Компанийн мэдээлэл
“Эрдэнэс Монгол” Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтарч ажиллана
“Эрдэнэс Монгол” ХХК Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй компанийн чадавх, засаглалыг сайжруулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, талууд өнөөдөр (2020.04.07) гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь хараат бус, бие даасан байдлаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, эрх зүйн байдал болон баялгийн сан байгуулах, хөрөнгө удирдах, хөрөнгө оруулалт татах зэрэг асуудалд хөндлөнгийн дүн шинжилгээ хийх замаар техникийн зөвлөмж өгөх юм. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай сургалт, судалгаа, мэдээллээр хангахад хамтарч ажиллана.
Далд уурхайн бүтээн байгуулалт удаашрав
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр (2020.03.16) далд уурхайн бүтээн байгуулалтын явц COVID-19-ийн улмаас удааширч эхэлснийг мэдэгдсэн байна. “Рио Тинто” болон “Оюутолгой”-н багийн хувьд нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй коронавирусээс сэргийлэх арга хэмжээг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
SQM: Литийн ханш коронавирусын улмаас үргэлжлэн буурах төлөвтэй
Лити олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг Чилийн "SQM" компани цахилгаан автомашин болон дэвшилтэт технологи бүхий цахилгаан барааны зай хураагуурын гол орц түүхий эд болох литийн үнэ цаашид ч буурсаар байх төлөвтэйг мэдэгдлээ. Өмнө нь 2019 оны сүүлийн улиралд тус компанийн ашиг бараг 38%-иар буураад байсан юм. Сантиаго хотод төвтэй тус компанийн 2019 оны дөрөвдүгээр улирлын цэвэр ашиг 66.9 сая ам.долларт хүрсэн бол 2018 оны мөн үед 108.6 сая ам.доллараар илэрхийлэгдэж байжээ. Литийн хамгийн гол хэрэглэгч Хятад улс руу хийх худалдаа нь коронавирусын нөлөөгөөр саарах төлөвтэй гэдгийг компани онцолсон байна.
“Эрдэнэт үйлдвэр” технологийн төслийг эхлүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэр хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийнхээ дагуу тав, таван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээндээ томоохон хэмжээний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр ажиллаж буй. Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эдгээрийн нэг нь ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасах бөгөөд хүдэр олборлох өртгийг 20 хүртэл хувиар бууруулан жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарахаар тооцоолжээ.
“Эрдэнэ Ресурс” “Алтан нар” алтны төсөлд ашиглалтын тусгай зөвшөөрөл авлаа
Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс” компани Баянхонгор аймагт орших “Алтан нар” алт, полиметалын ордын төсөл дээр 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан тухайгаа мэдээллээ. Энэ талаар тус компанийн Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх захирал Петер Акерли “Алтан нар ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан нь Хөндий алтны дүүргийн хөгжүүлэлтэд чухал алхам боллоо. Төслийн тусгай зөвшөөрлийн талбай нь өндөр агуулга бүхий нөөц агуулснаас гадна Хөндий алтны төслийн техникийн тайланд: Баян хөндийн хүдэр боловсруулах үйлдвэрээр дамжуулан Алтан нарын хүдрийг олборлох боломжтойг тодорхойлсон. Эцсийн техник эдийн засгийн үндэслэлд Алтан нар хэрхэн Баян хөндий алтны төслийн ашиглалтын хугацааг уртасгах боломжтойг судалж байна. Мөн 2020 оны хайгуулын хөтөлбөрийг хоёрдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөөд байна” гэжээ.
Хятадын төр Симандоу орд дахь ”Чайналко” компанийн төслийг дэмжинэ
Гвиней дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын 39.95%-ийг эзэмшиж буй ”Чайналко” компанийн төслийг SASAC буюу Хятадын төрийн өмчийг хянах комисс дэмжжээ. Уг төслийг Хятадын хөгжлийн банк болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлэх хувилбарыг судалж байна. Симандоу ордын III, IV талбайг Хятадын “Чайналко” компани (39.95%) болон Австралийн “Рио Тинто” групп (45.05%) эзэмшдэг. Өмнө нь “Рио Тинто” групп өөрийн хувь эзэмшлээ 1.1-1.3 тэрбум ам.доллараар санал болгоход Хятадын компани татгалзсан юм. Гэхдээ 2017 онд “Чайналко” компани Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналаа Гвиней улсын Засгийн газарт тавьж, дангаараа хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Freeport-McMoRan: Зэс, алтны олборлолтоо 40%-иар нэмэгдүүлнэ
АНУ-д төвтэй, зэс олборлогч “Freeport-McMoRan” компани зэс, алт олборлолтынхоо хэмжээг 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тухай /03.09/ мэдэгдлээ. Мөн зэс олборлолтын зардлыг 25%-иар бууруулж, ойролцоогоор нэг фунт тутамд 1.30 ам.доллар болгохоор ажиллаж байна. Ингэснээр тус компанийн мөнгөн урсгалын хэмжээ 2021 онд өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин, түүнээс ч их хэмжээгээр нэмэгдэнэ гэж компани тооцоолж байна. Freeport Грасбэргийн гүний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Тухайлбал он гарснаас хойших хугацаанд буюу гуравдугаар сарын 5-ны байдлаар “Grasberg Block Cave” болон “Deep MLZ” зэрэг гүний уурхайн хүдэр олборлолт өдөрт дунджаар 35,000 тоннд хүрсэн нь 2019 оны дөрөвдүгээр улирлынхаас 35%-иар ахиу дүн боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуусав
“Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ТӨҮГ- т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа (2020.03.06)дуусгавар боллоо. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’, "Монголросцветмет’’ -д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Тус хугацааг дахин хасаг жилээс сунгасан нь энэ онд ийнхүү дуусч байгаа юм.
Хятадын гангийн үйлдвэрлэгч “British Steel” компанийг худалдан авлаа
Их Британийн гангийн хоёр дахь том компанийг Хятадын корпораци худалдан авах хэлэлцээр (2020.03.10) өндөрлөсөн байна. Тодруулбал, “British Steel” компанийн гангийн үйлдвэрүүдийн хувь эзэмшлийг 90 сая ам.доллараар Хятадын төмөрлөгийн “Jingye Group” корпораци худалдан авчээ. Хувь эзэмшилд Их Британи дахь гангийн 3 үйлдвэр, Нидерланд дахь 2 үйлдвэр багтсан байна. Ингэснээр дампуурахад хүрээд байсан “Teesside Beam Mill” болон “Skinningrove” зэрэг гурван гангийн үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхэд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ “Jingye Group” корпорацийн Ерөнхий захирал Ли Хуймин мэдэгджээ. Нөгөөтэйгүүр, энэхүү хэлэлцээр амжилттай болсноор “British Steel” компанийн 400 ажилтныг цомхтгож 3200 ажлын байрыг хадгалж байгаа юм.
“Мечел” компани Элга ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдана
Оросын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 51%-ийг худалдах тухай мэдээлэл цацагдсанаар Москвагийн хөрөнгийн бирж дээр “Мечел” компанийн ердийн хувьцааны ханш 10%-иар өсчээ. Ингэснээр нэгж хувьцааны үнэ 101.5 рубльд хүрсэн байна.“Мечел” компани нь сайн чанарын коксжих нүүрсний ордын 51%-ийг 100 тэрбум рублиэр худалдахаар хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Тэгэхээр уг төслийн нийт үнэлгээ 196 тэрбум рубль хүрч байгаа юм. Элга төслийн 49%-ийг Газпромбанк эзэмшдэг. 2016 онд Газпромбанк 34.4 тэрбум рублиэр худалдан авсан.
1072 хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдах боломжгүй
Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараахтай холбоотой цаг үеийн мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийнхэнд өгч байгаа билээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцсон юм. Дэлхийг түгшээсэн “COVID-19” коронавирусаас сэргийлэх ажлын хүрээнд тус компани хувьцаа эзэмшигчиддээ мэдээлэл хүргэх, хувьцааны данс шалгах, данс нээх үйлчилгээг онлайн орчинд зайны технологи ашиглан зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо хоногт мэдээллийн төвийн сошиал суваг “1072 хувьцаа мэдээллийн төв” нэртэй facebook хуудсанд давхардсан тоогоор 10 мянган орчим хүн хандаж, мэдээлэл авсан талаар тэд онцолж байв.
Эрдэнэс Тавантолгой: Гуравдугаар сарын 2-ноос экспортын төлөвлөгөө тасалдаж болзошгүй байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг хуваарилах болсонтой холбогдуулан даваа гараг бүрийн 13:00 цагт мэдээлэл хийж байхаар болсон. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн систем руу 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авсан байна. Мөн системд 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгажээ. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 1.6 сая тонн нүүрс Цагаан хадан дээр буулгаж, экспорт хийжээ. Нэгдүгээр сарын 24-ныг хүртэл экспортын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн гэдгийг Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо
Nippon Steel: Монгол Улс экспортын тээврээ зогсоосон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж байна
Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт ордог “Nippon Steel” компани 2020 онд үйлдвэрлэлийн хэмжээгээ 5 сая тонноор танахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус компанийн жилийн гангийн үйлдвэрлэл 49 сая тоннд хүрч буурах аж. Энэ нь коронавирусын дэгдэлтийн улмаас Хятадын эдийн засгийн өсөлт саарч буйтай холбоотой аж. “Одоогоор компани гангийн үйлдвэрлэлээ бууруулаагүй байгаа ч цаашид танахад бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж “Nippon Steel” компанийн дэд Ерөнхийлөгч Кацухиро Мияамото мэдэгджээ. Хоёрдугаар сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрүүдийн нөөц 30%-иар нэмэгдсэн байна.
Нүүрс тээвэрлэх Кызыл-Курагино төмөр замын зураг төслийг эхлүүлнэ
Оросын Тувагийн нутаг дахь нүүрсний сав газраас татах Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчээр “Стройпроект” групп тодорсон байна. Энэ тухай төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Оросын төмөр зам”(РЖД) компанийн сонгон шалгаруулалтын протоколд дурджээ. Гэрээний дагуу тус компани зураг төсөл, судалгааны ажлыг 2021 оны наймдугаар сараас өмнө багтаан гүйцэтгэх үүрэгтэй. РЖД компаниас Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын төслийн зураг төсөл, судалгааны ажлын гүйцэтгэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн оны зургадугаар сард зарласан. Тухайн үед гэрээний дүнгийн дээд хэмжээг 4.75 тэрбум рублиэр тогтоосон юм. Шалгаруулалтын ялагчаар тодроод буй инженерингийн “Стройпроект” групп нь 5.5 тэрбум рублийн дүнтэй гэрээ байгуулах аж.
“Эрдэнэс” бондыг нийт 9 банк худалдан авна
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төр ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. Монгол Улсын Засгийн газар Салхитын мөнгө, алтны ордыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж, энэ дагуу шуурхай арга хэмжээ авч Салхитын мөнгө, алтын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлсэн.
“Эрдэнэс Метан”: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан анхны төрийн өмчит компани болно
“Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эрчим хүчний цэвэр эх үүсгүүр болгон эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой метан хийн төслийг хэрэгжүүлэхээр Австралийн “Жэйд Метан” ХХК-тай хамтарсан компани байгуулсан. 2019 оны тавдугаар сард талууд метан хийн төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, үйл ажиллагаагаа явуулснаар улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “Эрдэнэс Метан” ХХК нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу өөрсдийн эрлийн ажлын үр дүнгийн мэдээлэл болох 8 цооногийн өрөмдлөгийн мэдээлэл, геологийн бичиглэл, геофизикийн хэмжилтийн өгөгдөл, бүх дээжинд хийсэн нүүрсний чанарын шинжилгээний үр дүн зэргийг “Эрдэнэс Монгол” ХК-д хүлээлгэн өгчээ.
“Эрдэнэс бонд” гарчээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал (2020.02.14) болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийг дагаж мөрдөх хуулийн дагуу 3 тогтоол, нэг журам гаргасан. “Эрдэнэс бонд” гаргах ажлыг удирдан зохион байгуулж байна” хэмээн тодотгосон. Энэхүү бондыг санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргахаар төлөвлөсөн бөгөөд бондоос босгосон хөрөнгөөр 228 мянган иргэний тэтгэврийн зээлийн 6 хүртэлх сая төгрөгийг тэглэх юм.
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын Ажлын хэсэг байгуулагджээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид Оросын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй (2020.02.18)уулзсан байна. Тус уулзалтын үеэр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгааны ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлэлээр Оросын талаас Ажлын хэсэг байгуулсныг “Газпром” компани мэдэгджээ. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан (2019.12.05)юм.
1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна
Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна. Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ оны 05 дугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.
“Оюутолгой” компани 2019 онд 321 сая долларын татвар төлсөн
“Оюутолгой” компанийн мэдээлж байгаагаар өнгөрсөн оны хэмжээнд үйл ажиллагааны үзүүлэлт сайн, гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсан жил байсан байна. Мөн Оюутолгой төсөл эхэлснээс хойших хугацаанд буюу 2010-2019 оны хооронд төслийн хэмжээнд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 10.3 тэрбум ам.долларт хүрчээ. “Оюутолгой” компани 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Тэднээс 564 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан бол үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76%-ийг эдгээр үндэсний компанид төлжээ.