал, худалдааны дайн болон нийлүүлэлтийн хэмжээнээс үүдэн зэсийн үнэ өсч байна. Саяхан Ерөнхийлөгч Трамп зэсийн импортод 25%-ийн татвар ногдуулж магадгүй тухайгаа Конгрессын танхимд хэлсэн үгэндээ мэдэгдсэний дараа тус металлын үнэ 5%-иар огцом нэмэгдэв. Үүний улмаас биржийн трейдэрүүд тус бодлого хэрэгжиж эхлэхээс өмнө зэсийн нөөцөө бүрдүүлэхээр яаравчлаад байна.

Энэхүү мэдэгдлийн дараа Нью-Йоркийн Сотех биржид зэсийн үнэ огцом өсөж, Лондоны металлын биржийн үнээс бараг 12%-иар давлаа. Энэхүү үнийн зөрүүнээс үүдэн тариф хэрэгжихээс өмнө АНУ руу нийлүүлэх зэсийн урсгал эрчимжлээ. Тус улсын үйлдвэрлэгчид ч мөн болзошгүй эрсдэл, нэмэлт зардлаас зайлсхийж, нөөц бүрдүүлж эхэлжээ. 

ЗЭСИЙН НӨӨЦ БА НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХОМСДОЛ

Зэсийн үнэ ханшийг улс төр, эдийн засаг, нийлүүлэлтийн олон хүчин зүйл тодорхойлж байна. Дэлхийн худалдааны урсгал өөрчлөгдөж, нийлүүлэлтийн сүлжээнүүд шинэчлэгдэж байгаа энэ үед зэсийн зах зээлийн нөхцөл байдал ойрын саруудад анхаарал татахуйц хэвээр байх нь ээ.

Зарим шинжээчид ирэх 2 жилийн хугацаанд зэсийн үнэ 75%-иар өсөж магадгүй гэж үзэж байна. Гэвч АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширвал зэсийн эрэлт дагаад суларна. ВНР компани дэлхийн зэсийн эрэлт 2050 он гэхэд жилд 50 сая тонноос давж, 70%-иар өснө хэмээн үзэж байна.

Дэлхийн эрдсийн зах зээл дээр зэсийн үнэ хэлбэлзэхэд тарифаас гадна нөөцийн асуудал гол нөлөө үзүүлдэг Сүүлийн үед Хятад болон гадаад зах зээл дэх зэсийн нөөц багасч байна.

Хятадад 3 дугаар сарын эхээр тус металлын нөөц 9,000 тонноор буурсантай зэрэгцэн Нью-Йоркийн Сотех болон Лондоны металлын бирж дээрх зэсийн нөөц мөн багасч буй нь эрэлт ихтэй байгааг харуулж байна.

Зэсийн хүдрийн нийлүүлэлт ч мөн хумигдсан аж. Тухайлбал, зэсийн томоохон үйлдвэрлэгч Индонез улс экспортоо хязгаарласнаар ирээдүйд зэсийн хомсдол үүсэх эрсдэлтэй тулгарч болзошгүй аж. Үүнээс гадна, уул уурхайн компаниудын олборлож буй хүдэр дэх зэсийн агууламж багасаж, үйлдвэрлэл буурч байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна.

Дээрх хомсдолыг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд олборлогч компаниуд уул уурхайн шинэ төслүүдэд хөрөнгө оруулж байна. Жишээлбэл, ВНР компани Африкийн Ботсванад олборлолтоо өргөжүүлжээ. Гэсэн хэдий ч шинэ уурхай нээхэд олон жил шаардлагатай тул нийлүүлэлтийн асуудал ойрын хугацаанд бүрэн шийдэгдэх боломжгүй.

Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс энэхүү зах зээлийн бүхий гол тоглогч. Тус улсын эдийн засгийн өсөлтийн эерэг төлөв зэсийн эрэлтийг өдөөж байна. Түүнчлэн Хятадын Засгийн газар дад бүтэц болон цэвэр эрчим хүчний салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаагаас үүдэн зэсийн эрэлт нэмэгджээ.

Зэсийн үнэ цаашид хэрхэн өөрчлөгдөх талаар шинжээчид байр сууриа илэрхийлж байна. Ј.Р. Morgan банкны шинжээчид дэлхий дахинд зэсийн нийлүүлэлт багасаж, үнэ цаашид улам өснө хэмээн таамагласан.Дээрх тооцооллоор 2026 он гэхэд зэсийн үнэ нэг тонн нь дунджаар 11,000 ам.долларт хүрэх аж.

Харин Citigrouир компанийн үзэж байгаагаар АНУ-ын импортын тарифын тодорхойгүй байдлаас болж ирэх 3 сарын дотор Лондоны металлын бирж дээрх зэсийн ханш тонн нь 10,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.

ЗЭСИЙН ҮНЭ ЦААШИД ӨССӨӨР БАЙХ УУ?

Цахилгаан тээврийн хэрэгсэл болон ногоон эрчим хүчний төслүүд нэмэгдсэнээр зэсийн үнэ улам нэмэгдэнэ. Мэргэжилтнүүд 2025 онд дэлхийн зэсийн эрэлт 2.9%-иар өснө гэж таамаглажээ.

Металлын үнэ ханш өндөр байх нь бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, цахилгаан дамжуулах утас, батарей, орон сууцны барилгын зардал зэсийн зах зээлийн ханшийг даган өсөх магадлалтай.

Мөн АНУ-ын долларын ханш зэсийн үнэд нөлөөлдөг. Сүүлийн үед долларын индекс буурсан нь зэсийн үнэ нэмэгдэхэд түлхэц болж байна.

Тус металлын үнэ лхагва гарагт /2025.03.05/ Лондоны металлын бирж дээр нэг тонн нь 9,770 ам.долларт хүрсэн бол Нью-Йоркийн фьючерс зах зээлд тонн нь 10,000 ам.доллар давж арилжаалагдсан.

Үүнтэй зэрэгцэн "Glencore" болон "Trafigura" зэрэг томоохон компаниуд 25%-ийн тариф хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ-д зэс нийлүүлэхийг зорьж байна.