Байгаль орчин
Нөхөн сэргээлтийн “барьцаалж чадаагүй” барьцаа хөрөнгө
2017-03-21
The Mongolian Mining Journal /2017.02 №099/
Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Д.Өлзийбаяр
Улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилт бүхий уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын ард бүс нутгийн байгаль орчин, нийгмийн асуудлуудыг орхигдуулж ирэв. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байгаа аймаг, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцлээр илэрсээр байна.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-т зааснаар тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний нийт зардлын 50 хувийг нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлдэг. Зөвхөн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө биш нөхөн сэргээлт хийхээс бусад байгаль орчныг хамгаалах ажлуудын нийт зардлын 50 хувийг ямар нэг хүү өсөх тогтолцоогүйгээр сүүлийн 22 жилийн турш ил тод биш байдлаар хадгалж иржээ.
Гэтэл тухайн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлууд ордын онцлог, олборлох төлөвлөгөөнөөс хамаарч мөнгөн хөрөнгө байршуулсан тухайн жилдээ хийгдэх боломжгүй байх тохиолдол бий бөгөөд харин газрын эвдрэл нь жил бүр нэмэгдсээр байдаг.
Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг байршуулж ирсэн одоогийн бодит нөхцөл байдалд мэргэжилтнүүд тооцоо хийж үзэхэд, энэхүү барьцаалж байгаа мөнгөн хөрөнгө нь барьцаалсан нэр зүүсэн төдий маш бага дүнтэй, тухайн уурхай гэнэт зогсох, хаах тохиолдолд эргүүлэн нөхөн сэргээхэд хүрэлцэхгүй нь тодорхой байна.
Ямар нэг шалтгаанаар томоохон уурхай гэнэт зогслоо гэхэд бэлгэдлийн чанартай барьцаа хөрөнгөөр нөхөн сэргээлт хийнэ гэвэл зангууны үлгэр болно.
Манай улсад 2016 оны байдлаар улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчдээс барьцаалсан барьцаа хөрөнгийн нийт дүн 10.5 тэрбум төгрөг болж байна. Энэхүү нийт барьцаалсан мөнгөн хөрөнгийн тал хувийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” ХК, “Бороо гоулд” ХХК, “Монголын Алт” зэрэг компанийн томоохон уурхайнууд байршуулжээ.
Жишээ нь: Манай мега төслүүд гэгддэг Оюутолгой, Тавантолгой төслүүдийг хэрэгжүүлэгч компаниудын байршуулсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө ердөө 1.4 тэрбум төгрөг байна. 2016 оны байдлаар дээрх хоёр уурхайн үйл ажиллагааны явцад ойролцоогоор 7000 орчим га талбай эвдрэлд оржээ. Энэхүү барьцаалсан 1.4 тэрбум төгрөгөөр дээрх хэмжээний эвдэрсэн газрыг нөхөн сэргээнэ гэж үзвэл 50 хувь битгий хэл 5 хувийг ч нөхөн сэргээж хүрэлцэхээргүй мөнгөн хөрөнгө юм. Энэ нь дээрх компаниудын буруу огтхон ч биш бөгөөд манай улсын эрх зүйн тогтоолцоонд асуудал байгааг харуулж байгаа тул улс төржүүлэх шаардлагагүйг дурдах нь зөв байх.
Уншигч та уул уурхайн төсөлд ажилладаг бол доорх 3 асуултад хариулж одоогийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж үзээрэй.
1. Танай уурхай нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг ямар үндэслэл, тооцооллоор байршуулсан бэ?
2. Хэрэв танай компани үлдсэн 50 хувийг гаргах санхүүгийн чадваргүй болсон тохиолдолд хэрхэх вэ?
3. Энэ оны байдлаар барьцаалсан нийт мөнгөн хөрөнгөөр танай уурхайн нөхөн сэргээлтийг гэнэт хийхээр боллоо гэхэд нөхөн сэргээхэд хүрэлцэх үү?
Ашигт малтмалын тухай хуулийн 45.1-д зааснаар уурхайн хаалтыг тухайн уурхайн ашиглалт дуусахаас 1 жилийн өмнө хийж эхэлнэ гэж заасан байдаг. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14.1.3-д зааснаар 3 жилийн өмнө хаалтын төлөвлөгөөг ирүүлнэ гэж заасан. Эдгээр нь хуулийн заалтууд зөрчилдсөн асуудал юм. Гэвч дээрх заасан хугацаануудын аль нь ч уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хийхэд оновчтой хугацаа биш юм.
Манай улсын уул уурхай, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд “Уул уурхайн үйлдвэрийн хаалтын журам”-ын төслүүд боловсруулсаар ирсэн бөгөөд сүүлийн 10 жилийн турш хэлэлцэгдсээр байгаа ч өнөөг хүртэл эцэслэгдэн батлагдаагүй байна.
Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг байршуулах, буцаан авах зохицуулалт нь ашиглалт явуулж байгаа уул уурхайн төсөл болон нөөц тогтоохоор эрэл, хайгуул явуулж байгаа хайгуулын төсөлд ижил шаардлагаар зохицуулагддаг нь хайгуулын жижиг компаниудад дарамт үүсгэсээр байна.
БОНБҮ-ний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-т “.... хөрөнгийг тодорхой хуваарийн дагуу уурхайн хаалтын үе шатанд буцаан олгоно” гэж заасан бол Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-04 тоот тушаалын 1 дүгээр хавсралт Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам-ын 3.1-т “ ...тухайн жилийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын гүйцэтгэлийг харгалзан буцаан олгоно” гэсэн алдаатай бас зөрүүтэй эрх зүйн зохицуулалттай байна.
Одоогийн дагаж мөрдөж байгаа нөхөн сэргээлтийн гарын таван хуруунд багтах MNS стандартууд нь жижиг хэмжээний алтны шороон ордод зориулагдсан бөгөөд газарзүйн бүслэлийг үл харгалзсан байдаг тул уул уурхайн компаниуд өөр өөрсдийн хоорондоо ялгаатай аргачлалуудаар нөхөн сэргээлтийг гүйцэтгэдэг, хүлээн авч буй орон нутгийн төр захиргааны байгууллагууд хүлээн авах нэгдсэн нэг шалгуур үзүүлэлт байдаг тул мэргэжилтнүүд нь нүдэн баримжаагаар өөр өөрсдийн шалгуур үзүүлэлтээр хүлээж авдаг.
Төрийн захиргааны болон хяналтын байгууллагууд нь уул уурхайн төслүүдийн жил бүрийн нөхөн сэргээлтийн ажлыг шалгаж дүгнэхдээ нөхөн сэргээлтийг хэрхэн яаж, ямар шалгуураар хүлээн авах тухай нэгдсэн ойлголт байхгүй, холбогдох стандарт, шаардлагууд нь ашигт малтмалын төрөл, байгалийн бүсчлэлийг үл тооцон зөвхөн өөр өөрсдийн тогтоосон шалгуур үзүүлэлтээр цас дарсан өвлийн улиралд хүлээж авдаг.
Ашигт малтмалын хайгуулын ажлын үед орон нутгийн байгаль хамгаалах тусгай дансанд хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний барьцаа хөрөнгийг байршуулсан тохиолдолд нөхөн сэргээлтийг хийж хүлээлгэж өгсөн ч буцаан авсан тохиолдол тун цөөхөн байдаг нь орон нутгийн хүсэлтээр хандивладаг бичигдээгүй хуультай болжээ.
Уул уурхайн салбартаа дөрөөлөн улс орныхоо эдийн засгийг өөд татахыг зорьж буй энэ цаг үед “Барьцаалж чадаагүй” энэхүү барьцаа хөрөнгийг хэрхэн барьцаалж болох талаар мэргэжилтнүүд дараах зөвлөмж, шийдлийг санал болгож байна. Үүнд:
• Ашигт малтмал олборлох төслийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн бичиг баримтаас нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг салгаж, хаалт нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг тусад нь боловсруулах шаардлагатай. Энэ төлөвлөгөөг тухайн уурхайн техник эдийн засгийн үндэслэлтэй нягт уялдаатай боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
• Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд тусгасан зардлын тооцооллыг үндэслэн нөхөн сэргээлт хийх хөрөнгө санхүүжилт болон мөнгөн хөрөнгө барьцаалах асуудлыг зохицуулсан тусгайлсан эрх зүйн баримт бичгийг шинээр боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
• Тухайн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатуудад тохируулан хаалтын төлөвлөгөөг шинэчилж байх, урт хугацаанд ажиллах уурхайн хувьд уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлуудыг уурхайг эхлэхээс дуусах хүртэлх шатанд хийгдэхээр зохицуулалт хийх.
• Хаалт, нөхөн сэргээлтийн зардлыг ашигт малтмалыг олборлож тухайн уурхай зардлаа нөхөж гүйцэн ашигтай ажиллаж эхлэх шатанд санхүүгийн бодит тооцоонд үндэслэн хуримтлуулж эхлэх
• Барьцаа хөрөнгө буюу хаалтын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хүү өсөх нөхцөлтэйгээр уул уурхайн компани болон төрийн захиргааны төв байгууллага хоорондын дундын дансанд техник эдийн засгийн үндэслэлээр гаргасан ашиглалтын жилүүд болон хаалт нөхөн сэргээлтийн төлөвлөгөөт ажлын хэмжээнд хувааж байршуулах.
• Зарим хууль тогтоомжуудад шаардлагатай өөрчлөлтийг оруулж, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд хамтран олон жил боловсруулж хэлэлцэж ирсэн журмын төслийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд түлгуурлан эцэслэн боловсруулах, харьяалах төрийн захиргааны төв байгууллагаар журмыг батлуулах.
• Ашигт малтмалын төрөл, ашигт малтмал олборлох, баяжуулах технологи, тухайн ордын орших нутаг дэвсгэрийн байгалийн хэв шинжид тохирсон зорилт бүхий ил болон далд уурхайг түр, гэнэт, бүрмөсөн хаах, онцгой аюултай технологи бүхий үйлдвэр, уурхайг хаах журмуудыг тус тусад нь боловсруулан хэлэлцүүлж баталгаажуулах, хэрэгжүүлэх.
• Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуулиудад шаардлагатай өөрчлөлтүүд оруулж өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсөл хэлбэртэй боловсруулагдсаар ирсэн ”Уурхайн хаалтын журам”-ыг эцэслэн батлуулсны дараа шаардлагатай заавар, аргачлал, тухайн уурхайн онцлогт тохирсон нөхөн сэргээлтийн стандартуудыг шинээр боловсруулан цааш явах нь зайлшгүй хэрэгжүүлэх ёстой алхамууд юм.
• Газарзүйн байрлалын хувьд нэг дор зэрэгцээ эсхүл ойролцоо орших уурхайнуудад /Тавантолгойн бүлэг орд, Нарийнсухайтын бүлэг орд гэх мэт/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайнуудыг хаах үйл ажиллагааны нэгдсэн арга хэмжээ хэрэгжүүлэхийг төрөөс бодлогоор дэмжиж хэрэгжүүлэх нь зардал хэмнэсэн цогц арга хэмжээ болох юм.
Стратегийн ач холбогдолтой гэх Эрдэнэт, Оюутолгой, Ухаахудаг, Тавантолгой, Багануур болон Нарийнсухайтын томоохон уурхайнуудын нөөцөө ашиглаж дуусахад хэрхэн хаах, тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хэрхэн авч үлдэх гэх мэт 30, 60, 100 жилийн дараах ирээдүйг зохицуулсан хууль эрхзүйн иж бүрэн зохицуулалттай болж чадсанаар бид “Барьцаалж чадсан” барьцаа хөрөнгө-тэй болох боломжтой юм. Барьцаа хөрөнгө гэх энэ ойлголтыг бид цаашид уурхайн хаалтын сан, хаалтын баталгаа гэх ойлголтоор сольж ойлгох нь зүйтэй юм.
Уурхайн хаалт гэдэг нь зөвхөн ашиглаж дуусаад нөхөн сэргээлт хийсэн гэх дүр үзүүлж, хашиж хамгаалаад орхих үйлдэл биш юм. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын эрх зүйн тогтолцоог тодорхой болгож хэрэгжүүлснээр төр хувийн хэвшил аль аль талдаа хариуцлага хүлээж, улмаар нөхөн сэргээгдээгүй орхигдсон газруудаас шалтгаалан нийгэмд нэр хүндээ алдаад байгаа уул уурхайн салбарын нэр хүнд нийгэмд буцаж сэргэх боломж нээгдэх юм.
Бид Налайхын уурхайн эмгэнэлт жишээг давтахгүйн тулд уул уурхай тойрсон байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг цаг алдалгүй ярилцаж хэлэлцэн, ирээдүй хойч үеийнхээ төлөө шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит судалгаа, тооцоонд тулгуурласан цогц шийдвэрүүдийг гаргах цаг нэгэнт болсон төдийгүй оройтоод байна.