Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Нөхөн сэргээлт 2024” Сэлэнгэ аймгаас эхлэв Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлсэн юм. Энэ ажлын хүрээнд саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд Сэлэнгэ аймагт ажилласан байна. Энэ ажлын явцад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг зэрэг газарт уул уурхай болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайнуудад шалгалт хийжээ. Шалгалтаар бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт явуулаагүй зэрэг олон зөрчил илэрснийг албаны хүмүүс тодотголоо.
Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондоны шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто Интернэшнл Холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.
Орос газрын ховор металын Томторын ордыг 2022 оноос олборлоно ОХУ-ын алтны олборлолтоор тэргүүлэгч “Полиметал” компани газрын ховор металын Томторын ордын төсөлд оролцохоор төлөвлөжээ. Энэ талаар тус компанийн тэргүүн Виталий Несис (2021.04.19) мэдэгдэхдээ асуудлыг ирэх арванхоёрдугаар сард компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх аж. Компанийн хувьд Красноярскийн нутаг дахь Чукутон, Эрхүү мужид орших Белозимин болоод Якутын Томтор гэсэн гурван ордын төслөөс сонгосон байна. Томтор нь газрын ховор метал, тэр дундаа ниобийн нөөцөөр дэлхийд эхний гуравт багтах орд аж. Тухай ордыг ашиглах төслийн нийт өртгийг 20 сая ам.доллар гэж өмнө нь тооцож байжээ.
IPO гаргалтаар Австралийн хөрөнгийн бирж тэргүүлж байна Сүүлийн нэг жилийн хугацаанд КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч Австралийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн 42 компани IPO хийсэн үзүүлэлтээр бусад биржүүдийг тэргүүлжээ. Тухайлбал, мөн хугацаанд уул уурхайн компаниуд Торонтогийн хөрөнгийн бирж дээр 28, Лондоны бирж дээр 2 удаагийн анхдагч хувьцааны арилжаа хийсэн байна. Тухайн бирж дээр бүртгэлтэй уул уухайн компаниудын 1% нь зэс, 17% нь алтны чиглэлийнх аж. Австрали, Монгол Улсад зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани IPO-оор босгох зорилтот хөрөнгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлсэн байна. 
Тэрбум долларын салбар Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн онд алтны салбарын орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг. Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэнэ Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 
“Төмөр замын замын тээврийн аюулгүй байдал-асуудал, шийдэл”  хурал болно “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Төмөр замын тээврийн аюулгүй-асуудал, шийдэл” онол практикийн бага хурлыг тавдугаар сарын эхээр цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлаар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, үр дүнтэй санал, санаачлагыг дэмжих, сурталчлах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэж байгаа аж. 
Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрсний 50, зэсийн баяжмалын 32 машин нэвтэрч байна Энэ сарын 16-17-ны өдрийн байдлаар, Гашуунсухайт боомтоор нийт 201 тээврийн хэрэгсэл  нэвтэрч байгааг УУХҮЯ-наас мэдээлжээ. Ашигт малтмалын экспортын тухайд, нүүрсний 114, зэсийн баяжмалын 64 машин тус тус боомтоор нэвтэрсэн байна. Тээвэр хийж буй жолооч нар өдөрт 5 автобусаар Хятад руу гарч PCR шинжилгээнд хамрагдаж буй аж. КОВИД-19-ийн халдвар Монгол Улсад нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятадын талаас ариутгал халдваргүйжилтийг өндөр түвшинд хийх шинэ журам мөрдөгдөж байгаа юм. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж ачаагаа авч орно.
Хятадад гангийн шинэ нэгдэл бий болно     Хятад улсын “Anshan Iron” болон “Benxi Iron” компаниуд нэгдсэнээр гангийн бас нэгэн томоохон групп бий болж байна. Шинэ групп нь ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох магадлалтай. Энэхүү нэгдлийн яриа хэлэлцээр 2000 оноос эхэлжээ. Эдгээр компаниуд нэгдсэн тохиолдолд жилийн гангийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 52 сая тоннд хүрч Японы “Nippon Steel” компанийнхаас давах аж.
Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмалын 87 машин нэвтэрчээ Өчигдөр (2021.04.15) Гашуунсухайт боомтоор бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн нийт 96 тээврийн хэрэгсэл  нэвтэрч, эргэн орж ирсэн байна. Үүнээс нүүрс тээврийн 55, зэсийн баяжмалын 32 машин тус тус нэвтэрчээ. БНХАУ-ын талд Монгол Улсын иргэн хоноогүй бөгөөд 5 автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан аж.  БНХАУ-ын талаас улс хоорондын ачаа тээврийн зөвшөөрөл баталгаажаагүй шалтгаанаар 3, бар кодгүй шалтгаанаар 1 жолоочоос шинжилгээ авалгүй буцаасан байна.
Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний нөөц буурч байна Хятад улсад сүүлийн саруудад нүүрсний хэд хэдэн уурхайд ажилчид амиа алдсан  томоохон аваар осол гарсны улмаас өндөр эрсдэлтэй уурхайн зарим үйлдвэрлэл, үйл ажиллагааг зогсоосон билээ. Энэ асуудлаас үүдэн Шанси, Хэнан болон ӨМӨЗО-ны бүс нутаг дахь нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааны  хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, гуравдугаар сард тус улсын нүүрсний нийт олборлолт 0.2%-иар буурчээ.  Өнгөрсөн оны мөн үед 340.76 сая тонн нүүрс олборлосон байна.
Боомтуудад “Ногоон гарц”-ын журмыг дахин хэрэгжүүлэх боломжтой Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд (2021.04.14) Гашуунсухайт боомтоор 30, Шивээхүрэн боомтоор 60-90, Булган боомтоор 90-100, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус дунджаар өдөрт БНХАУ-руу нэвтэрч байна.  Манай улсад өвчлөлийн тоо буурах тохиолдолд хоёр улсын боомтуудад өмнө нь хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгджээ.
Хятад дотоодын түүхий эдийн зах зээлийн зохицуулалтыг чангатгана  Хятадад (2021.04.13) болсон онлайн симпозиум дээр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэөцян мэдэгдэлдээ түүхий эдийн дотоодын зах зээлийг хатуу зохицуулах асуудлыг хөндсөн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зарим түүхий эдийн ханшид нөлөөлөв. Тэрээр “Улсын нийт эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж байгаа ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт нь дотоодын компанийн зардалд хүчтэй дарамт учруулж байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.  
Монголын нутгаар дамжуулах хийн хоолойн төслийн судалгааг баталжээ ОХУ-ын байгалийн хийн транзит тээврийн “Союз Восток” төслийн барилгын техник-эдийн засгийн судалгааг (2021.04.12) баталсан тухай “Газпром” компани мэдээлжээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн “Сибирийн хүч 2” хоолойн нэг хэсэг болох юм. Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд, хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрөх боломжит чиглэл болон үргэлжлэх урт, диаметрын хэмжээ, даралт, шахах станцуудын тоог тодорхойлжээ. Ингэснээр уг төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн үр ашигтай байх урьдчилсан тооцоолол гарчээ. Хийн хоолойг Ямалын ордын баруун талаас Кранснояр мужийн нутаг хүртэл татахаар зураглажээ.
Фэнвэй Энержи: Монголын нүүрсний экспорт 900 мянган тонн болж буурах төлөвтэй Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт гуравдугаар сарын дундаас огцом буурсан. Учир нь Хятадын талаас КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгах болсон юм. Цаашид боомтын нэвтрэлт хэдийд сэргэх эсэх нь тодорхойгүй байна. Үүний улмаас дөрөвдүгээр сард Монголын нүүрсний экспорт буурч 900 мянган тоннд хүрэхгүй байх төлөвтэйг Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлаг мэдээлэв.
Сангийн яам: “Мазаалай” бондын төлбөрийг бүрэн барагдууллаа Монгол Улсын Засгийн газрын “Мазаалай” бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларын төлбөрийг (2021.04.06) бүрэн төлсөн талаар Сангийн яам мэдээллээ. 2016 онд 500 сая ам.долларын энэхүү бондыг 5 жилийн хугацаатай, 10.875%-ийн хүүтэй олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалсан юм. “Мазаалай” бондоос гадна “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг (2021.03.15) мөн барагдуулсан байна. 2019 онд УИХ-ын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг баталсан билээ. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэж заасан.
“Эрдэнэ Ресурс Девелопмент” корпораци Хар морь талбайн хайгуулын үр дүнг танилцууллаа Монголын болон Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX:ERD | MSE:ERDN) нь “Хар Морь” талбайн хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулсан байна. Мөн цаашдын хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр, “Баян Хөндий” төслийн явцын талаар мэдээлжээ. “Хар Морь” талбайг шинээр нээсэн болохыг 2021 оны нэгдүгээр сард танилцуулсан билээ. Үүнээс хойш тус талбайд хайгуулын хѳтѳлбѳрийг гурван сарын турш хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, эхний улиралд хайгуулын 1900 тууш метрийн нийт 9 цооног ѳрѳмдсөн ба ѳрѳмдлѳгийн үр дүнгээр 1.74-4.24 г/т алтны агуулга бүхий интервалууд илрүүлжээ.
“Оюутолгой”-н хэлэлцээ эхэллээ Оюутолгой төсөлтэй холбоотой хоёр талын хэлэлцээр өнөөдөр (2021.04.12)Төрийн ордонд эхэлж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон хөрөнгө оруулагч тал “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид уулзалт хийлээ. Уулзалтаар Оюутолгой төслийн үр өгөөж, хэрэгжилтийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахимаар мэдээлэв.
Хятад коксжих нүүрсний импортынхоо 61.7%-ийг Монголоос бүрдүүлжээ Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг үргэлжилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар, хоригтой холбоотойгоор Австралиас коксжих нүүрс импортлоогүй бол Хятадын коксжих нүүрсний нийт импортын 61.7%-ийг Монгол Улс эзэлж буй. Өнгөрсөн оны мөн үед манай улс Хятадын коксжих нүүрсний нийт импортын 17.7%-ийг бүрдүүлж байжээ. Коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч улс Хятадын импортын хоригтой тулгарснаар бусад орон болох Монгол, Орос, Индонез болон АНУ-ын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Гэвч Хятадын тал илүү өндөр үнээр коксжих нүүрс импортлоход хүрч буй юм. “Аргус” агентлагийн мэдээллээр, өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.08) АНУ-ын “Hampton Roads” боомтод коксжих нүүрсний үнэ 152.75 ам.доллар/тн-д хүрч 34%-иар өсчээ.
Монголын зэс, нүүрсний экспортын алдагдсан боломж 200 сая долларт хүрэв Улсын нийт экспортын 89%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэллээ. Тодруулбал, эрдсийн гадаад худалдаа дундаа орлогоор тэргүүлэгч нүүрсний экспорт оны эхний гурван сард 6.67 сая тонн, мөнгөн дүнгээр 689 сая ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь биет хэмжээгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 113.7%, орлогын дүнгээр даруй 173%-иар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр өсөлттэй өөдрөг дүр зураг ажиглагдаж байгаа ч бодит байдал дээр 2020 оны хоёр, гуравдугаар сард манай улсын нүүрсний гол боомтууд бараг бүрэн хаалттай байсан үетэй харьцуулсан үзүүлэлт болохыг онцлоё.