Шинэ мэдээ
“ЭТТ бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” компани төгрөг болон ам.долларын хосолсон бондын анхны арилжааг өнөөдөр (2021.03.30) эхлүүллээ. Бондыг 3 үе шаттай гаргаж арилжах бөгөөд эхний ээлжийн 600 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын захиалга нь 2021 оны гуравдугаар сарын 30-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дуустал явагдах аж. Хосолсон бондын захиалгыг эхлүүлэх, цан цохих үйл ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцов. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус бондоороо 5 төсөлд хөрөнгө оруулна гэж мэдэгдлээ.
"Рио Тинто" Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн шинэ захирлаа зарлалаа
“Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилсноо (2021.03.29) зарлалаа. Х.Амаржаргал нь “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа, энэ дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд хувь нийлүүлэгчидтэй хамтран ажиллах, “Рио Тинто”-гийн Монгол дахь салбар оффисийг удирдах юм. Мөн “Рио Тинто" группийн олон улсын үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийн үйл ажиллагааг хариуцна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын А-22 тоот тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны 96 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 24-36 сарын хугацаатай, тус бүр 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, 2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бондыг бүртгэжээ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 2 их наяд төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэх юм.
Ирэх долоо хоногт Засгийн газар “Рио Тинто”-той Оюутолгойн хэлэлцээрийг эхлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж буй тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар (2021.03.26) танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон “Рио Тинто” компанийн төлөөлөл хоорондын хэлэлцээрийг ирэх долоо хоногт эхлүүлнэ” хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээрт бэлтгэн нэлээд олон удаа хуралдаж, хэлэлцээрээр ярих асуудлуудаар саналаа (2021.03.27) нэгтгэж буй аж. Ингээд ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээрийн удирдамжийг батлуулахаар төлөвлөжээ.
“Mitsui” корпораци Чилийн зэсийн “Collahuasi” уурхайд хувь эзэмшлээ нэмэгдүүлэв
Японы “Mitsui Mining and Smelting” компани Чили улс дахь “Collahuasi” уурхайн 0.97% эзэмшлээ толгой корпораци “Mitsui & Co”-д худалдаж, зэсийн бизнесээ орхиж буйгаа мэдэгджээ. Нийт 9.5 тэрбум иен буюу 87.5 сая ам.долларын тус хэлэлцээр гуравдугаар сард багтаж дуусах аж. Ингэснээр “Mitsui” корпораци нь дэлхийн зэсийн хоёр дахь том уурхайн 12%-ийг эзэмшлээ. Эл уурхайн үлдсэн хувийг эзэмшигчид нь “Anglo American”(44%) болон “Glencore” (44%) компаниуд юм. Энэхүү худалдааны хэлэлцээр нь 2023 он хүртэлх “Mitsui” корпорацийн хөгжлийн стратегийн төлөвлөгөөтэй холбоотой болохыг мэдээлэлд дурджээ. Уг корпораци 1990 оноос Чили улсад зэсийн төслүүд эзэмшсэн дунд “Los Bronces”, “El Soldado” уурхай багтдаг байна.
Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 6.8%-иар өсөх төлөвтэй
Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн шинэчилсэн тайланг (2021.03.26) танилцууллаа. Тус тайланд бүс нутгийн эдийн засаг болон БНХАУ, Монгол Улс, Вьетнам зэрэг улс орны өсөлтийн төлөв, цар тахлын нөлөө, голлох эрсдэлүүд багтсан байна. 2020 онд Хятад, Вьетнам улсын эдийн засаг V хэлбэрээр сэргэж КОВИД-19-ийн өмнөх түвшинг давжээ. Бусад томоохон эдийн засагтай улс орнуудад эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшнээс дунджаар 5 орчим хувиар доогуур хэвээр байна. Энэхүү зөрүү нь Индонез улсын хувьд хамгийн бага (2.2%), харин Филиппин улсад хамгийн их (8.4%) байгаа юм. Тайланд дурдсанаар, 2021 онд Хятадын эдийн засаг 8.1%, Вьетнам улсынх 6.6%-иар өсөх төлөвтэй. Харин Монгол Улсын эдийн засаг энэ онд 6.8%-иар өсөх төсөөлөлтэй байгаа юм.
Австрали нүүрсний экспортын төмөр замаа хэсэгчлэн нээж эхэлжээ
Австралийн “Rail Track” компанийн (2021.03.24) мэдэгдсэнээр, нүүрсний Хантер Валли сав газраас нүүрсний экспортын хамгийн том боомт Ньюкасл хүртэлх төмөр замыг хэсэгчлэн нээж байна. Шинэ Өмнөд Уэльс мужид долоо хоног үргэлжилсэн борооны улмаас нүүрсний экспортын гол төмөр замын хөдөлгөөнийг (2021.03.18) хаасан юм. Энэ нь сүүлийн 50 жилд тохиож буй хамгийн ширүүн бороо аж. 2020 онд уг төмөр замаар нийт 158 сая тонн нүүрс Ньюкасл боомт руу тээвэрлэжээ. Тухайн төмөр зам нь “BHP”, “Glencore”, “New Hope”, “Whitehaven Coal” болон “Yancoal Australia” зэрэг компаниудын түүхий эдийн экспортын тээврийг хангадаг.
Австралийн “Mineral Resources” компани жилд 100 сая тонн төмрийн хүдэр олборлоно
Австралийн “Mineral Resources” (MinRes) компани Пилбара дахь төмрийн хүдрийн “Wonmunna” уурхайд олборлолтын үйл ажиллагаагаа эхэлжээ. Эхний ээлжинд жилд 5 сая тонн төмрийн хүдэр олборлох бол хүчин чадлыг 10 сая тоннд хүргэх зорилттой. 2020 оны хоёрдугаар хагаст, MinRes нь “Iron Valley” болон “Koolyanobbing” уурхайгаас төмрийн 58-60%-ийн агууламжтай нийт 7.9 сая тонн хүдэр олборлосон байна. Ойрын жилүүдэд тус компани нь төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 2023-2024 онд Пилбарад төмрийн хүдрийн “Lamb Creek”, “Wedge” зэрэг хоёр уурхайг нэмж шинээр ашиглалтад оруулахаар бэлтгэж буй аж.
Монголбанк: Бодлогын хүүг 6%-д хадгална
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал (2021.03.24) болсон юм. Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны нөхцөл, эрсдэлийг харгалзан үзэж санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор бодлогын хүүг 6%-д хадгалж, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны хоёрдугаар улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Энэ санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ, 200-аас дээш ажилтантай худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөв. Жилийн инфляц 2021 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 2.6%, Улаанбаатар хотын хэмжээнд 2%-тай байна. Эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө ирэх улирлуудад эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх бол шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр нийлүүлэлтийн шалтгаантай инфляц цаашид өсөхөөр байгааг Төв банк мэдээлэлдээ дурджээ.
Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар салбарын бодлого, хэрэгжилтийг хэлэлцжээ
УИХ-ын Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаанаар (2021.03.24) хүнд үйлдвэрлэлийн салбарын бодлогын баримт бичиг болох Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан ажлуудын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ.
Трафигура: Зэсийн ханш 15000 ам.долларт хүрнэ
Дэлхийн түүхий эдийн худалдааны томоохон байгууллага “Трафигура” нь зэсийн ханш ирэх арван жилд 15 мянган ам.доллар/тонн-д хүрнэ гэж тооцоолжээ. Сүүлийн нэг жилд өрнөсөн зэсийн ханшийн өсөлт нь цар тахлын дараах нийлүүлэлтийн саатал, Хятадын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байсан. Харин цаашид дэлхийн улс орнуудын ногоон шилжилттэй зэрэгцэн зэсийн эрэлт улам бүр өсөх тооцооллыг дэвшүүлж байна. Энэ үйл явц нь хомсдол гүнзгийрч болзошгүйг илтгэнэ. Энэ онд зэсийн ханш 10 мянган ам.долларыг босгыг давна гэсэн төсөөллийг “Трафигура” дэвшүүллээ. Харин урт хугацаандаа 12-15 мянган ам.долларт зэсийн ханш хэлбэлзэнэ гэж тооцоолж байна. Цөөнгүй банкууд энэ онд зэсийн ханш 10 мянган ам.доллар давах төлөвийг дэвшүүлж буй юм.
Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг хуралдав
УУХҮ-ийн сайдын зөвлөх Р.Очбадрах ахалсан Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал (2021.03.22) болжээ. Тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож хуулийн төсөлд реформын шинжтэй томоохон асуудлыг тусгах шаардлагатай байгааг онцолсон байна. Хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга холбогдох бусад хуулиудтай хэрхэн уялдах, хийгдсэн судалгааны ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй санал бодлоо солилцжээ. Ажлын хэсэгт УУХҮЯ, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, АМГТГ, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын экспортлогчдын холбооны төлөөллүүд багтаж байна.
Монголын нүүрс, баяжмал тээвэрлэлтийг хэвийн үргэлжүүлэх асуудлыг Баяннуур аймаг шийдвэрлэнэ
УУХҮ-ийн сайд Г.Ёндон цахимаар “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзалт (2021.03.23)хийжээ. Оюутолгойн уурхайд коронавирусын 2 тохиолдол гарсантай холбоотойгоор компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч хөдөлгөөнийг түр зогсоон, гүний уурхайн 3500 гаруй ажилчдыг тусгаарлан ойрын хавьтлуудыг тогтоох, уурхайн нийт ажилчдад шинжилгээ хийх, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, баяжмал тээвэрлэгч 200 гаруй жолооч нарыг вакцинжуулалтад хамруулан хамгаалалтын хэрэгслээр ханган ажиллаж буй талаар мэдээлсэн байна.
Эхний хоёр сард Хятадын нүүрсний импорт 39.5%-иар буурчээ
Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эхний хоёр сард тус улс 620 сая тонн нүүрс олборложээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-иар нэмэгдсэн дүн боллоо. Мөн хугацаанд Хятад улс 41.13 сая тонн нүүрс импортолсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 39.5%-иар буурсан үзүүлэлт юм. 2020 оны байдлаар, дэлхийн нийт нүүрсний олборлолтын 51%-ийг Хятад бүрдүүлжээ. Тэгвэл тус улсын нүүрсний импорт нийт хэрэглээний 7.1%-ийг бүрдүүлж байна. БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025 он) дуусах үед тус улсын нүүрсний олборлолтын хэмжээг жилд 4.1 тэрбум тонн байхаар төлөвлөж буй юм.
Хэбэй мужийн гангийн 23 үйлдвэрийн гарцыг хязгаарлав
Хэбэй мужийн төмөрлөгийн 23 үйлдвэрийн гарцыг гуравдугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хязгаарлахаар Таншан хотын Засаг захиргаанаас шийдвэрлэжээ. Энэ нь жилийн эцэс гэхэд тус хотын агаарын бохирдлыг 30-50% бууруулах зорилттой холбоотойг “S&P Global Platts” мэдээлэв. Тус агентлагийн тооцоолсноор, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч бүс нутгийн үйлдвэрлэл 35 сая тонноор буурахаар байна. Улмаар ойрын саруудад төмрийн хүдрийн үнэ буурахад нөлөөлнө гэж шинжээчид таамаглажээ.
“Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж” хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ
“Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг (2021.03.22)байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд, газрын ховор элементийн сургалт судалгаа, дадлага туршлага солилцох, ГХЭ-ийн техник технологийн талаарх мэдээлэл болон мэргэжилтэн солилцох аж. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 176 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж”-ийг байгуулсан юм.
“Айвенхоу Майнз”: “Камоа-Какула” төсөлд 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна
Канадын “Айвенхоу Майнз” компани нь Конго дахь “Камоа-Какула” төсөлдөө нэмж 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа өндөрлөж буйг мэдэгджээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг татахдаа тус компани жилийн 2.5%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай бонд гаргасан байна. Компанийн бондыг Европын Холбоо болон АНУ-ын тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангууд ихээхэн сонирхсоныг компанийн Удирдах зөвлөлийн дарга Роберт Фридланд мэдэгджээ. Ирэх зургадугаар сараас “Камоа-Какула” төслийн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, зэсийн олборлолтын үйл ажиллагааг тогтмол явуулахаар төлөвлөжээ.
ЗТХ-ийн сайд төмөр замын төслүүдийн явцтай танилцжээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2021.03.21) Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцжээ. ЗТХ-ийн сайд гүйцэтгэл удаашралтай байгаа хэсгүүдийн учир шалтгааныг тодруулж, хариуцсан байгууллага, хүнтэй холбогдон арга хэмжээ авч, гүүр хоолойд хийх шаардлагатай нэмэлт ажиллагаа, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах арга зам, гарц шийдлийн талаар гүйцэтгэгч нартай санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Moody’s: Төмөр зам ашиглалтад орсноор экспорт улам бүр сэргэнэ
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгож сайжруулснаа зарлалаа (2021.03.16). Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлснийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ. Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна донор байгууллагуудын эх үүсвэрээр хамтран санхүүжүүлсэн нь Засгийн газрын дахин зээл авах хэрэгцээг бууруулсан байна.
Алт олборлогчдод олгох санхүүжилтийн хугацааг сунгажээ
УИХ-аас (2020.12.31) Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ дагуу хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 онд үргэлжлүүлэн олгохоор болов.Энэхүү журмаар богино хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 2021 он дуустал сунгаж, урт хугацаат зээлийн санхүүжилтийн хугацааг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгон өөрчилж байна. Журамд өөрчлөлт орсноор, алт олборлогч компаниудад тулгамддаг эргэлтийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, алт олборлолт нэмэгдэх улмаар улсын төсөвт алтнаас төвлөрүүлэх орлого нэмэгдэх юм.