Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ЭОТ: "Рио Тинто" хөндлөнгийн шинжээчдэд Оюутолгой төсөлтэй холбоотой чухал баримтыг өгөхөөс татгалзаж байна 2020 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан “Эрдэнэс Оюутолгой” ХХК гаргасан билээ. Энэхүү саналыг тусгасан тогтоолын төслийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан. "Рио Тинто" компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан.
Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиг 92%-иар өсчээ  Оны эхний улиралд, Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд (жилийн нийт эргэлт 3.8 сая ам.доллар) 1.83 их наяд юанийн ашигтай ажиллажээ. Энэ нь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 137%-ийн өсөлт болохыг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлсэн байна. Зөвхөн гуравдугаар сард, тухайн аж ахуйн нэгжүүд 711.18 тэрбум юанийн ашиг олж өмнөх оны мөн үеийнхээс 92.3%-иар өссөн аж. 
Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг байгуулах ажил III улиралд эхэлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.04.28) “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Тогтоолд Тавантолгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал болохыг онцолсон байна.
АХБ : 2021 онд Монголын эдийн засаг 4.8% өсөх төлөвтэй Азийн хөгжлийн банкны жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн энэ жилийн тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5.3%-ийн огцом агшилтаас сэргэж 2021 онд 4.8%-иар, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өсч, сэргэлт эдийн засгийн салбаруудыг бүрэн хамарснаар 2022 онд 5.7%-иар тус тус өснө гэж төсөөлжээ.  
“Barrick Gold”: Алтны “Loulo-Gounkoto” төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ Канадын “Barrick Gold” (TSX:ABX)(NYSE:GOLD) компани Мали дахь алтны “Loulo-Gounkoto” цогцолбор төслийн гүний уурхайн эхний шатны олборлолт эхлэхэд бэлэн болсноо мэдэгджээ. Энэ нь тус компанийн гурав дахь том төсөлд тооцогддог. Энэ оны нэгдүгээр улиралд, энэхүү цогцолбор 193 мянган унц алт үйлдвэрлэжээ. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр жилд 640-700 мянган унц алтны үйлдвэрлэх хэмжээнд хүргэхээр зорьж байна.   
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтаар “Бадрах Энержи” ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Тавантолгой төслийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон юм. Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй төслийг урагшлуулахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв.
Зэсийн ханш 2011 оны оргил түвшинд ойртлоо Лондоны металын бирж дээр лхагва гаригт тонн зэсийн үнэ 9730 ам.долларын ханштай хаагдсан нь 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Он гарсаар тус бирж дээр зэсийн ханш 26%-иар өсчээ. Дэлхийн эдийн засаг цар тахлын дараах сэргэлтийн горимд шилжиж буй нь зэсийн ханшийн өсөлтийг авчирч байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр тонн зэсийн ханш өчигдөр 9795 ам.долларт хүрчээ.
Орос нефтийн бүтээгдэхүүний экспортоо түр хугацаанд хязгаарлах төсөл боловсруулж байна ОХУ-ын Засгийн газраас нефтийн зарим төрлийн бүтээгдэхүүний экспортыг түр хугацаанд хориглох тухай төслийг боловсруулахыг тус улсын Эрчим хүчний яаманд үүрэг болгожээ. Газрын тосны зарим бүтээгдэхүүнд бензин багтсан байна. Тодруулбал, Оросын дотоодын зах зээлд нэн чухал бүтээгдэхүүн болох бензины экспортыг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд зогсоох, эсвэл хориглоно гэдгийг ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ. Шаардлага үүсвэл, эхний ээлжинд ЕАЭЗХ-ны гишүүн бус орнуудад нийлүүлж буй бензины экспортыг авч үзэх аж.
Хөрөнгийн захын  шинэ бүтээгдэхүүн “банкны IPO”  УИХ-ын чуулганы (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Ийнхүү салбарын малгай хуулийн өөрчлөлтөөр олон жил яригдсан банкны шинэчлэл эхэлж байна. Монголын санхүүгийн зах зээлийн 90%-ийг арилжааны 12 банк бүрдүүлдэг.  2020 оны жилийн эцсийн байдлаар банкуудын нийт активын хэмжээ 36.5 их наяд төгрөгт хүрчээ. Активын 90% нь бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө бүрдүүлдэг учир банкны үйл ажиллагааг ил тод, нийтэд нээлттэй болгох. Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг задалж өмчлөл, удирдлагыг зааглах. Ингэж банкуудын “хөшигний цаадах” эздийн эрх ашгаа хамгаалсан засаглалыг өөрчлөх томоохон шинэчлэл энэ салбарт өрнөнө.   Нэмэлт, өөрчлөлт оруулсан Банкны тухай хуульд анхаарал татахуйц онцлог заалтууд бий. 
“Эрдэнэт үйлдвэр” 364.8 тэрбум төгрөг  төвлөрүүлжээ 2019 онд 933 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн тус үйлдвэрийн газар Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган Сангийн яамтай нягт хамтран ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар, тус үйлдвэр 364.8 тэрбум төгрөгийн дээрх зардалд төвлөрүүлээд байгаа гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд онцоллоо. Цаашид буюу долдугаар сарын 1 хүртэл үлдсэн зардлыг төлж барагдуулахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн гачигдалгүй байх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг мөн тодотгосон байна. 2021 оны эхний улирлын байдлаар  тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100-143%-иар биелжээ.
Өвөр Монголоос нүүрсийг анх удаа төмөр замаар шууд Цаофэйдянь боомт хүртэл тээвэрлэжээ  БНХАУ-ын Өвөр Монголын Долоон нуур аймгаас анх удаа 3281 тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Хэбэй муж дахь Цаофэйдянь боомтын төмөр замын өртөөнд хүргэсэн талаар www.sxcoal.com сайтад мэдээлжээ. Өвөр Монголын нутаг Шилийн гол хотоос Бээжин, Хэнан мужийн Жэнжоу, Шандун мужийн Жинан хотуудаар дайруулан далайн боомт гэсэн чиглэлд туршилтын тээврийг Хятадын үндэсний төмөр замын группээс зөвшөөрсний дараагаар хэрэгжүүлж байна. Хоёр том бүс нутгийн гол төмөр замын сүлжээ, тээврийг холбосноор Өвөр Монголын зүүн нутгаас нүүрсний шинэ гарцыг Цаофэйдянь боомтоор нээх зорилттой аж.
“Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилахгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж, 2020 оны олборлолтын төлөвлөгөөг 100 хувь, борлуулалтын төлөвлөгөөг 111 хувиар биелүүлж, нийт 1 их наяд 677.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ.
Ерөнхий сайд боомтуудын үйл ажиллагаатай танилцана Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөжээ. Энэ тухайгаа тэрээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг (2021.04.26)хүлээн авч уулзах үеэр хэлсэн байна. Тус уулзалтаар Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтэй дөрөвдүгээр сарын 7-ний өдөр утсаар ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж байгаад БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа Хятадын Элчин сайдад илэрхийлжээ. 
Уул уурхайн компаниуд нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 13 тэрбум доллар хүрэв   Их Британийн “Global Data” байгууллагын судалгаагаар, 2021 оны эхний улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг 374 хэлэлцээр өрнөж байна. Хил дамнасан эдгээр хэлэлцээрийн нийт дүн 13 тэрбум ам.доллар аж. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн улирлын 12 тэрбум ам.доллартай харьцуулахад 8.3%-иар өссөн байна. Уул уурхайн компаниудын ийм хэлэлцээрт зөвлөх үйлчилгээ үзүүлсэн тоогоор “TD Securities”, хэлэлцээрийн үнийн дүнгээр “Goldman Sachs” болон “Perella Weinberg Partners” нар тэргүүлжээ. Тус 3 байгууллагын зөвлөгөө үзүүлсэн хэлэлцээрийн нийт дүн 1 тэрбум ам.долларыг давж буй.
Хятадад нийлүүлэх коксжих нүүрсний экспортоор Орос манай улсыг давжээ    Энэ оны нэгдүгээр улиралд Хятад улс 11.25 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 45.9%-иар буурсан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газраас (2021.04.21) мэдээлжээ. Зөвхөн гуравдугаар сард импортолсон коксжих нүүрсний хэмжээ нь 4.91 сая тонн байна. Өнгөрсөн оны мөн сартай харьцуулахад 13%-иар бага хэдий ч өмнөх хоёрдугаар сарынхаас 52.01%-иар өсчээ. Импортолсон үнийн тухайд, тонн коксжих нүүрсний дундаж үнэ 131.96 ам.доллар буюу өнгөрсөн оныхоос 8.2 ам.доллараар хямд аж. Гэхдээ өмнөх хоёрдугаар сарын үнээс 20.99 ам.доллараар нэмэгдсэн байна. 
“Шенхуа”-д олгосон нүүрсний тусгай зөвшөөрлийг Австрали эргүүлэн авна Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар нь “Шенхуа” группын эзэмшиж буй ашигт малтмал олборлох эрхийг худалдаж авахаа мэдэгдсэн талаар “Sydney Morning Herald” сонин (2021.04.20) мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар, мужийн Засгийн газраас энэхүү эрхийг авахад 200 сая австрали долларыг (156 сая ам.доллар) Хятадын компанид төлөхөөр яригдаж байна. Тэгвэл Хятадын компанийн зүгээс тухайн зөвшөөрлөө эргүүлэн Австралид өгөх болсноо (2021.04.21) мэдэгдсэн болохыг sxcoal.com сайтад мэдээлжээ. Хантер Валли сав газрын эрчим хүчний, коксжих нүүрсний “Watermark” ордыг ашиглах эрхийн тендерээр 2008 онд “Шенхуа”-д тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.
Туркойз Хилл: Оюутолгойн алт олборлолт оны эхний улиралд 457%-иар өсөв Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Оны эхний улиралд Оюутолгойн баяжуулах үйлдвэрт 9.81 сая тонн хүдэр боловсруулж, 201.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Ингэснээр зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 22.7%-иар өссөн байна. Энэ дундаа баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэс олборлолт 45.4 мянган тонн, алтных 145.7 орчим мянган унц байжээ. Энэ нь зэсийн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс 29%, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 9%-иар тус тус өссөн гэсэн үг. Харин алтны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс даруй 457%, өнгөрсөн дөрөвдүгээр улирлынхаас 66%-иар өссөн дүнтэй гарлаа.
Шандун мужийн гангийн үйлдвэрлэлийг 21.41 сая тонноор бууруулна Хятадын Шандун мужийн Засаг захиргаанаас 2022 он гэхэд тус мужийн гангийн үйлдвэрлэлийн хэмжээг 21.41 сая тонноор бууруулж бага хүчин чадалтай зарим үйлдвэрүүдийг хаахаар шийдвэрлэсэн талаар “Аргус” агентлаг мэдээлжээ. Тус шийдвэрийн хэрэгжилт Шандун мужийн 11 үйлдвэрийг хамрах аж. Энэ хүрээнд тус мужийн гангийн үйлдвэрлэлийг 2021 онд 4.65 сая, 2022 онд 16.76 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөжээ.  Шандун нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн гол мужуудын нэг бөгөөд “2+26” багтсан зарим хотууд хамаардаг байна.  
Австралийн литийн томоохон компаниуд нэгдэнэ Австралийн литийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэх “Orocobre”, “Galaxy Resources” компаниуд нэгдэхээр хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд бэлэн мөнгөний оролцоогүй буюу нийт 3.1 тэрбум ам.доллар бүхий үнэт цаасыг шилжүүлэх юм. Хэлэлцээ ирэх наймдугаар сард өндөрлөх төлөвтэй. Эдгээр компани нэгдсэнээр литийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд Чилийн “SQM”, АНУ-ын “Albemarle”, БНХАУ-ын “Ganfeng Lithium“ болон “Tianqi” компаниудын дараагаар  тавдугаарт эрэмбэлэгдэх аж.
Оюутолгой төсөлтэй холбогдох татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргана Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна.