Компанийн мэдээлэл
Коксжих нүүрсний чиглэлээр Оросын “Колмар”, Хятадын “Baowu” компаниуд хамтарна
Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Ivanhoe Mines: Зэсийн Kamoa-Kakula төслийн зардлыг 18%-иар нэмэгдүүлнэ
Канадын “Айвенхоу Майнз” компани нь Конго улсад хэрэгжүүлж буй зэсийн Какула төслийн зардлыг өмнө нь төлөвлөсөн хэмжээнээс 18%-иар нэмэгдүүлж 1.3 тэрбум ам.долларт хүргэх болсноо мэдэгджээ. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, зэс хайлуулах ажлыг 2021 оны гуравдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн онд “Айвенхоу Майнз”-ийн томоохон хувьцаа эзэмшигч болсон Хятадын “Citic Metal” -аас гадна тус улсын “Zijin Mining” компаниуд энэхүү төсөлд оролцож байгаа юм.
Рио Тинто: 2020 онд төмрийн хүдрийн нийлүүлэлтээ 5%-иар нэмэгдүүлнэ
Ирэх онд Рио Тинто групп нь олон улсын зах зээл дэх төмрийн хүдрийн нийлүүлэлтээ 5%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, 2021 оны эцсээр хүлээгдэж буй шинэ “Koodaideri” уурхайн нэгдүгээр ээлж бүрэн ашиглалтад орсноор тус группын төмрийн хүдрийн нийт олборлолт жилд 360 сая тоннд хүрэх боломжтой гэж Рио Тинто-гийн мэдэгдэлд дурджээ. Мөн тус мэдэгдлээр, 2019 онд нийт 320-330 сая тонн төмрийн хүдрийг тонн тутамд 14-15 ам.долларын үнээр нийлүүлэх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй байна. Энэ жилийн эхээр Рио Тинто нь үйлдвэрлэлийн олборлолт төлөвлөлтөөс хоцрогдсоны улмаас Баруун Австралийн уурхайн үйл ажиллагааг зогсооход хүрсэн юм. Уурхайгаас чанар багатай төмрийн хүдэр хэт их хэмжээгээр олборлосноо бууруулж, сайжруулах ажил эрчимтэй явагдаж байгааг группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак мэдэгджээ.
“Samarco Mineracao” компанийн төмрийн хүдрийн уурхайг сэргээх зөвшөөрөл олгожээ
Бразилийн өмнөд хэсэгт орших Минас Жерайс мужийн Байгаль орчны зөвлөлөөс төмрийн хүдэр олборлолтоо сэргээн үргэлжлүүлэх зөвшөөрлийг “Samarco Mineracao” компанид олгожээ. 2015 оны арваннэгдүгээр сард тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан төмрийн хүдрийн уурхайн Германо цогцолборын хоёр далан задарсны улмаас байгаль орчинд ихээхэн хохирол учруулж уурхайн ажиллагааг зогсоосон юм. Зөвшөөрөл олгосноор “Samarco Mineracao” компани төмрийн хүдрийн ил уурхайн үйл ажиллагааг сэргээж 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулна гэж үзэж байна.
“Петроматад”-ын нээлтээр улсын газрын тосны нөөц 10%-иар нэмэгдэх боломжтой
Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петроматад Лимитед” компани газрын тосны хайгуулын Матад XX талбайн хойд үзүүр дэх Цэн тогоруу (Heron-1) цооногт хийсэн хайгуулын өрөмдлөгийн туршилт, судалгааны дүнг танилцуулсан юм(10.24). Компанийн мэдээлснээр, уг хэсэгт олборлолт явуулах боломжтой гэж туршилтын дүн гарчээ. Гэхдээ одоо өрөмдлөг, хайгуулын ажлын дата мэдээллийг нэгтгэн, илүү нарийвчилсан үр дүнг гаргахаар ажиллаж байна. Улмаар газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаар Засгийн газартай яриа хэлэлцээрийг эхлүүлнэ гэж харж байгаа юм. Ингэснээр одоо тогтоогоод буй нөөцийг ахиулах, 2020 онд олборлолт явуулах боломж бүрдэнэ гэж компани мэдээлэлдээ дурджээ.
“Энержи Ресурс”-ын нүүрс борлуулалт 20%-иар буурав
Энэ оны гуравдугаар улиралд нүүрс олборлолт өмнөх улирлынхаас 32%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 3%-иар тус тус өсч, 3.4 сая орчим тоннд хүрчээ. Гэсэн ч компанийн нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс тодорхой хэмжээгээр буурсан дүнтэй гарч байна. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар улиралд нийтдээ 1.1 сая тонн боловсруулсан коксжих нүүрс худалдаалсан нь хоёрдугаар улирлынхаас 15%, өмнөх оны мөн үеийнхээс 20%-иар тус тус буурсан дүнтэй гарлаа.
“Оюутолгой”-н хоёрдугаар босоо амны өргүүрийг суурилууллаа
"Оюутолгой" компани энэ оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа (10.24). Тайлант хугацаанд гүний уурхайн нэвтрэлтийн ажил хурдацтай урагшилсан төдийгүй хоёрдугаар босоо амны өргүүрийн байгууламжийг суурилуулж дуусчээ. Харин ил уурхайн үйлдвэрлэл хүдрийн агуулгын бууралт болон баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засвараас үүдэн багассан байна. Цаашид уурхайн хүдрийн агуулга үргэлжлэн буурах төлөвтэй байгааг компани онцоллоо.
“Рио Тинто” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ
Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авчээ. Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна.
“Chalco”: Гвиней дэх Боффа хөнгөн цагааны уурхайг 2020 онд нээнэ
Хятадын төрийн өмчит “Чалко” компани нь Гвиней улс дахь хөнгөн цагааны Боффа уурхайн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Жилд 12 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай уурхайн төслийг 2018 оны аравдугаар сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд байгалийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд эхлүүлэх хугацааг хойшлуулсан байна. Төсөл нь 706 сая ам.долларын өртөгтэй бөгөөд уурхайгаас гадна цахилгаан станц, далайн боомтыг барьж буй. Боффа орд нь 1.75 тэрбум тонн хөнгөн цагааны хүдрийн нөөцтэй юм.
“ЗаМайн Сервисиз” шилдэг харилцагчдаа тодруулж, хүндэтгэл үзүүлэв
“Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “ЗАМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Хитачи констракшн машинери” корпорацийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа ба “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгууллаа.
“Трансвест Монголиа” ХХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиолоо
“Трансвест Монголиа” ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Комацугийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Тус компани үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сард тохиолоо.
“ЗаМайн Сервисиз”ХХК харилцагчдадаа талархалаа илэрхийлэв
“Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын 370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.
Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо
Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ.
Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо
Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ. Монгол Улсад өнөөдрийг хүртэл Оросын токарийн цехүүд үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид дэлхийн технологийн ололт амжилтаа ашиглан засварын үйл ажиллагааг төгс гүйцэтгэх боломжтой боллоо хэмээн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн удирдах ажилтнууд хэлж байв.
“Энержи Ресурс”: Эхний хагас жил 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортлов
“Энержи Ресурс” компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа албан ёсоор мэдээлсэн байна. Оны эхний зургаан сард нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэж 325.6 сая ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд баяжуулсан коксжих нүүрсийг тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулж Монгол Улсад экспортын нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон хэвээр байна гэж мэдээлэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Асгатын мөнгөний ордод ажиллалаа
Засгийн газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсний дагуу өнгөрсөн зургаадугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраас уг ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн юм. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидтай хамтран Асгатын мөнгөний ордын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судлахаар ажиллав. Тэд ордоос технологийн дээж авах, замын нөхцөл байдал, уурхайн хэвтээ амуудад нэвтрэх боломжийг судаллаа.
Glencore: Зэс-кобальтын Мутанда ордын уурхайг хаана
Швейцарийн “Glencore” компани нь Конго улсад хэрэгжүүлж буй зэс-кобальтын Мутанда орд дахь уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа зогсоож, хаах болсноо мэдэгджээ. Энэхүү уурхайн үйл ажиллагаа урт хугацааны хувьд эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж төслийг хэрэгжүүлэгч компанийн зүгээс үзэж байна. Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр кобальтын үнэ буурч, олборлолтын зардал өсөхийн сацуу Конго улсын Засгийн газраас уул уурхайн салбарын татвар хураамжаа нэмэгдүүлсэн нь Мутанда ордын уурхайг хаах гол шалтгаан болсныг “Glencore” компани тайлбарлажээ.
“Рио Тинто”: Далд уурхайн зардал 1.9 хүртэлх тэрбум доллараар нэмэгдэнэ
Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
“Chief Mechanic” сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна
Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, дэлхийд алдартай Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас “Chief Mechanic” /Ахлах механик/ гурван өдрийн сургалт-семинарыг анх удаа зохион байгуулж байна. “Скай Ресорт” цогцолборт энэ сарын 19-20-нд, зохион байгуулагдаад буй тус сургалтад “Вагнер Ази”-ийн харилцагч компаниудын инженер техникийн 150 гаруй ажилтан хүрэлцэн ирж, шинэлэг мэдээ мэдээллээр оюунаа цэнэглээд байна. Гурав дахь өдрийн сургалт тус компанийн Төв байранд үргэлжилж байгаа юм.
“Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” тайланг танилцуулав
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) нь сүүлийн хоёр жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэлд хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Энэхүү үнэлгээний тайланг олон нийтэд танилцуулах зорилгоор “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ” сэдэвт уулзалтыг өнөөдөр “Блю Скай” зочид буудалд зохион байгууллаа. “Эрдэнэс Монгол” компанийг 2006 онд стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор байгуулсан байдаг. Тэр цагаас хойш тус компани зөвхөн уул уурхайн салбарт төдийгүй ашигт малтмалын боловсруулалт, уламжлалт бус газрын тос, байгалийн хий, зам харилцаа, хил нэвтрүүлэх байгууламж, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөлгүүр засвар, ган төмөрлөг, худалдааны дэмжлэг, хөрөнгийн менежмент зэрэг салбарт ашиг сонирхолтой цогцолбор компани болжээ.