Компанийн мэдээлэл
2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ манлайлав
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр (2021.06.27) зохион байгууллаа. Цахим арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлсэн. Эдийн засаг бизнест үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас татвар, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан ч ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс хоёр мянгаар нэмэгдэж 91 мянга хүрсэн нь нийт ажлын байрны 8.1%-тай тэнцэж байна.
“Chinalco”: 2035 онд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа 40%-иар бууруулна
Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
Монголын коксжих нүүрсний чиглэлээр “Shanxi Coking Coal”, “China Aluminium” хамтарна
Хятадын “Shanxi Coking Coal and Coke Sales” болон “China Aluminium International Trading” (Chalco Trading) компаниуд стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан тухай www.sxcoal.com цахим хуудсанд мэдээлжээ. Компаниуд хамтын ажиллагааны хүрээнд, Монголын коксжих нүүрсийг импортлох, холих, боловсруулах аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Хятадын коксжих нүүрсний үйлвэрлэлээр тэргүүлэх бүс нутаг Шанси мужид төвтэй “Shanxi Coking Coal”-ийн хувьд тус улсын коксын хамгийн том үйлдвэрлэгч юм. Уг компани дотооддоо олборлох коксжих нүүрсийг Тавантолгойн нүүрстэй хольж тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтойг 2017 онд “Coal Mongolia” чуулган дээр илэрхийлж байсан билээ.
"Энержи Ресурс"-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна
Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани “Энержи Ресурс”-ийн Ухаа худагийн уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай, нийт гурван модульд суурилсан энэхүү үйлдвэрийн нэгдүгээр модуль нь 2011 оны зургадугаар сарын 11-ний энэ өдөр, хоёрдугаар модуль 2012 онд, гуравдугаар модуль нь 2013 онд тус тус ашиглалтад орсон.
Орост хамгийн урт туузан дамжуургаар нүүрсний уурхайг боомттой холбож байна
ОХУ-ын “Восточная горнорудная компания”-ийн эзэмшлийн нүүрсний уурхайг боомттой холбох туузан дамжуургаар (конвейер) угсарч эхэлжээ. Тодруулбал, Сахалины бүс нутаг дахь нүүрсний Солнцевский уурхайгаас далайн боомт хүртэл нийт 23 км үргэлжлэх энэхүү дамжуурга нь одоогоор Орост хамгийн уртад тооцогдож байна. Туузан дамжуурга нь 5.5м/сек хурдтай, цагт 4-4.2 мянган тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, хамгийн өндөр хэсэг нь 24м аж. Барилга угсралтын ажлыг Францын “RBL-REI SA” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 онд багтааж дуусгахаар төлөвлөсөн байна.
“Камоа-Какула”-ийн зэсийн худалдааны анхны гэрээг байгуулжээ
Канадын “Айвенхоу Майнз” компани Камоа-Какула зэсийн уурхайн бүтээгдэхүүний 50%-ийг худалдах гэрээг Хятадын “Zijin Mining”, “Citic Metal” зэрэг компанитай байгуулжээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтойг “Айвенхоу Майнз” мэдэгдсэн байна. БНАКонго улсын Засгийн газраас энэхүү уурхайн зэсийн баяжмал, цэвэршүүлсэн зэсийг экспортлох зөвшөөрлийг тус компанид олгожээ. Тус улсын зүгээс, тавьж буй гол шаардлага бол зэсийн томоохон үйлдвэрлэлийн түүхий эдийг зөвхөн өөрийн улс дотор боловсруулах явдал юм. Уурхайгаас эхний баяжмалыг Колвези хот дахь Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрт (2021.06.01) хүргэсэн.
Салхит төслийн Баяжуулах II үйлдвэрт хөндлөнгийн шалгалт хийжээ
ШУТИС-ийн Барилга инженер, архитектурын сургуулийн профессор, Монгол Улсын зөвлөх инженер Я. Дүйнхэржав “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхит төслийн Баяжуулах II үйлдвэрийн ажлын явцтай танилцах үеэрээ хөндлөнгийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар барилга болон тоног төхөөрөмжийн төмөр бетон суурийн зураг төсөлд заасан стандарт чанарын шаардлага хангаж байгаа эсэх болон бусад бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тодруулсан юм.
“Айвенхоу Майнз”нь Хятадын зэс хайлуулах үйлдвэртэй 10 жилийн гэрээ байгууллаа
Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улсад “Камоа-Какула” төслийн зэсийн уурхайг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө (2021.05.25) ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл баяжмалаа боловсруулах Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэртэй 10 жилийн хугацаатай гэрээг “Айвенхоу Майнз” (2021.06.03) байгууллаа. “Камоа-Какула” уурхайн зэсийн анхны баяжмалыг зургадугаар сарын 1-нд үйлдвэрт хүргэсэн ба эхний ээлжинд жилд 150 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах аж. Зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрийн 60%-ийг Хятадын “China Nonferrous Metal Mining Group” (CNMC), 40%-ийг “Yunnan Copper” компаниуд эзэмшдэг. Тус үйлдвэртэй хамтрах гэрээ хэлэлцээр бүтэн жил үргэлжилжээ. Үйлдвэр БНАКонго улсын Колвези хотоос 40 км-ийн зайд оршдог байна.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн зөвлөлийн хурал боллоо
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн зөвлөлийн хурал /2021.05.27/ боллоо. Уг хуралд “Эрдэнэс Монгол” компанийн охин, хараат компаниудын удирдлагууд оролцож, компанийн үйл ажиллагааны явц болон тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцов. Охин, хараат компанийн удирдлагуудын зүгээс санхүүгийн хэмнэлт хийх чиглэлд анхаарал хандуулж буйгаа онцолсон юм. Түүнчлэн ажилчдыг коронавирус цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах, ажлын байрны аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг хэлж байлаа.
Австралид сүүлийн 50 жилд шинээр төмрийн хүдрийн уурхай нээж байна
Австралийн уул уурхайн BHP компани нь Баруун Австралийн нутагт орших “South Flank” ордоос төмрийн хүдэр олборлож эхэлжээ. Нийт 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил 2018 онд эхэлсэн аж. Төлөвлөсөн хугацаандаа уурхайн олборлолт эхэлж байгааг компани мэдэгдсэн байна. Энэ нь Австрали улсад сүүлийн 50 жилд шинээр нээж байгаа төмрийн хүдрийн томоохон уурхай юм. “South Flank” ордын уурхайгаас 61-62%-ийг агууламжтай төмрийн хүдрийг жилд 80 сая тонн олборлоно. Уурхай нь 25 жил ашиглах нөөцтэй, 2046 он хүртэл үйлдвэрлэл явуулна.
“Glencore”: Зэс-кобальтын “Mutanda“ уурхайн үйлдвэрлэлийг 2022 онд сэргээнэ
Үндэстэн дамнасан “Glencore” корпораци(LON: GLEN) нь БНАКонго улс дахь зэс-кобальтын “Mutanda“ төслийн уурхайн үйлдвэрлэлийг 2022 онд сэргээх болсноо мэдэгджээ. Зэс-кобальтын нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг тус үйлдвэрийн үйл ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сард зогссон байна. Хоёр жилийн өмнө Glencore” корпорацийн Гүйцэтгэх захирал Айвен Гласенберг мэдэгдсэнээр, үйлдвэрийг хаах болсон шалтгаан нь зах зээл дээр кобальтын үнэ буурч үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн аж. Тэгвэл энэ он гарснаас хойш зах зээл дээр кобальтын үнэ 40%-иар нэмэгдэж тонн тутамд 45 мянган ам.долларын ханшид хүрээд байна.
“Оюутолгой” компанийн уурхайд ажиллагсдын 88% вакцинжуулалтад хамрагджээ
“Оюутолгой” компани, гүний уурхайн төслийн хэмжээнд нийт 13 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрээс 9013 ажилтан I тун, 1517 ажилтан хоёр шатны тунг бүрэн хийлгэжээ. Ингэснээр уурхайн талбайд байрлаж буй ажиллагсдын 88% нь вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа аж. Оюутолгойн баяжмалын тээврийн жолооч нар болон баяжмалын тээвэрт оролцдог багуудыг хамгийн эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулсан байна.
Оюутолгойн орлого өссөн үзүүлэлттэй гарчээ
Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.
Нүүрс олборлогч компаниудын вакцинжуулалтын гүйцэтгэл сайн явагдаж байна
Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
“Кумтор голд” компанид 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ
Киргизийн алтны Кумторын уурхайн төслийг хэрэгжүүлэгч “Кумтор голд” компанид 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Компанийг байгаль орчны хууль зөрчсөн гэж тус улсын шүүхээс үзжээ. Энэхүү шийдвэр нь Кумторын уурхайн үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг Киргизийн парламент баталсны маргааш гарсан аж. Тодруулбал өнгөрсөн баасан гаригт (2021.05.07) баталсан шинэ хуулиар, хэрэв хүрээлэн буй орчин, ард иргэдийн амь насанд аюул учруулах тохиолдолд уурхайн үйл ажиллагааг 3 сар хүртэлх хугацаанд Киргизийн төр удирдах эрхтэй болж байна. Кумторын төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Centerra Gold” (“Кумтор голд”-ын толгой компани) нь уурхайн хаягдал чулуулгийг голын ойролцоо хаяж байгаль орчинд хор хохирол учруулсанд буруутгагдаж буй аж. Компанийн зүгээс, шүүхийн шийдвэрийг “ор үндэслэлгүй” хэмээн үзэж байгаа ба байгаль орчны холбогдох олон улсын бүхий л стандарт журмыг даган мөрдөж ажилладгаа мэдэгджээ.
“Vale” компани нүүрсний бизнесийг орхино
Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
“Айвенхоу Майнз”: Зэсийн “Камоа-Какула” уурхай хугацаанаас өмнө ашиглалтад орно
Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
“Тавантолгой” ХК ногдол ашиг тараана
Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28,1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон хуваарилахаар болжээ. Уг ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсныг тус компаниас мэдээлэв.
Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна
Тус үйлдвэр нь 2016 онд 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулснаар үйл ажиллагааны далайц, технологийн хүчин чадал гээд олон үзүүлэлтээр Монголын уул уурхай, боловсруулах салбарын хөгжилд шинэ ахиц гаргажээ. Үйлдвэрийн хувьд 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч Австралийн “Сежмен” компанийн зураг төсөл дизайны шийдэлд суурилагдсан юм.
ЭОТ: "Рио Тинто" хөндлөнгийн шинжээчдэд Оюутолгой төсөлтэй холбоотой чухал баримтыг өгөхөөс татгалзаж байна
2020 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан “Эрдэнэс Оюутолгой” ХХК гаргасан билээ. Энэхүү саналыг тусгасан тогтоолын төслийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан. "Рио Тинто" компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан.