Шинэ мэдээ
Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журмыг баталлаа
Засгийн газрын хуралдаанаар (2021.03.17) “Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх журам”-ыг хэлэлцэн баталжээ. Уг журам батлагдсанаар гадаад хүчин зүйлсээс хамаарч шатахууны хангамж тасалдах, хомстол үүсч болзошгүй тохиолдолд төрөөс газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэх замаар шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдэж буйгаараа ач холбогдолтой юм.
“Оюутолгой”-д бүртгэгдсэн халдварын тохиолдолтой холбоотойгоор боомтын тээвэр буурчээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2021.03.19) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай утсаар ярьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцжээ. Сүүлийн өдрүүдэд хоёр улсын Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс, зэсийн баяжмал тээвэрлэсэн автомашины тоо буурч байна. Энэ нь “Оюутолгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдолтой холбоотой болохыг Хятадын Элчин сайд тайлбарлажээ.
ЕСБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал (2021.03.19)Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ)Төв ази хариуцсан Бүс нутгийн тэргүүлэх эдийн засагч Эрик Ливниболон бусад эдийн засагч, банкир, шинжээчдийн төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ. Уулзалтаар, УУХҮЯ-ны зорилт,стратеги төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон ажлуудын талаар танилцуулсан байна. СБХБ-наас Монгол Улсад баримтлах 5 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд “Рио Тинто” компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой (2021.03.18) цахим уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд, “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлсэн байна. Тодруулбал, Засгийн газрын ХЭГ-ын дарга байхдаа ”Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд (2021.01.04)илгээсэн албан бичигт дурдсан асуудлуудыг тус компанийн зүгээс цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Тэрээр, мөн Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Удоканы зэсийн үйлдвэрийн туузан дамжуургын угсралт эхэлжээ
Оросын зэсийн Удоканы ордын төслийг хэрэгжүүлэгч “Удоканская медь” компанийн мэдээлснээр, үйлдвэрлэлийн хүдрийн анхдагч бутлуур болоод туузан дамжуургын барилгын ажил эхэлжээ. Эхний ээлжид хүдрийн анхдагч бутлуурын хэсгээс Баяжуулах үйлдвэрийн цогцолбор хүртэл нийт 2.8 км урт туузан дамжуурга (конвейер) угсарч байна. Туузан дамжуургын анхны тээвэрлэлтийг 2021 онд багтаан туршихаар төлөвлөжээ. Анхдагч бутлуурын тухайд цагт 2000 тонн хүдэр бутлах хүчин чадалтай. Энэхүү орд нь цаг уурын болоод газрын тогтцын хүнд нөхцөлтэй учир үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд автомашин болон туузан дамжуургын хосолсон тээврийг ашиглана гэдгийг компанийн Ерөнхий захирал Герман Миронов мэдэгджээ.
Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордын уурхайчдыг вакцинжуулалт хамруулж эхэллээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уурхайчдад вакцин хийж эхлэх гэж буйтай холбогдуулан дархлаажуулалтын 4 багийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд (2021.03.18)ажиллалаа. Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд уурхайн ажилчид вакцинд хамрагдаж байна. Эхний ээлжинд Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордын уурхайн ажилчдыг дархлаажуулалтад хамруулахаар 10200 тун вакциныг хүргэжээ.
Fortescue Metals: 2030 онд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй болно
Австралийн төмрийн хүдрийн томоохон тоглогчдын нэг “Fortescue Metals Group” компани үйл ажиллагаагаа чулуужмал түлшнээс ангид буюу “ногоон горим”-д шилжүүлэх хугацааг 2030 он гэж товлосноо (2021.03.15) зарлалаа. “Fortescue Metals” нь хүлэмжийн хийн ялгаруулалтгүй үйл ажиллагаатай болох 2040 оны зорилтоо ийнхүү арван жилээр наашлуулжээ. Харин уул уурхайн бусад томоохон компани болох “Рио Тинто”, “BHP”-ийн тухайд ийм зорилтоо 2050 он, “Англо Американ” 2040 он гэдгээ зарласан юм. Ингэснээр “Fortescue Metals” хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд салбартаа хамгийн зоримог амлалтыг өгч буй компани боллоо.
Дэлхийн уул уурхайн салбарт хийгдсэн 5 том хэлэлцээр
2020 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг хил дамнасан хэлэлцээрийн нийт мөнгөн дүн 7.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай Их Британийн судалгааны “GlobalData” компани мэдээлсэн байна. Тухайн хэлэлцээрийн дүнг харьцуулж үзвэл, өмнөх гуравдугаар улирлынхаас 594%-иар нэмэгдэж, сүүлийн дөрвөн улирлын дундаж үзүүлэлтээс 71.5%-иар өсчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын нийт хэлэлцээрийн 79.3% буюу 6.11 тэрбум ам.доллар нь 5 хэлэлцээрт хамаарч буй аж.
“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулган эхэллээ
“Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” уриатай “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний III чуулганыг “Эрдэс баялаг эмэгтэйчүүд” НҮТББ өнөөдөр цахимаар зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулган нь цар тахлын нөхцөл байдалд байгаа хэдий ч цахим боломжийг ашиглан ажлын байрандаа ажиллаж буй салбарын эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, тэдэнд жендэрийн болон хариуцлагатай уул уурхайн ойлголт, мэдлэгийг өгөх, идэвхжүүлэх, урам зориг өгөх, чиглүүлэхийг зорьж байгаа хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцоллоо. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Канадын МЕРИТ төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК энэхүү чуулганыг хамтран зохион байгуулж байгаа юм.
Оюутолгойн “шинэ дүрэм”
Оюутолгой төслийн хэлэлцээрт эргэлт гарч эхэллээ. Төслийг Монголын талд илүү өгөөжтэй болгох чиглэл рүү нөхцөл байдал эргэсэн мэт харагдана. Учир нь “Рио Тинто” компани гэрээг өөрчлөхөд нээлттэй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Компанийн хуучин захирал Жан Себастьян Жак зөвхөн гэрээний хүрээнд зөвшилцөх боломжтой гэдэг байсан нь ийнхүү шинэ захирал Якоб Стаусхолмын үед уян хатан байр сууриар солигдов. “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгой нь хамгийн өсөлттэй төслийн тоонд багтаж явдаг. Энэ төслийн уурхайн олборлолтын зардал бага, хүдрийн металын агуулга өндөртэй нь Оюутолгойг “шар тос” болгож буй давуу талууд юм. Мөн ногоон металын хувьд зэс уул уурхайн томоохон компанийн үйл ажиллагааны бүтцэд багтсан байх нь ихээхэн ач холбогдолтой. Иймд Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа ойртсон энэ үед “Рио Тинто”-ийн “чих зөөлөрч” байна.
Хятад литийн үйлдвэрлэлийн кластер Түвдэд байгуулна
Дэлхийн литийн томоохон үйлдвэрлэгч “Jiangxi Ganfeng” компани нь Хятадын Цинхай муж дахь литийн “Yiliping” төслийн 49%-ийг 1.47 тэрбум юаниар (225 сая ам.доллар) худалдан авчээ. Харин төслийн үлдсэн 51%-ийг төрийн “China Minmetals” корпораци эзэмшиж байна. “Yiliping” төслийн орд нь 17 сая тонн литийн нөөцтэй аж. Хятадын “Jiangxi Ganfeng” компанийн үндсэн төслүүд Аргентин, Мексик, Австрали болон Ирланд улсад хэрэгжиж буй юм. Тиймээс тус компани дэлхийд өрсөлдөхүйц литийн үйлдвэрлэлийн кластерыг Түвдэд байгуулах ажлаа түргэтгэх шаардлагатайг БНХАУ-ын дарга Си Жинпины мэдэгджээ
Орос тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зам тээврийн дэд бүтцийн асуудлаар (2021.03.11) онлайн хуралд оролцжээ. Тэрээр тээврийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулахыг үүрэгдсэн байна. Дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Мөн ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэх дэд бүтцийн томоохон төслүүдийг хэлэлцсэн бөгөөд төлөвлөгөөг дөрөвдүгээр сард Кремльд танилцуулах аж. “Элегест-Кызыл-Курагино” (410км) болон “Тында-Комсомольск-Ванино” (1000 гаруй км) чиглэлд төмөр зам барих, Баруун Сибирийн нефть-химийн үйлдвэр байгуулах төслүүдийг Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөж буй.
Төрийн өмч эрдсийн салбарт “ноёлох” цагаар...
Цар тахлын хүнд нөхцөлд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” монголчуудыг хэсэгтээ амсхийлгэх боломжийг олгож байна. Гэхдээ бид “Эрдэнэс Монгол” гэх “их айл”-ыг мартаж болохгүй. Төр 100%-ийн эзэмшилтэй тус компани нь үйл ажиллагааны цар хүрээгээ дан ганц стратегийн гэлтгүй стратегийн бус ордууд эзэмших замаар тэлж байна. Үр дүнд нь ахмадуудын зээлийг тэглэх, зээлгүй ахмадад “хишиг” олгох, цар тахлаас үүдсэн эдийн засгийн уналтаас мултрахад шаардлагатай зарим санхүүжилтийг орд барьцаалан бонд босгох замаар шийдвэрлэхээр компани хөдөлж байна.
Ийнхүү цар тахлын нөхцөл байдалтай зэрэгцэн төрийн өмчит уул уурхайн компаниуд ердийн үеийнхээс хавьгүй илүү “тодрон гялалзаж” байна. Цаашид ч манай улс уул уурхайн салбарт төрийн өмчит компаниудын үүрэг оролцоог улам бүр нэмэгдүүлэх хандлагатай байна. Энэ нь үнэхээр зөв үү? Хариулт нь засаглал ямар байхаас бүх зүйл хамаарна.
MONGOLIA MINING 2021 үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдана
Mongolia Mining 2021 Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнг арав дахь жилдээ 5 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулахаар төлөвлөЖ байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
Төмрийн хүдрийн “Нимба” төслийг эхлүүлэхэд 200 сая ам.долларын санхүүжилт татна
Роберт Фрийдландын үүсгэн байгуулсан Канадын “High Power Exploration” компани 200 сая ам.долларын санхүүжилт хөрөнгө оруулагчдаас татах болсноо мэдэгджээ. Энэхүү санхүүжилтийг Гвиней улс дахь төмрийн хүдрийн “Нимба” ордын төслийг хэрэгжүүлж эхлэхэд зарцуулах аж. “Нимба” орд нь сайн чанарын төмрийн хүдрийн 1 тэрбум тонн нөөцтэй. Ордыг эзэмших эрхийг “High Power Exploration” компани 2019 онд авсан байна. Тус компани “Нимба” төслийн 85%-ийг эзэмшдэг бол үлдсэн 15% нь Гвиней улсын Засгийн газрын мэдэлд буй. “Нимба” орд нь Гвиней улсын төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордын ойролцоо оршдог.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өсөлттэй гарчээ
“Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор 2020 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.4 их наяд төгрөгт хүрч, өнгөрөгч оны мөн үеэс 12.6%-иар буурсан ч уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 25.7%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 1.4%-ийн өсөлттэй гарчээ.
2025 онд Орос 174 сая тонн нүүрс Ази-Номхон далайн орнууд руу экспортолно
ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдэгдлээр, тус улс 2025 он гэхэд Ази-Номхон далайн орнууд руу хийх нүүрсний экспортын хэмжээгээ 174 сая тоннд хүргэж, 2020 оны үзүүлэлтээс 42%-иар нэмэгдүүлэх төлөвтэй. Мөн нүүрсний импорт эрчимтэй өсч буй Энэтхэг, Вьетнам, Тайланд зэрэг орны зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ чиглэлд Орос 60 сая тонн нүүрс экспортлохоор тооцжээ. 2016-2020 онд Ази-Номхон далайн орнууд руу Оросын нүүрсний экспорт 40%-иар нэмэгдсэн тухай Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский танилцуулсан байна. 2019 онд тус улсын хэмжээнд 338 сая тонн эрчим хүчний нүүрс, 103 сая тонн коксжих нүүрс олборложээ.
УУХҮЯ: Төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын тендер зарлана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ээлжит шуурхай хурал (2021.03.10)болов. Тус хурлаар 13 асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, шинэ нисэх буудлын түлш хангамжийн асуудлыг судлах, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулах, газрын тос дамжуулах хоолойн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад зарлах, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт ажиллах, Биржийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын танилцуулга бэлтгэх, төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажлын тендерийг зарлах, алтны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох журмыг Монголбанктай хамтран эцэслэх асуудлууд багтаж байгаа юм.
Төрийн ашиггүй компаниудыг 100 хоногт багтаан цэгцэлнэ
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлийн хэлбэр, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох зэрэг чиглэлээр хийж байгаа ажлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. Засгийн газар олон жил ашиггүй, үр дүнгүй, алдагдалтай, зардал ихтэй ажилласан төрийн өмчит компаниудтай холбоотой асуудлыг эхний 100 хоногтоо багтаан эцэслэхийг зорьж байна. 2019 оны байдлаар төрийн өмчит 107, орон нутгийн өмчит 339 компани 37 их наяд төгрөгийн өр төлбөртэй, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ.
Зэс, нүүрс, газрын тосны экспорт хамгийн өсөлттэй гарлаа
Зэсийн баяжмалын экспорт оны эхний хоёр сард 226 мянган тонн буюу 437 сая ам.долларт хүрлээ. Энэ нь жингээр 17.5%, мөнгөн дүнгээр даруй 99.4%-иар өссөн дүн юм. Үүнд зэсийн ханшийн өсөлт болон Оюутолгойн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж буй нь голлон нөлөөлж байна. Төмрийн хүдрийн экспорт орлогын дүнгээр эрдсийн борлуулалтад гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Хэдийгээр төмрийн хүдрийн борлуулалт биет жингээр буурсан ч, борлуулалт 50 орчим хувиар өсчээ. Төмрийн хүдрийн ханш зах зээлд өсөлтөө хадгалсаар байгаа юм.