Компанийн мэдээлэл
“Barrick Gold”: Алтны “Loulo-Gounkoto” төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ
Канадын “Barrick Gold” (TSX:ABX)(NYSE:GOLD) компани Мали дахь алтны “Loulo-Gounkoto” цогцолбор төслийн гүний уурхайн эхний шатны олборлолт эхлэхэд бэлэн болсноо мэдэгджээ. Энэ нь тус компанийн гурав дахь том төсөлд тооцогддог. Энэ оны нэгдүгээр улиралд, энэхүү цогцолбор 193 мянган унц алт үйлдвэрлэжээ. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр жилд 640-700 мянган унц алтны үйлдвэрлэх хэмжээнд хүргэхээр зорьж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтаар “Бадрах Энержи” ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Тавантолгой төслийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон юм. Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй төслийг урагшлуулахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв.
“Эрдэнэт үйлдвэр” 364.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
2019 онд 933 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн тус үйлдвэрийн газар Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган Сангийн яамтай нягт хамтран ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар, тус үйлдвэр 364.8 тэрбум төгрөгийн дээрх зардалд төвлөрүүлээд байгаа гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд онцоллоо. Цаашид буюу долдугаар сарын 1 хүртэл үлдсэн зардлыг төлж барагдуулахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн гачигдалгүй байх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг мөн тодотгосон байна. 2021 оны эхний улирлын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100-143%-иар биелжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилахгүй
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2020 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж, 2020 оны олборлолтын төлөвлөгөөг 100 хувь, борлуулалтын төлөвлөгөөг 111 хувиар биелүүлж, нийт 1 их наяд 677.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлжээ. Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ.
“Шенхуа”-д олгосон нүүрсний тусгай зөвшөөрлийг Австрали эргүүлэн авна
Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар нь “Шенхуа” группын эзэмшиж буй ашигт малтмал олборлох эрхийг худалдаж авахаа мэдэгдсэн талаар “Sydney Morning Herald” сонин (2021.04.20) мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар, мужийн Засгийн газраас энэхүү эрхийг авахад 200 сая австрали долларыг (156 сая ам.доллар) Хятадын компанид төлөхөөр яригдаж байна. Тэгвэл Хятадын компанийн зүгээс тухайн зөвшөөрлөө эргүүлэн Австралид өгөх болсноо (2021.04.21) мэдэгдсэн болохыг sxcoal.com сайтад мэдээлжээ. Хантер Валли сав газрын эрчим хүчний, коксжих нүүрсний “Watermark” ордыг ашиглах эрхийн тендерээр 2008 онд “Шенхуа”-д тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.
Туркойз Хилл: Оюутолгойн алт олборлолт оны эхний улиралд 457%-иар өсөв
Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Оны эхний улиралд Оюутолгойн баяжуулах үйлдвэрт 9.81 сая тонн хүдэр боловсруулж, 201.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Ингэснээр зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 22.7%-иар өссөн байна. Энэ дундаа баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэс олборлолт 45.4 мянган тонн, алтных 145.7 орчим мянган унц байжээ. Энэ нь зэсийн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс 29%, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 9%-иар тус тус өссөн гэсэн үг. Харин алтны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс даруй 457%, өнгөрсөн дөрөвдүгээр улирлынхаас 66%-иар өссөн дүнтэй гарлаа.
Австралийн литийн томоохон компаниуд нэгдэнэ
Австралийн литийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэх “Orocobre”, “Galaxy Resources” компаниуд нэгдэхээр хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд бэлэн мөнгөний оролцоогүй буюу нийт 3.1 тэрбум ам.доллар бүхий үнэт цаасыг шилжүүлэх юм. Хэлэлцээ ирэх наймдугаар сард өндөрлөх төлөвтэй. Эдгээр компани нэгдсэнээр литийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд Чилийн “SQM”, АНУ-ын “Albemarle”, БНХАУ-ын “Ganfeng Lithium“ болон “Tianqi” компаниудын дараагаар тавдугаарт эрэмбэлэгдэх аж.
Орос газрын ховор металын Томторын ордыг 2022 оноос олборлоно
ОХУ-ын алтны олборлолтоор тэргүүлэгч “Полиметал” компани газрын ховор металын Томторын ордын төсөлд оролцохоор төлөвлөжээ. Энэ талаар тус компанийн тэргүүн Виталий Несис (2021.04.19) мэдэгдэхдээ асуудлыг ирэх арванхоёрдугаар сард компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх аж. Компанийн хувьд Красноярскийн нутаг дахь Чукутон, Эрхүү мужид орших Белозимин болоод Якутын Томтор гэсэн гурван ордын төслөөс сонгосон байна. Томтор нь газрын ховор метал, тэр дундаа ниобийн нөөцөөр дэлхийд эхний гуравт багтах орд аж. Тухай ордыг ашиглах төслийн нийт өртгийг 20 сая ам.доллар гэж өмнө нь тооцож байжээ.
Хятадад гангийн шинэ нэгдэл бий болно
Хятад улсын “Anshan Iron” болон “Benxi Iron” компаниуд нэгдсэнээр гангийн бас нэгэн томоохон групп бий болж байна. Шинэ групп нь ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох магадлалтай. Энэхүү нэгдлийн яриа хэлэлцээр 2000 оноос эхэлжээ. Эдгээр компаниуд нэгдсэн тохиолдолд жилийн гангийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 52 сая тоннд хүрч Японы “Nippon Steel” компанийнхаас давах аж.
Монголын нутгаар дамжуулах хийн хоолойн төслийн судалгааг баталжээ
ОХУ-ын байгалийн хийн транзит тээврийн “Союз Восток” төслийн барилгын техник-эдийн засгийн судалгааг (2021.04.12) баталсан тухай “Газпром” компани мэдээлжээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн “Сибирийн хүч 2” хоолойн нэг хэсэг болох юм. Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд, хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрөх боломжит чиглэл болон үргэлжлэх урт, диаметрын хэмжээ, даралт, шахах станцуудын тоог тодорхойлжээ. Ингэснээр уг төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн үр ашигтай байх урьдчилсан тооцоолол гарчээ. Хийн хоолойг Ямалын ордын баруун талаас Кранснояр мужийн нутаг хүртэл татахаар зураглажээ.
“Эрдэнэ Ресурс Девелопмент” корпораци Хар морь талбайн хайгуулын үр дүнг танилцууллаа
Монголын болон Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX:ERD | MSE:ERDN) нь “Хар Морь” талбайн хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулсан байна. Мөн цаашдын хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр, “Баян Хөндий” төслийн явцын талаар мэдээлжээ. “Хар Морь” талбайг шинээр нээсэн болохыг 2021 оны нэгдүгээр сард танилцуулсан билээ. Үүнээс хойш тус талбайд хайгуулын хѳтѳлбѳрийг гурван сарын турш хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, эхний улиралд хайгуулын 1900 тууш метрийн нийт 9 цооног ѳрѳмдсөн ба ѳрѳмдлѳгийн үр дүнгээр 1.74-4.24 г/т алтны агуулга бүхий интервалууд илрүүлжээ.
“Рио Тинто” Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөг “Туркойз Хилл Ресурс”-тэй тохирлоо
“Рио Тинто” Монгол Улс дахь Оюутолгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөөний хүрээнд “Туркойз Хилл Ресурс” компанитай ерөнхий зохицуулалтын гэрээ байгууллаа. Өмнө нь 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ийн хооронд байгуулсан санамж бичигт үндэслэн, энэхүү шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөөгөөр ойролцоогоор 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн болно.
“Рио Тинто” өнгөрсөн онд Монгол Улсад 277 сая долларын татвар төлжээ
Цар тахал дэгдсэн өнгөрсөн онд тус компани уурхайн үйл ажиллагаа болон бусад бизнес эрхэлдэг улс орнуудад нийтдээ 47 тэрбум ам.долларын эдийн засгийн хувь нэмэр оруулсны дотор 8.4 тэрбум ам.долларын татвар хураамж, роялти багтсан талаар мэдээлэв. Эдгээр үзүүлэлт нь 2019 оныхоос өсөлттэй гарчээ. Тухайлбал 2019 онд тус компанийн эдийн засагт оруулсан хувь нэмэр 45.1 тэрбум ам.доллар, тэр дундаа татвар, хураамжийн үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм. Тус компанийн голлох үйл ажиллагаа буюу төмрийн хүдрийн олборлолт төвлөрдөг Австралийн Засгийн газарт өнгөрсөн онд 6.8 тэрбум ам.долларыг татвар, хураамжид төлсөн байна.
Хятад 2.5 тэрбум тонн нөөцтэй төмрийн хүдрийн ордыг ашиглалтад оруулна
2022 оны зургаадугаар сард Хятадад төмрийн хүдрийн “Sishanling” ордын уурхайн эхний үе шат ашиглалтад орно гэдгийг Ляонин муж дахь Бэньси хотын намын хорооноос мэдэгджээ. Энэхүү төслийг гангийн “Jianlong” групп хэрэгжүүлж байна. Өмнө нь төлөвлөсөн ашиглалт оруулах хугацааг хагас жилээр наашлуулж буй. Хятадын томоохон ордуудын нэгд тооцогддог “Sishanling” нь 2.5 тэрбум тонн төмрийн хүдрийн батлагдсан нөөцтэй. Хүдэр дэх төмрийн дундаж агуулга 31.19% буюу тус улсын уурхайнуудын хувьд өндөр агууламжтайд тооцогддог байна. Гэсэн ч энэ нь Гвинейн Симандоу болон Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудын агууламжийн дэргэд бага агуулгатай харагдаж байна.
“Baowu” группын гангийн үйлдвэрлэл 115 сая тоннд хүрэв
Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baowu” групп өнгөрсөн онд 115 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 19.8%-иар өсчээ. Хятадын төрийн компанийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн нь гангийн үйлдвэрүүдийг групптээ нэгтгэн, худалдаж авсантай холбоотой аж. Тухайлбал, 2019 онд групптээ нэгтгэсэн “Magang Steel” компани л гэхэд өнгөрсөн онд 20.97 сая ган үйлдвэрлэсэн байна. Төлөвлөж буй бусад гангийн компаниудыг эзэмшсэнээр “Baowu” группын гангийн нийт үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 155 сая тоннд хүрнэ гэж тооцож буй.
“Newcrest Mining”: Зэс-алтны Red Chris төслөө гүний уурхайгаар өргөтгөнө
Австралийн алтны томоохон олборлогч “Newcrest Mining” компани нь Канад улсын Бритиш Колумбын бүс нутагт хэрэгжүүлж байгаа зэс-алтны Red Chris ордын нэмэлт хайгуулын дүнг зарлажээ. Компанийн мэдэгдсэнээр, тус ордод шинээр 3.7 сая тонн зэс, 13 сая унц алт бүхий нийт 980 сая тонн хүдрийн нөөцийг илрүүлж баталсан байна. 2014 оны арваннэгдүгээр сараас Red Chris ордыг ил аргаар олборлож эхэлсэн аж. Өнгөрсөн оны дүнгээр, ордоос 40 мянган тонн зэс, 73.8 сая унц алт тус тус олборлосон байна.
Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төвийг байгуулна
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд боллоо. Уг ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нар оролцож, гарын үсэг зурав.
Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт зогсчээ
“Turquoise Hill Resources” өчигдөр /2021.03.30/ Хятад, Монголын хил дээрх Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Оюутолгойн зэсийн баяжмалыг хилээр нэвтрүүлэхийг БНХАУ-ын талаас түр зогсоосон тухай мэдэгдэв. "Оюутолгой" компани Засгийн газартай хамтран тээвэрлэлтийг нэн даруй эргэн сэргээхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр “Оюутолгой” компани баяжмал худалдан авагч Хятадын компаниудад гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй (давагдашгүй хүчин зүйл/force majeure) болсноо зарлаж байна. “Оюутолгой” компанийн уурхайд Ковид-19-ын 2 тохиолдол батлагдсан. Халдвар гарснаас хойш уурхайн ажилтнуудад нийт 9726 удаагийн PCR шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан байна. Гэхдээ ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг түр зогсоосон. Харин ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
“ЭТТ бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” компани төгрөг болон ам.долларын хосолсон бондын анхны арилжааг өнөөдөр (2021.03.30) эхлүүллээ. Бондыг 3 үе шаттай гаргаж арилжах бөгөөд эхний ээлжийн 600 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондын захиалга нь 2021 оны гуравдугаар сарын 30-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дуустал явагдах аж. Хосолсон бондын захиалгыг эхлүүлэх, цан цохих үйл ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцов. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус бондоороо 5 төсөлд хөрөнгө оруулна гэж мэдэгдлээ.
"Рио Тинто" Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн шинэ захирлаа зарлалаа
“Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Х.Амаржаргалыг томилсноо (2021.03.29) зарлалаа. Х.Амаржаргал нь “Рио Тинто”-гийн Монгол дахь үйл ажиллагаа, энэ дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлд хувь нийлүүлэгчидтэй хамтран ажиллах, “Рио Тинто”-гийн Монгол дахь салбар оффисийг удирдах юм. Мөн “Рио Тинто" группийн олон улсын үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн төслүүдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Монгол дахь Мэдээлэл, технологийн төвийн үйл ажиллагааг хариуцна.