Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алтны үнэ 3,400 ам.доллароос давж, шинэ дээд амжилт тогтоолоо

Т.Бямбанаран

Даваа гарагт /2025.04.21/ алтны үнэ 3,400 ам.доллароос давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. АНУ-ын долларын ханш суларч, Америк, Хятадын худалдааны зөрчил тодорхойгүй байдалд орж, Орос-Украины түр эвлэрэл дууссан зэрэг нь алтны эрэлтэд нөлөөлсөн. Алтны спот үнэ Даваа гарагт 3%-иар өсөж, шинэ дээд түвшин болох 3,436.01 ам.доллар болжээ.

HSBC банкны шинжээч Жэймс Стил хэлэхдээ, “45 жилийн өмнө алтны үнийг өсгөсөн гол хүчин зүйлс нь Ираны хувьсгал болон газрын тосны хямрал байсан ба эдгээр асуудал хурдан шийдэгдсэн тул алтны үнэ унасан. Харин одоо олон улсын хамтын ажиллагаа суларсан нь алтны үнийг удаан хугацаанд өндөр байхад хүргэж байна” гэжээ.

АНУ-ын эдийн засаг тогтворгүй байгаагаас үүдэн долларын ханш унасаар байна. 2025 он гарснаас хойш алтны үнэ 700 ам.доллароор буюу 27%-иар өссөн. Худалдааны дайнаас үүдсэн тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын сонирхлыг алт руу чиглүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт нэг унц алтны үнэ 3,300 ам.доллар давсан бол хэдхэн хоногийн дотор дахин 100 ам.доллароор өссөн байна. Алтаар баталгаажсан биржийн сангуудын эзэмшил сүүлийн 12 долоо хоног тасралтгүй нэмэгдсэн нь 2022 оноос хойших хамгийн удаан хугацааны өсөлт юм. Олон улсын төв банкнууд ч мөн алтны нөөцөө нэмэгдүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: www.mining.com