Шинэ мэдээ
Газрын тос дамжуулах хоолой барих төслийн сонгон шалгаруултыг зарлажээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (2021.03.03) “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дорнод аймгийн нутаг дахь Тамсагийн ордоос түүхий тос дамжуулах 530 км урт хоолой, шаардлагатай дагалдах байгууламжийн хамт иж бүрнээр барих төсөл юм. Энэ нь Дорноговь аймгийн нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын хариуцах хамгийн том хөрөнгө оруулалт юм. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг урт хугацааны бага хүүтэй эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэж УУХҮЯ-наас мэдээлжээ.
Шинэ засгийн амбиц
Манай улсын 100 гаруй төсөлд 57 их наяд төгрөг шаардлагатай байна. Энэ дөрвөн жилд 10 хүрэхгүй их наяд төгрөгийг улсын төсвийн санхүүжилт болон төсөвт хамааралтай гадаад доноруудаас урт хугацааны санхүүжилт авч зарим төслөө урагшлуулах урьдчилсан төлөв гарчээ. Харин 47 гаруй их наяд төгрөгийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн концесс хэлбэрээр, хувийн хэвшлээр 100% хэрэгжүүлэх зэргээр санхүүжилтийн боломжит бүх хувилбарыг Сангийн яам ид судалж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжөөр нь ангилан, эдийн засаг дотроо импортыг орлох, экспортын орлого оруулах байдлаар нь эрэмбэлсэн тэргүүлэх 100 төслийг шинэ Засгийн газар ажлын 100 хоногийн дараа олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. Дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар төсөл, эх үүсвэрүүд илүү тодрох бололтой. Төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих “лоозон” одоо л хэрэгжих цаг үе.
Путин нүүрсний экспортын шинэ төмөр замын төслийг дэмжжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин (2021.03.02) нүүрсний салбарын асуудлаар цахим хурал хийжээ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэ төмөр замын төслийг РЖД компани хэрэгжүүлэхийг дэмжсэн байна. Тодруулбал, Якутын бүс нутгаас Алс Дорнодын далайн боомт хүртэлх 1000 гаруй км үргэлжлэх “Тында-Комсомольск-Ванино” чиглэлд төмөр зам барих төсөл юм. Уг төмөр зам нь Якутын ордуудаас нүүрсийг Хятад руу экспортлох гол дэд бүтэц болох аж. Шаардлагатай тохиолдолд шинэ төмөр замын төслийн санхүүжилтийг ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас гаргах боломж буйг Ерөнхийлөгч Путин мэдэгдэлдээ дурджээ.
Алтан цагаан овоо ордын нөөц 2 дахин нэмэгджээ
“Степ голд” компанийн эзэмшлийн Алтан цагаан овоо алтны ордын нөөц 1.22 саяас 2.45 сая унц болж хоёр дахин өссөн байна. Уг нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулна. Анхдагч хүдрийн нөөц нэмэгдсэнээр төслийн үргэлжлэх хугацааг уртасгаж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
“Рио Тинто”-ийн борлуулалтын орлого 44.6 тэрбум долларт хүрэв
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
Эрдэс баялаг-эмэгтэйчүүд үндэсний III чуулган цахимаар болно
Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо II чуулган “Хамтын хүч хөгжлийн гарц” уриан дор (2021.03.16) болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь уриан дор цахимаар хуралдах юм. Одоогоор эрдэс баялгийн салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.
Зэсийн Быстринский төсөлд Орос, Хятадын компаниуд опцион гэрээ байгуулав
Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр, опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
Монгол Улсын татварын актыг “Оюутолгой” компани хэрэгжүүлэн төлбөр барагдуулж эхэллээ
Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна. Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.
Бүрэн автомат технологитой тэсрэх бодисын үйлдвэр ашиглалтад орно
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж. Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.
Засгийн газар уул уурхайн бодлогоо хэрэгжүүлье гэвэл...
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд уул уурхайн салбарт баримтлах бодлогоо үйл ажиллагааны хөтөлбөртөө үндсэндээ тусгасан. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлж гаргасан уг хөтөлбөрийг ердөө зургаан сарын настай, дээр нь КОВИД-19 цар тахлын эсрэг бодитой ажиллаж чадаагүй гэсэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас огцорсон У.Хүрэлсүхийн танхимын ажлуудыг дүгнэхэд мэдээж эрт байна. Гэхдээ аль төсөл нь магад бодитой хэрэгжих аль нь хэрэгжих боломжгүйг одооноос хэлж ярьж, тооцоо судалгааг танилцуулж байхад буруудахгүй.
“Рио Тинто” PCR оношилгооны цогц лабораторыг Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө
“Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн (02.24) өглөө. “Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцолжээ.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын “шинэ эгэл”-ийг судлахуйд
Байгалийн баялгийн салбарт засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад мэдээллийн ил тод, нээлттэй байдал хөтлөн чиглүүлэх учиртай. Монгол Улсад энэ чиглэлд жилээс жилд ахиц дэвшил гарч, асар их мэдээлэл нээлттэй болсоор байна.
Уул уурхайн салбарт ТӨК-иудын үүрэг, нөлөө онцгой их байгаа өнөөгийн нөхцөлд ил тод байдлыг хангаснаар тэдний засаглал, ашигт ажиллагаа нэмэгдэх суурь бүрдэх юм. Энэ чиглэлээрх тодорхой нэг алхам нь 2014 онд батлагдан, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг нийтэд ил болгон мэдээлэх эрх зүйн орчныг бий болгосон Шилэн дансны тухай хууль юм. Уг хуулиар /www.shilendans.gov.mn/ сайтад маш их тоон мэдээлэл нээлттэй болж байна.
Монголбанк: Арилжааны банкуудад 200 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгов
Оны нэгдүгээр улиралд Мөнгөний бодлогын хорооноос 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу (2021.02.22) Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн банк, Богд, Капитрон болон Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах нөхцөлтэй газар дээр нь танилцана
Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ггүйцэтгэх захирал Д.Хаянхярваа тэргүүтэй албаны хүмүүс (2021.02.16)ОХУ-ын “Газпром” компанийн удирдлагуудтай онлайнаар хуралджээ. Талууд “Сибирийн хүч 2”-ийн хийн хоолойг Монголын нутгаар барих хэсгийн төслийн ТЭЗҮ-ийг хийх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Хурлаар төслийн “Эрдэнэс Газ” нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд ОХУ-аас байгалийн хийг БНХАУ-ад нийлүүлэх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явцыг танилцуулжээ. Одоогийн байдлаар байгалийн хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай материалыг бэлтгэн “Газпром” компанид хүргүүлсэн аж.
Стратегийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2 их наяд төгрөг зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.02.17) "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г баталлаа. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкин дахь 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьжээ.Цар тахлын улмаас 2019 онд 5.2%-ийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 6 орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
ҮСХ: 2020 онд уул уурхайн салбар 9.4%-иар буурав
Үндэсний статистикийн хороо 2020 онд манай улсын ДНБ-ий хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 37 их наяд төгрөгтэй тэнцэж, 2019 оныхоос 5.3%-иар буурсан тухай мэдээллээ. Энэ дундаа уул уурхайн салбарын үзүүлэлт 2020 онд 9.4%-иар буурсан байна. Үүнд нүүрс, газрын тосны олборлолт буурсан нь голлон нөлөөлсөн аж. Мөн аж үйлдвэр/барилгын салбар -1.1%, үйлчилгээний салбар -7.1%-иар тус тус буурчээ. Аж үйлдвэр/барилгын салбарын бууралтад хэдийгээр хүнсний үйлдвэрлэл өссөн ч нэхмэл бүтээгдэхүүний салбарын үйлдвэрлэл багассан нь голлон нөлөөлсөн байна. Үйлчилгээний салбар мэдэгдэхүйц буурсан нь тээвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ хумигдсантай холбоотой.
Юанийн өсөлтийн дарамт
2020 оны зургадугаар сараас эхлэн БНХАУ –ын эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн тус улсын валют бэхжсээр 1 ам.доллартай 6.5 юань тэнцэв. Энэ тухай Хятадын гадаад валют худалдааны газраас (2020.12.14) өдөр мэдээлсэн юм. Юанийн ханш америк долларын эсрэг найман сар тасралтгүй өсч байна. Энэ нь 2014 оноос хойших хамгийн удаан хугацаанд юанийн ханш “чангарсан” тохиолдол боллоо. Харин манай улсад 2020 оны эхний улиралд ам.долларын эсрэг төгрөг 4.2% суларсан юм. Улмаар ам.долларын ханш тогтворжиж, төгрөгийн өгөөж нэмэгдэж эхэлсэн. Гэтэл нөгөө талд 1 юань 440 төгрөгтэй тэнцэж өсчээ.
Зэсийн ханш 2012 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв
Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 2012 оны дөрөвдүгээр сараас хойших дээд үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, даваа гаригт (2021.02.15) Лондоны металын бирж дээр зэсийн үнэ тонн тутамдаа 8416 ам.доллартай тэнцсэн байна. Тэгвэл 2012 оны хамгийн дээд ханш нь 8655 ам.доллар/тонн-оор тэмдэглэгджээ. Энэ янзаараа зэсийн ханш 2012 оны дээд ханшийн үзүүлэлтийг давахад ойрхон байна. 2021 он гарснаас хойш зэсийн ханш 8.8%-иар өслөө. Нэгдүгээр сарын эхээр Лондоны металын бирж дээр зэсийн үнэ 8000 ам.доллар давж байсан бол сарын сүүлчээр 8000 ам.долларын босгоос доошилсон юм. Гэвч хоёрдугаар сар гарсаар өсөлтөө хадгалж эхэллээ.
“Mitsubishi” компани Чилид зэсийн уурхайн хувь эзэмшжээ
Чилийн зэсийн “Mantoverde” уурхайн 30%-ийг 275 сая ам.доллараар Японы “Mitsubishi Materials” компани худалдан авчээ. Энэхүү хэлэлцээр 2020 оны хоёрдугаар сараас эхэлсэн ч КОВИД-19 цар тахлын улмаас хойшлуулсан байна. “Mantoverde” уурхайн хяналтын багцыг Их Британийн “Mantos Copper” компани эзэмшдэг аж. Тус компани нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөлд 784 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Өргөтгөлийн ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр болон замын дэд бүтцийг барьж байгуулна. Ингэснээр 2023 онд уурхайн хүчин чадал нэмэгдэж одоогийн үйлдвэрлэлийн хэмжээ 50-60 мянган тонноос 110 мянган тоннд хүрэх юм байна.
Ил уурхайд конвейер нэвтрүүлэх шийдлийг хэлэлцэнэ
Уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах боломж, нөхцөлийг хангахуйц дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шийдлүүдийн талаарх “Ил уурхайн тасралтгүй ажиллагаа“ онлайн хурлыг “Монгол нүүрс” ассоциаци зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар, туузан конвейерийн техник, туузан конвейерийн зураг төслийн зарчим, ил уурхайн уламжлалт хэлбэрийг тасралтгүй ажиллагааны технологитой харьцуулах, холын зайн конвейерийн тээвэр, туузан конвейер ба шанагат экскаватор, нуруулдагч, холигчийн харилцан уялдаатай ажиллагаа зэрэг шийдлүүдийг хэлэлцэнэ. Мөн энэ чиглэлээр Европт болон олон улсад хэрэгжүүлсэн төслүүдийг танилцуулна.