Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эрдэс баялгийн бирж байгуулахад сайн ТЭЗҮ чухал “Эрдсийн экспортын худалдааг нэг цонхны бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулна” хэмээн 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт туссан. Бодлогын баримт бичиг батлагдахын өмнөх жил (2013)  боловсруулсан Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг 2015 онд Р. Жигжид сайдын үед Засгийн газрын хурлаар хэлэлцсэн ч хэрэгжүүлэх боломжгүй гээд буцаасан юм. Хуулийн төсөлд Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн заалтуудыг үндсэнд нь хуулбарлаж тавьсан байлаа. Түүнчлэн Үнэт цаасны тухай хуулийн заалтыг тусгаж, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчид хамтран бирж байгуулна гэсэн байв. 
Гүний уурхайн гүн рүү ‘‘аялах’’-ыг урьж байна Өнөөдөр дэлхийд 20 хүрэхгүй гүний уурхайд блоклон нураах технологи ашиглаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болгож Чили улс дахь Коделкогийн Эл Тэниентэ зэсийн уурхай, АНУ-ын Колорадо муж дахь Фрийпорт компанийн Хендерсон молибдены уурхай, Өмнөд Африк дахь Петро Даймондс компанийн /өмнө нь Дэ Бийрс Даймондс Майнз эзэмшиж байсан/ очир-эрдэнийн Калинан уурхайн мэргэжилтнүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаа хуваалцана. Мөн ШУТИС-ийн эрдэмтэн судлаач нар илтгэл тавихаас гадна Рио Тинто болон Оюу толгой компанийн төлөөлөл Оюу толгойн гүний уурхайн блоклон олборлохх технологийн талаар танилцуулга хийнэ.
Б.Батхүү: Супер циклийг угтаж зэсийн бэлтгэгдсэн ордуудын төсөлд хувийн хэвшлийнхнийг оруулах хэрэгтэй Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалтын түвшинд шилжиж байгаа хэмээн тодорхойлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд   уг бодлого, чиглэлийн хүрээнд уул уурхайн хөгжлийн шат дамжлага, иргэн бүрт хүрэх үр өгөөжийг харуулсан загвар схемийг тодотгон тайлбарлаж буй. Тухайлбал геологи хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн дарааллаар уул уурхайг зөв зохистой хөгжүүлснээр баялаг эзэндээ очих юм. Супер цикл ирж буй энэ цаг үед бодлого тодорхойлогчид юунд илүүтэй анхаарал хандуулбал  зүйтэй талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Батхүүтэй The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Эрдэс баялгийн цахим засаглалд шилжиж байна Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас  “Эрдэс баялаг-цахим шилжилт”  цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээг­дэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав.
"Степ Голд” Монголын хөрөнгийн бирж дээр есдүгээр сард хувьцаагаа гаргана “Степ Голд Лимитед” компанийн хувьцааг Канад, Монголын хөрөнгийн биржүүдийн хооронд хөрвүүлэх боломжийг олгосон гурвалсан гэрээг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Канадын “TSX Trust” байгууллага болон тус компанийн төлөөлөл харилцан байгууллаа. Ингэснээр хоёр биржийн хооронд хувьцаагаа хөрвүүлэх боломжтой төдийгүй Монголын Хөрөнгийн Бирж дээр давхар бүртгүүлсэн хоёр дахь компани болж байна. “Степ Голд” нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлж, холбогдох зөвшөөрлүүдээ авснаар хувьцаагаа гаргах ажил дуусах шатандаа орлоо. Ирэх есдүгээр сард хувьцаагаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалахаар төлөвлөн бэлтгэж байна.
Орост металын экспортод түр хугацааны татвар ногдуулж эхлэв Наймдугаар сарын 1-нээс ОХУ-ын металын (өнгөт, хар)экспортын түр хугацааны татвар мөрдөгдөж эхэлжээ. Металын (өнгөт) төрөл болоод боловсруулалтын зэргээс (хар металын хувьд) харгалзан, 2021 оны эхний таван сарын дэлхийн түүхий эдийн зах зээл дэх ханшийн хэлбэлзлийг тооцож экспортын бүтээгдэхүүнд 15%-ийн татвар ногдуулж байна. Тухайлбал, экспортын тонн зэсээс 1226 ам.доллар, никелээс 2321 ам. доллар, хөнгөн цагаанаас 254 ам.долларын татвар авч байгаа аж. Энэхүү татвар нь зөвхөн Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) –ны гишүүн бус орнууд руу экспортлоход хамаарч байна.
BHP: Канадын никелийн “Eagle’s Nest” төслийг хэрэгжүүлнэ Австралийн уул уурхайн BHP нь Канадын “Noront Resources” компанийг 238 сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ. Энэ нь “Wyloo Metals” компанийн саналаас 75%-иар илүү өндөр үнэ аж. “Wyloo Metals”-ийн тухайд Австралийн уул уурхайн магнат Эндрю Форрестын үүсгэн байгуулсан компани бөгөөд тэрээр өмнө нь төмрийн хүдрийн “Fortescue Metals” группын Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. 
“Posco”: Цахилгаан машины түүхий эдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ  Өмнөд Солонгосын “Posco” компани нь никель боловсруулах үйлдвэр байгуулахад 200 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 2023 онд үйлдвэрлэлээ эхлэх аж. Тус улсын металлургийн “Gwangyang Steel” цогцолборын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Никель боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахилгаан машины цэнэг хураагуурын (аккумулятор) үйлдвэрлэлд ашиглах зорилттой.  “Posco” болон “South Pacific Mining”(SMSP)-ийн хамтарсан SNCC компани нь Шинэ Каледониа арал дахь никелийн ордод олборлолт явуулж байна. Эндээс түүхий эдийг никель боловсруулах үйлдвэрт нийлүүлэх аж.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа өргөтгөж байна “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь төмрийн хүдрийн нунтаг баяжмал боловсруулж жилд 700 мянган тонн нойтон баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг  хаягдлын байгууламжийн хамт 2014 онд ашиглалтад оруулсан. 1 сая тонн төмрийн хүдэр боловсруулан баяжмал үйлдвэрлэх тус үйлдвэрт 2019-2021 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлээд байгаа  юм.
“Rio Tinto” компани Сербид лити олборлоно Австралийн уул уурхайн “Rio Tinto” компани Серби улс дахь литийн “Jadar” ордыг олборлох төслийг баталжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Тус компанийн геологичид 2004 онд нээсэн энэхүү ордод 1.81%-ийн литийн агуулга бүхий 16.6 сая тонн хүдрийн ашигтай нөөц тогтоожээ. Харин хүдрийн геологийн нөөц нь 139.2 сая тонн аж. Уурхайг 40 жил ашиглах бөгөөд жилд 58 мянган тонн литийн карбонат, 160 мянган тонн боорын хүчил, 255 мянган тонн натрийн сульфат олборлохоор тооцоолжээ. Одоогийн байдлаар “Rio Tinto” компани орд газрын тусгай зөвшөөрөл авахаар хүлээж байгаа ба төслийн бүтээн байгуулалтыг 2022 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Орос дотоод дахь шатахууны үнээс шалтгаалан экспортыг хязгаарлана Амралт, аяллын улиралтай холбоотойгоор Оросын дотоодын хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж буйн улмаас тус улсын зах зээл дээр шатахууны үнэ өсч дээд үзүүлэлтэд (2021.07.22)хүрсэн юм. Тухайлбал, АИ-95 шатахуун тонн тутамдаа 60029 рубль хүрч өнгөрсөн оны долдугаар сарын 20-ноос хойших хамгийн өндөр үнэ болжээ. Мөн АИ-92 шатахууны үнэ таван өдөр дараалан өсч 57597 рубльтэй тэнцсэн аж. Хэрэв долдугаар сарыг дуустал шатахууны үнэ өндөр хэвээр байх юм бол нефтийн бүтээгдэхүүний зарим төрлийн экспортыг тур хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авахаар ОХУ-ын Эрчим хүчний яамнаас төлөвлөжээ. 
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээх тогтоол баталжээ Засгийн газрын ээлжит (2021.07.28) хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээж байнгын үйл ажиллагаанд оруулах тухай тогтоолыг баталсан байна. Тус боомтоор өдөрт 110 машин Хятад улсын хилээр нэвтэрч байгаагаас 10 машин нь нүүрс тээврийнх аж. Сангийн яамны мэдээллээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наяд” цогц төлөвлөгөөний хэрэгжилт 32%-тай бөгөөд 10 мянган ажлын байрыг хадгалжээ.
ГХЯ: Монгол Улс, БНХАУ нүүрсний экспорт нэмэгдүүлэхээр тохиролцлоо БНХАУ-ад айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй (2021.07.28)Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.Хэлэлцээрийн үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэв. 
Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор  эрх олгосны дагуу өнөөдөр  Ашигт малтмал  газрын тосны газраас “Тэлмэн ресурс” ХК-тай  Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа.
Нүүрсний экспортыг 2020 оны түвшинд барина Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох  зорилт нь 28 сая тонн болж буурахаар байгааг Сангийн сайд Б. Жавхлан учирлав. Нүүрсний экспортын биет хэмжээ буурснаар   төсөвт нүүрсний салбарын   орлого 368 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоог   ч Сангийн яам   гаргажээ. 2021 оны төсөвт нүүрсний салбараас нийтдээ 1.34 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь ийнхүү буурч болзошгүй боллоо.  Цар тахлын   тархалт манай улсад  нэмэгдэж байгаа тул Хятадын талаас хилийн хяналтаа чангатгах, цаашлаад хаах хүртэл арга хэмжээг хэд хэдэн удаа авч хэрэгжүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор   (06.24-07.04) нүүрсний машины нэвтрэлтийг бүрэн зогсоолоо.
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Шивээ Энержи” компанийн төлөөлөл Говьсүмбэр аймагт ажиллалаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмагнай, "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа нар 7 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцон "Эрдэнэс Монгол" нэгдлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа холбогдох төслүүдээс танилцууллаа. Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 3 томоохон төсөл Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Хятад улс стратегийн нөөцөөс дахин зэс, хөнгөн цагаан, цайр худалдана Хятад улс түүхий эдийн үнэ тогтворжуулахаар стратегийн нөөцөөсөө дахин худалдаанд гаргах тухайгаа зарлаад байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХороо) болон Үндэсний хүнс, стратегийн нөөцийн газар энэ сарын сүүлээр 30 мянган тонн зэс, 90 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр гаргах талаар мэдээлжээ.
Шивээхүрэн боомтын нүүрс тээврийг эрчимжүүлэх шалган нэвтрүүлэх гарцыг ашиглалтад орууллаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин, Тамгын газрын дарга Б.Батболд, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар нар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Монголын Алт” (МАК) ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Дэлхийн уул уурхай ТОП-50 компанийн үнэлгээ өсч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлэв  2021 оны хоёрдугаар улиралд дэлхийн уул уурхайн ТОП-10 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 123 тэрбум ам.доллараар нэмэгджээ.  Мөн үеэс олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтнаас гадна зэс, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.47 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлээд байна. Цар тахлын оргил үе болох өнгөрсөн оны 3-4 дүгээр сараас өнөөг хүртэл уул уурхайн зах зээлд энэ 10 жилд үргэлжлэх супер циклийн эхлэл тохиов уу, эсвэл хямралын дараах сэргэлт үү гэдэг нь маргаантай байгаа ч компаниудын зах зээлийн үнэлгээ өссөнийг mining.com мэдээндээ тэмдэглэжээ.
Забайкальд алтны шинэ уурхай ашиглалтад орж байна Оросын “Мангазея” компани Забайкалийн бүс нутаг дахь алтны “Наседкино” ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг тус улсын Газрын хэвлийн асуудал эрхэлсэн холбооны албанаас (Роснедр)  олгожээ. Энэхүү уурхай нь бүрэн хүчин чадлаар жилд 2.5 тонн алт олборлож, 1 сая тонн хүдэр боловсруулах аж. Ингэснээр алтны үйлдвэрлэлээр улсдаа 15 дугаарт эрэмбэлэгдэнэ. Тус орд нь нийт 23.9 тонн алтны нөөцтэй ба үндсэн 4 талбайгаас бүрддэг байна. Хүдэр дунджаар 1.4-2.9 гр/тн алтны агууламжтай.
94 95 96 97 98 99 100