Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын газрын тосны олборлолт дээд амжилт тогтоолоо

Т.Бямбанаран

БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газар 2025 онд 200 сая тонноос дээш газрын тос олборлох зорилт тавьснаа мэдэгдсэн. Энэ үйл явдлаас хоёрхон сарын дараа Хятад улс өдөрт 4.6 сая баррель газрын тос олборлож, түүхэн дээд амжилт тогтоожээ.

АНУ-ын газрын тосны компаниуд үнэ буурсны улмаас үйлдвэрлэлээ хумьж байгаа энэ үед Хятадын төрийн өмчит компаниуд олборлолтоо тогтмол нэмэгдүүлж байгааг шинжээчид онцоллоо. Үнэн хэрэгтээ Хятадын газрын тосны олборлолт сүүлийн арван жил буурсан боловч одоо эргэн өсөж байна.

2024 онд Хятадын газрын тосны импорт 1.9%-иар буурч, өдөрт дунджаар 11 сая баррель болсон нь сүүлийн 20 жилд анх удаагаа багассан үзүүлэлт болжээ. Харин үүний зэрэгцээ дотоодын олборлолт нь нэмэгдсэн ажээ.

Хятадын эрчим хүчний газраас мэдээлснээр 2024 онд газрын тос, байгалийн хийн нийт үйлдвэрлэл нь анх удаа 400 сая тонн болсон бөгөөд газрын тос дангаараа 213 сая тоннд хүрчээ. Энэ нь өдөрт дунджаар 4.3 сая баррель гэсэн үг юм. Харин энэ тоо 2025 оны 3 дугаар сард 4.6 сая баррель болж, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрсэн байна.

Цахилгаан автомашинуудын хэрэглээ нэмэгдэж байгаагаас үүдэн газрын тосны эрэлт буурна хэмээн таамаглаж байв. Гэсэн ч энэ сард газрын тосны эрэлт 1.1%-иар нэмэгдэнэ гэх шинэ таамгийг Хятадын үндэсний газрын тосны корпорац гаргасан. Эрэлт өсөх гол шалтгаан нь нефть-химийн үйлдвэрлэлтэй холбоотой аж.

Хятад улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын тулд дотоодын олборлолтоо нэмэгдүүлсээр байх болно. Салхи, нарны эрчим хүч, цахилгаан автомашин, батарейн үйлдвэрлэл хөгжиж байгаа ч газрын тос, хий нь эрчим хүчний баталгаа хэвээр байна гэж тус улс үзэж байна.

Хятад улс газрын тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний 10-т бичигддэг бөгөөд энэ үзүүлэлтээ ахиулахаар зорьж байгаа. Дотоодын үйлдвэрлэл нь нэмэгдэх тусам импорт багасна. 

Гэвч тус улс ойрын хугацаанд газрын тосны гол импортлогч хэвээр байна. Өмнөх онд Хятадын нийт газрын тосны хэрэгцээ өдөрт 16.68 сая баррель байсан бол дотоодын олборлолт ердөө 4.3 сая баррель байжээ. Тиймээс эрэлт, хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж чадахгүй гэсэн үг юм. 

Эх сурвалж: oilprice.com