Р.Ренчиндулам
Эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд нийцүүлэн шинэ эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, салбарт шинэчлэл хийх, засаглалыг сайжруулах гарц шийдлийн талаар ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн багш, судлаач, доктор Д. Үлэмжтэй ярилцлаа.
Эрчим хүчний олон төсөл хэрэгжиж байна. Гэхдээ эдгээр төсөл хэрэгжиж дуустал багагүй хугацаа шаардагдана. Тэр хүртэл өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах бодит ямар боломжууд байна вэ? ОХУ-аас эрчим хүч худалдан авдаг энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ?
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок болох 150 МВт хүчин чадалтай станц өнгөрсөн жил ашиглалтад орсон ч энэ өвөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадсангүй. Хоёрдугаар блок нь ашиглалтад орсноор хүчин чадал нь 300 МВт-д хүрнэ. Төв аймгийн Баян суманд 660 МВт-ын ДЦС-ын төсөл хэрэгжиж байна. Нийслэлээс хог хаягдал шатааж цахилгаан, дулаан үйлдвэрлэх станц барих талаар яригдаж байна. Эдгээр төслүүд хэрэгжээд, станцууд ашиглалтад ороход 2-3 жил шаардлагатай. Эрчим хүчний төслүүд, эх үүсвэрүүдийг ашиглалтад орохыг хүлээх зуураа гадны орноос эрчим хүч импортолъё гэвэл дамжуулах шугам сүлжээний асуудал гарч ирнэ. Тэр хүртэл өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах бодит боломж гэвэл сэргээгдэх эрчим хүчний төслүүд байж болох юм. Мөн ОХУ-аас эрчим хүч огт худалдаж авахгүй байх боломжийг бүрдүүлэх тухай хүн бүр ярьж байгаа боловч энэ нь системийн горим тохируулгын хувьд өрөөсгөл ойлголт.
Монгол Улсад одоогоор сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ямар хэмжээнд байна вэ? Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
Суурилагдсан нийт эрчим хүчний 20 орчим хувийг, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 9 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007 онд батлагдсанаар энэ чиглэлийг хөгжүүлэх боломж нээгдсэн .
Тухайн үед сэргээгдэх эрчим хүчний төслийн үнэ өртөг өндөр байсан бол одоо нарны хавтан, батарей, салхин турбины үнэ унаж, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 10 жилийн өмнөхөөс ихээхэн буурсан.
Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг техникийн нөхцөл, нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар өрсөлдүүлэн сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны хуульд тусгасан. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд төслийг сонгон шалгаруулж, хэрэгжүүлбэл эрчим хүчний асуудлыг хамгийн бага өртгөөр шийдэх боломжтой.
Юуны өмнө хэр хэмжээний чадалтай, аль төсөл чухам хаана хэрэгтэй байгааг Засгийн газар, салбарын яам зарлах шаардлагатай байна. Хоёрдугаарт, төслийн сонгон шалгаруулалтыг цаг алдалгүй зарлаж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах шаардлагатай байна.
Эрчим хүч бол тусгаар тогтнолын баталгаа. Хэдийгээр олон улс нүүрсний цахилгаан станцаас татгалзаж байгаа ч манай улсын хувьд нүүрсний нөөц ихтэй тул түүнд тулгуурлан хэд хэдэн нүүрсний станц бариад эрчим хүчний хамаарлаа багасгах боломжтой юу?
Эдийн засгийн аюулгүй байдал дотор эрчим хүч, аюулгүй байдлын тухай ойлголт багтдаг. Улсын болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулах хөгжлийн гол тулгуур нь эрчим хүч байтал одоогоор эсрэгээр гацаа саад нь болчихоод байна.
Төсөл хэрэгжүүлэх гэхээр л цахилгаан, Дулаан байхгүй, алдагдалтай байна гэдэг асуудал сөхөгддөг. Угтаа бол нүүрс эсвэл сэргээгдэх эрчим хүч илүү ашигтай гэж ярих шаардлагагүй. Аль аль нь эрчим хүчний объект.
Тиймээс Засгийн газар, Эрчим хүчний яам Монгол Улсын суурилагдсан эрчим хүчний системийн хэдэн хувь нь нүүрсний станц, хэдэн хувь нь сэргээгдэх эрчим хүч тэр дундаа, нар, ус, салхи, батарей станц байх ёстойг тодорхой болгох хэрэгтэй. Дараа нь энэ тооны биелэлтэд хүрэх арга хэмжээг авах, төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Орос-Украины дайны улмаас ОХУ-аас эрчим хүч импортолдог зарим орнууд ихээхэн хохирол амсаж байгаа бол хараат бус орны эрчим хүчний салбар хэвийн ажиллаж байна. Тухайлбал, Швед, Норвеги өөрийн орны нөөцөд тулгуурлан эрчим хүчний системд ямар төрлийн эх үүсвэр хэдэн хувь байхыг тодорхой заагаад өгчихсөн тул эрсдэл тулгарсан үед ч эрчим хүчний салбар нь хэвийн ажиллаж байгаа юм.
Харин ОХУ-ын байгалийн хийд суурилан эрчим хүчнийхээ 40 орчим хувийг хангаж байсан Герман, Австри, Унгар улсууд ихээхэн хохирол амссан. Тиймээс манайх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргахдаа эх үүсвэр болох нар, ус, салхи, цөмийн эрчим хүчний болон батарей хураагуурт цахилгаан станц тус бүр хэдэн хувь байж нэгдсэн системд ажиллахыг судалж, тодорхой зорилго тавьж, түүнийхээ биелэлтийг хангаж ажиллах шаардлагатай.
Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарласан мега төслүүдэд хэдий хэрийн эрчим хүчний эх үүсвэр шаардагдах вэ?
Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ДЦС, Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр хөгжүүлэх төсөл, мөн ураны төслийг оролцуулбал Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 4 нь эрчим хүчний салбартай шууд холбоотой. Эдгээрийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй. Одоогийн чадамж, нөхцөл байдлаар бусад төслүүдийг ч хэрэгжүүлэхэд бид цахилгаан эрчим хүчээр хангаж чадахгүй.
Манай салбарын судлаачид 2030 он гэхэд эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 3000 МВт байх шаардлагатай гэж үзсэн.
Эрчим хүчний яам дуудлага худалдааны зарчмаар нар, салхи, батарей хураагуурт цахилгаан станцын буюу сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хийж байна. Үүнийг эрчим хүчний салбарыг "аврах" хамгийн ойрын боломж гэж харж байна.
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүч экспортлогч орон болно гэж мэдэгдсэн. Энэ хэр боломжтой вэ?
БНХАУ эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг таван жилээр гаргадаг. XII таван жилийн төлөвлөгөө батлах үеэр "Эрдэнэс Монгол" компанитай хамтран ВГВт /8000МВт/ суурилагдсан хүчин чадалтай цахилгаан эрчим хүч экспортлох төслүүд яригдаж байсан. "Шивээ энержи" төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч манай тал хэрэгжүүлж чадаагүй. Шивээ-Овоо нүүрсний уурхайд тийм том хэмжээний нүүрсний станц барихад байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэх үндэслэлээр төсөл хэрэгжээгүй гэж үздэг. Одоо БНХАУ XIV таван жилийн төлөвлөгөөтөө хэрэгжүүлж байна. Ирэх жил буюу 2026 оноос XV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. Үүнд дээрх төслүүд багтаж чадах уу, үгүй юу гэдэг нь бас л асуулт хэвээр байна. Бидэнд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлээд экспортлох боломж бол бий. Гэхдээ нэгдүгээрт, хоёр орны Засгийн газрын хооронд хэлэлцээр хэрхэн явагдах, манай тал ярьсан асуудлаа бодит ажил хэрэг болгож чадах эсэх нь тодорхой бус байна.
Хоёрдугаарт, эрчим хүчээр өөрсдийгөө бүрэн хангаж чадахгүй байж экспортолно гэж ярих нь зөв үү гэж олон хүн асууж байна. Үүнд шуудхан хариулъя. Хятадын эдийн засгийн өсөлтийг өөрсөдтэйгөө харьцуулах боломжгүй. Хоёр орны иргэдийн худалдан авах чадвар ялгаатай, мөн Хятадын Төрийн зөвлөлөөс эрчим хүчний салбарыг либералчлах хөтөлбөр хэрэгжээд 10 жил болж байна. Цахилгаан эрчим хүчний салбарын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийх нь үнэ тариф "хөвөх" зарчмаар явж байна. Ийм зах зээлийг өөрсдийн хатуу хяналттай зах зээлтэй харьцуулах шаардлагагүй.
Дэлхий дахинд 2021 онд сэргээгдэх эрчим хүчний салбарт 900 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2024 онд 2.2 их наяд ам.доллар болж нэмэгдсэн байна. Гуравхан жилийн дотор энэ салбарын хөрөнгө оруулалт 2 дахин өссөн гэсэн үг. Энэ нь Ковид цар тахал болон Орос, Украины дайнтай холбоотой. Мөн энэ нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол ихэссэнийг илтгэж байна. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байгаа энэ салбараас хөрөнгө татах боломж бидэнд бий. Энэ төрлийн зээлийн хүү харьцангуй бага байдаг. Тиймээс боломжтой бол хөрөнгө оруулалтыг нэн даруй татах хэрэгтэй.
Одоогоор манай эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байна. Эрчим хүчний салбарын хөгжил, засаглалыг сайжруулах тал дээр ямар өөрчлөлт хийх нь зөв бэ? Таны бодлоор оновчтой гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?
Алдагдлыг бууруулах эхний алхам нь эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх явдал. Мөн үйлдвэрлэл, цахилгаан дамжуулалт, түгээлтийн үр ашгийг нэмэгдүүлэх. Энэ гурван үе шатны алдагдлыг бууруулж, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өөрийн өртгийг бууруулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Мөн эрчим хүчний салбарын реформыг тууштай хэрэгжүүлэх нь маш чухал. Үнэ тариф болоод засаглалын реформ нь олон жилийн дараа нөлөөлөл нь мэдрэгддэг тул тууштай нэг санаа зорилгоор хийгдэх ёстой. Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо их хийгдэж байна. Бүтэц, зохион байгуулалтад ч гажуудал үүссэн. Нэг төрийн өмчит компани байгуулаад харьяанд нь эрчим хүчний салбарын бүх төрийн өмчит компаниудыг төвлөрүүлж байна. Энэ нь хуучин тогтолцоо руугаа ухарч байгаа хэлбэр. Төвлөрсөн нэг удирдлага гэхээсээ илүү одоо байгаа төрийн өмчит зарим компаниудыг хувьчлах, олон нийтийн оролцоог хангах ажлууд хийх нь зөв шийдэл.
Эрчим хүчний реформыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Цахилгааны үнэ тарифыг нэмснээр эхлүүлж буй нь нийгэмд талцал үүсгээд байгаа. Энэ талаар Таны бодол ямар байна вэ?
Эрт орой хэзээ нэгэн цагт хийгдэх ёстой зүйл. Бид оройтож эхэллээ. Зүүн Европын орнууд Латви, Литва, Эстони, Гүрж гээд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд аль эрт эрчим хүчний реформ хийгээд одоо үр шимийг нь хүртээд явж байна.
БНХАУ одоо хэрэгжүүлж байгаа реформыг 2015 онд баталсан байдаг. Эдийн засаг, эрчим хүчний салбараа либералчлах бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд 2015 онд эрчим хүчний салбарт ажиллаж байсан 42 мянга орчим аж ахуйн нэгж одоо 816 мянга болсон байна.
Гэтэл манай энэ салбарт одоогоор төрийн өмчит 80 гаруй компани бий.
Эрчим хүчний салбар зах зээлийн зарчмаар явах нь зөв ч засаглалыг сайжруулж, реформыг эхлүүлэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ямар төсөл хэрэгжүүлэх, эрчим хүчний салбарын худалдах, худалдан авах үйл ажиллагаа хэрхэн явагдах, олон нийтийн оролцоотой болж чадах эсэх зэргээр олон зүйлд өөрчлөлт хийж, илүү тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай зүйл олон байна. Засаглалыг бүхэлд нь авч үзэлгүй зөвхөн үнэ тарифыг нэмээд зогсвол эрчим хүчний салбарт ахиц дэвшил гарахгүй.