Т.Бямбанаран
ОХУ-ын “ВЭБ.Рф” банк Алс Дорнодын бүсэд орших Чукотка муж дахь зэсийн ордыг хөгжүүлэхэд 1.1 их наяд рублийн (13.4 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулна хэмээн Оросын Засгийн газар Бямба гарагт /2025.04.19/ мэдэгдлээ.
Анх 1972 онд нээгдсэн “Баимская” зэсийн ордыг ашигласнаар 6000 орчим ажлын байр шинээр бий болж, нийтдээ 3 их наяд рублийн татварын орлого улсын төсөвт төвлөрөхөөр байна гэсэн юм.
Тус ордыг ил уурхай хэлбэрээр хөгжүүлэх бөгөөд 20-иос дээш жилийн ашиглалтын хугацаатай байх аж. Эхний 10 жилийн хугацаанд жилд дунджаар 300 мянган тонн зэс, 490 мянган унц алт үйлдвэрлэнэ. Мөн жилд нийт 70 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай.
Чукотка бол уул нуруу ихтэй, Оросын хамгийн зүүн захын муж бөгөөд газар нутгийн тал нь Арктикийн тойргийн хойд хэсэгт байрладаг.
Тус орд ашиглалтад орсноор Оросын зэсийн олборлолт 25%-иар, алтны олборлолт 4%-иар тус тус нэмэгдэнэ гэх тооцоо бий.
“Оросын дэлхийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх, Арктикийн бүсийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх зорилготой өндөр технологи бүхий аж үйлдвэрийн цогцолбор байгуулах болно” хэмээн “Baimskaya Management Company” ХХК-ийн Ерөнхий захирал Георгий Фотин хэлжээ.
Ерөнхийлөгч Владимир Путин Арктикийг Оросын эдийн засгийн гол бүс нутгийн нэг хэмээн тодорхойлж, барууны хориг арга хэмжээний улмаас Европоос Ази руу чиглэсэн худалдааг эрчимжүүлэх хүрээнд Умард тэнгисийн замаар тээврийг өргөжүүлж байна.
“Баимская” ордын бүтээн байгуулалтын явцад Умард тэнгисийн замаар нэг жилд тээвэрлэх ачааны хэмжээ хоёр сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна гэж албаныхан мэдээлжээ.
(1 ам.доллар = 82.1000 рубль)
Эх сурвалж: reuters.com, aus.amegroup.com