Компанийн мэдээлэл
"Энержи Ресурс" компани Даланзадгад суманд дулааны станц байгуулахад хөрөнгө оруулна
Даланзадгад сумын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийн ая таатай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад шинээр Дулааны станц байгуулах нэн тэргүүний шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс онцоллоо. Тиймээс Даланзадгад суманд Дулааны станц байгуулах ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах гэрээг Энержи ресурс ХХК, аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч "Дээдтив" ХХК-тай байгуулав. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Энержи ресурс" ХХК хамтран ажиллах гэрээний хүрээнд Дулааны станц байгуулах хөрөнгө оруулалтыг хийх юм. ТЭЗҮ, зураг төсөв батлагдсанаар 2020 оны эхний улиралд дулааны цахилгаан станцын барилгын ажил эхлэх гэнэ.
Бизнесийн ёс зүйн сургалт боллоо
“Оюутолгой” ХХК, Америкийн худалдааны танхим, Азийн сан хамтран бизнесийн ёс зүйн сургалтыг өнөөдөр “Блю Скай”-н хурлын танхимд зохион байгууллаа. Уг сургалт нь компанийн удирдлага, ажилтнуудад бизнесийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдлэг ойлголт өгөх, компанид ёс зүйн болон авлигаас урьдчилан сэргийлэх жишиг, дүрэм, журам хэрэгжүүлэхийг санал болгоход чиглэсэн юм.
Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэв
Засгийн газрын 12-ний өдрийн хуралдаанаар Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргасан байна. “Эрдэнэс Монгол” компани нь Багануурын уурхайн 75%-ийг эзэмшдэг. Багануурын уурхай нийт 800 сая орчим тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн тусгай зөвшөөрлийг толгой компанид шилжүүлснээр Багануурын уурхайн санхүүгийн олон жилийн хүндрэл, техникийн хоцрогдлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдэгджээ.
Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон албаны бусад хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.
Төмөр замын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үндсэнд нь дуусгасан бол автозамын ажил 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг” компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр, Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Хятадын гангийн “Baowu steel group”, “Magang holding” компаниуд нэгдэнэ
Хятадын “Baowu steel group” нь жилд 20 сая тонн ган үйлдвэрлэгч “Magang holding”-ийн хяналтын 51%-ийн хувьцааг эзэмшихээр болжээ. “Magang holding” компани Хонконг, Шанхайн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй учир одоогоор нэгдэх хэлэлцээр Хятадын үнэт цаасны зохицуулах хороо болон Хонконгийн үнэт цаасны комиссын шийдвэрийг хүлээж байна. Хятадын төрийн өмчит хоёр компани нэгдсэнээр ган үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч “ArcelorMittal”-тай өрсөлдөхүйц болох юм.
“ЗаМайн Сервисиз” ХХК уул уурхайн троллей автосамосвалыг танилцууллаа
“Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК-иас “Цахилгаан экскаватор ба Троллей автосамосвал” сургалт-семинарыг өчигдөр “Корпорэйт Конвэйшн Төв”-д зохион байгууллаа. Уг семинарт тус компанийн харилцагчид болох “Эрдэнэс Тавантолгой”, “Хишиг Арвин Индустриал”, “Шарын гол”, “Багануур” зэрэг компанийн инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв. “ЗаМайн Сервисиз” компанийн Гүйцэтгэх захирал Хироаки Такизава сургалт-семинарыг нээж үг хэлсний дараа энэхүү арга хэмжээний үндсэн илтгэлүүд тавигдлаа. Семинарын эхэнд тус компанийн Сервис менежер Д.Бархасбадь “Троллей автосамосвал” сэдвээр илтгэхдээ олон сонирхолтой мэдээллийг өгсөн юм.
Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. Ингэснээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байгаа аж. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-аас тус ордын хайгуулын болон техник эдийн засгийн чиглэлээр хийсэн тооцоо судалгааны эх хувийг “Эрдэнэс Монгол” компанид хүлээлгэн өглөө.
Тянжин дахь тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтыг ирэх долдугаар сард эхлүүлнэ
БНХАУ-ын Тянжин хотноо тус улсын “Тянжин порт” төрийн өмчит компанийн охин компани болох "Тянжин портын эдийн засаг техник технологийн хамтын ажиллагаа" –тай “Хятад-Монголын олон улсын логистик бүс” хамтарсан компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол энэ сарын 26-нд боллоо. Уг гэрээг Монголын талаас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл үзэглэсэн юм. Монгол Улсыг далайд гарах үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тянжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг анх 2009 онд Тянжин хотын Ардын засгийн газар тухайн үеийн ЗТБХБЯ хооронд байгуулж байсан.
Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын “Эрдэнэс Метан” болон Австралийн “Жейд Метан” компаниуд Тавантолгой бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгууллаа. Тус гэрээнд “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар, Австралийн “Жейд Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жөү Бурке нар өнөөдөр гарын үсэг зурав. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс 2018 онд “Эрдэнэс Метан” компанийн Нүүрсний давхаргын метан хийн төслийн эрэл хайгуул, техник эдийн засгийн үндэслэл хийх санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэх замаар олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар олох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу “Эрдэнэс Метан” компани нээлттэй сонгон шалгаруулалт зарласнаар Австралийн “Жейд Метан” компани шалгарсан байна.
Эрдэнэ Ресурс: Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулна
Компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ: “Бид өндөр агуулга бүхий ил уурхай болох Хөндий алтны төслийн хѳгжүүлэлтийн үйл ажиллагааг үргэлжүүлсээр байна. Энэ оны эхний улиралд Хөндий төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах компаниар Tetra-Tech, Inc.,-ийг сонгон, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааг Sustainability East Asia LLC компаниар гүйцэтгүүлэхээр шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн хүрээнд Монгол улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар Баян Хөндийн нөөцийг бүртгүүлэх зөвшөөрлийг авсан нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад чухал алхам боллоо.”
Англо-Американ компани Bahrain Steel-тэй 20 жилийн гэрээ байгуулав
Англо-Американ компани төмрийн хүдрийн бүтээгдэхүүн нийлүүлэх 20 жилийн гэрээг Катар улсын Bahrain Steel үйлдвэртэй байгуулжээ. Энэхүү гэрээ нь нийт 15 тэрбум ам.долларын дүнтэй юм. Гэрээний дагуу 67%-ийн агууламжтай 8 сая тонн төмрийн нойтон баяжмалыг жил бүр нийлүүлэх аж. Тус нийлүүлэлт нь Bahrain Steel үйлдвэрийн түүхий эдийн хэрэгцээний 60%-ийг хангах юм. Англо-Американ компани нь Бразил дахь Минас Рио уурхайгаас төмрийн хүдрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлээд буй.
Шивээ-Овоогийн уурхайд олон улсын аргачлалаар нөөц тогтоох хайгуул хийнэ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшдэг MV-013311, MV-013312, MV-013313 тоот тусгай зөвшөөрлүүд дахь нөөцийг шинэчлэн тогтоож, олон улсын стандартын дагуу баталгаажуулах шийдвэрийг гаргалаа.
CAT CARE-2019: Шинэ үеийн экскаваторыг Монголд анх удаа танилцуулав
Монголын уул уурхай, дэд бүтэц, барилгын салбарын тэргүүлэх ханган нийлүүлэгчдийн нэг, олон улсад нэр хүндтэй Катерпилларын албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК уламжлал ёсоор энэхүү өдөрлөгийг өөрийн төв оффисын байрандаа гуравдугаар сарын 1-нд зохион байгууллаа. CAT CARE-2019” өдөрлөгийг уламжлал ёсоор аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар эхлүүлж, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн Гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн нээлтийн үг хэллээ
“Эрдэнэс Тавантолгой-Инноваци” зөвлөгөөн боллоо
“Эрдэнэс Тавантолгой” компаниас Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран “Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Рио Тинто: 2018 онд төмрийн хүдэр, зэсийн олборлолт нэмэгдсэн
Дэлхийн уул уурхай хоёр дахь том компани болох ”Рио Тинто” 2018 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр мэдээллээ. Тайланд өгүүлснээр тус компанийн төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн онд 2%-иар өсч 338.2 сая тоннд хүрсэн байна.