Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

”Төмөр замыг хөгжүүлэх төрийн бодлого ил тод байх хэрэгтэй”


Euromoney Conferences байгууллагаас есдүгээр сарын 08-нд Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулсан билээ. Тус уулзалтад оролцсон төлөөлөгчид Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж, нөхцөлийн талаар хөндөн ярьсан юм. Манай талаас албаны хүмүүс болон бизнесийнхэн, төрийн бус байгууллагын удирдлагууд оролцон, цөөнгүй чиглэлээр сонирхолтой илтгэл тавилаа. Энэ үеэр зарим төлөөлөгчөөс уул уурхай дагасан дэд бүтцийн талаар сонирхов.

УИХ-ын гишүүн С.Оюун:

Уул уурхай дагасан дэд бүтцийн хөгжилд Хятад, Оросын хөрөнгө оруулалт давамгайлахын сайн болоод сөрөг талыг Та хэрхэн харж байна  вэ?

Давамгайлна гэсэн хандлага нь тодорхой болоогүй байна шүү дээ. Зөвхөн дэд бүтэц гэлтгүй ерөөсөө стратегийн салбарт , магадгүй уул уурхайд нэг буюу цөөн хэдэн орноос хэт хараат байхаас сэргийлнэ ээ гэсэн заалт 1994 онд УИХ-аар батлагдсан Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд суусан байдаг. Энэ бол зөвхөн хөршүүд  гэсэн санааг тусгасандаа биш , ерөөсөө нэг ба хоёр орноос  хэт хамааралтай байх нь  үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө  шүү  гэсэн санаа.

Манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлал ч гэсэн тун  тодорхой. Монголчууд бид нэлээн урт хугацаанд ганц орноос улс төрийн бөгөөд эдийн засгийн хараат байдалтай явж ирсэн өрөөсгөл туршлагатай учраас 1990-ээд онд Монгол улс дэлхий ертөнцөд нээлттэй  болсноосоо хойш Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал дээрээ чухам тэдгээр заалтыг их тодорхой тусгасан. Ганц улсаас  хараат болохгүйн тулд хоёр хөрштэйгээ эн тэнцүү сайн харилцаатай, хамтын ажиллагаагаа тэгш баланстай байлгая. Өөрөөр хэлбэл худалдаа, хөрөнгө оруулалтыг ижил тэнцвэртэй байлгая аа гэсэн санаа. Түүнчлэн мөнхийн  хоёр хөршийнхөө эдийн засаг болоод улс төрийн нөлөөг дахин тэнцвэржүүлэх үүднээс гуравдагч хөршийн тухай үзэл баримтлалыг  оруулж ирсэн юм.

Хувь заяаны эрхээр бидэнд шууд хиллэдэг гуравдагч хөрш үгүй хэдий ч  хоёр хөршөөсөө дутахааргүй адилхан  хэмжээнд харилцаатай улс гүрнүүдтэй, өрнөдийн бөгөөд дорнын дэлхийн тэргүүлэх тийм улсуудтай  сайн харилцаатай байя гэсэн үзэл баримтлалаа Монгол улс бүр 15 жилийн өмнө баталгаажуулсан билээ.

Өнөөдөр гуравдагч хөршийн тухай энэхүү бодлого  маань ямар түвшинд хэрэгжиж байна вэ?

Хэдийгээр төрийн бодлогын хэмжээнд тусгаад, монголчууд маань гуравдагч хөршийн чухлыг  ойлгоод байдаг  боловч  яг бодит амьдрал дээр манай улсын худалдааны нийт эргэлтийн талаас дээш хувь нь өмнөд хөрштэйгээ, хөрөнгө оруулалтын мөн л  дийлэнх  хувь нь Хятад улсынх байдаг. Энэхүү харилцааг Орос улстай харьцуулах хэмжээнд  хүртэл тэнцвэржүүлж одоохондоо чадахгүй байна. Ер нь бид чинь хөрөнгө оруулалтын талаар дэлхийн зах зээл дээр сая ашигт малтмалын үнэ ихээхэн нэмэгдэх хүртэл  нэг их сонирхдоггүй байлаа шүү дээ. Дэлхийн бусад улсад ч ялгаагүй, ийм хандлага байлаа. Харин XXI зуунд түүхий эдийн асуудал чухлаар тавигдаж, эрчим хүчний  болон бүхий л  эрдсийн үнэ ханш нэмэгдсэнээр бодитой сонирхол  бий болж эхэллээ. Тэгэхээр энэ чиглэлээр бидэнд   эдийн засгийн аюулгүй байдал, улсынхаа гадаад бодлогын гол үзэл баримтлал, тулгуур зарчмуудыг хэрэгжүүлэх боломж нь  бий болж эхэлж байна. Боломжоо зөв оновчтой  хэрэгжүүлэх нь чухал юм.

Орос, эсвэл Хятадын компаниуд Монголын ашигт малтмалын орд газрын лиценз эзэмшигч бөгөөд мөн төмөр замын дэд бүтцийг эзэмшигч байх тохиолдолд ямар хүндрэл бэрхшээл гарч болох вэ. Ерөнхийдөө төмөр замын бүтэц дээр хоёр хөршийн оролцоо дийлэнх байх нь тодорхой.
Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэ цаг үед хэрхэн хөтөлж явах ёстой вэ?


Төмөр зам болоод  эрчим хүч, бусад дэд бүтцийг цогцоор нь авч үзээд, тэр  хүрээндээ  хоёр хөршийн тэнцвэртэй оролцоо, дээр нь бусад улсын оролцоог  байлгах, хэн нэгнээс нь  хэт хараат бус байх нь чухал.
Төмөр замын хувьд бид олон жил Монгол-Оросын хамтарсан төмөр зам ашиглаж ирсэн. Цаашдаа манай бараа бүтээгдэхүүн экспортод урагшаа гарах учраас Хятадын зүгээс ч, Оросын талаас ч төмөр замын тээвэрлэлтийн ажилд оролцох сонирхол  бодитой байгаа байх. Тэгэхээр энэ сонирхлыг эдийн засгийн томоохон бүтэц дотроо тэнцвэржүүлэх  асуудлаа л сайн бодож хэрэгжүүлэх нь  чухал.
Ер нь тэр улс, энэ орон гэхээсээ илүү  хамгийн өндөр технологийн стандарттай, байгаль орчинд аль болох хал багатай технолог ашигладаг, нийгмийн хариуцлагаа сайтар ухамсарладаг компанийг  дэмжих нь зөв.

Төмөр замын шинэ шугам тавих төсөл яригдаж байгаа.  Энэ төсөлд Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага оролцож байгаагийн ач холбогдол юу вэ?

Хэдэн жилийн өмнө УИХ дээр Төмөр замын тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулаад, хувийн компани төмөр замд хөрөнгө оруулалт хийх, эзэмших , өмчлөхийг хуулиар зөвшөөрсөн шүү дээ. Би үүнийг зөв , дэвшилттэй шийдвэр болсон гэж үздэг. Томоохон төслүүдэд төрийн болоод компаниудын оролцоо аль аль нь байх нь чухал.  Олон улсын санхүүгийн байгууллагууд үүн дээр нэмэгдэн орж ирж байгаа нь ч сайн хэрэг.


“Altai Gold“ компанийн Ерөнхий  захирал З.Ган-ОЧИР:


“Euromoney“ хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа , уул уурхайн дэд бүтэц, Монгол улсын гуравдагч хөршийн сэдвээр олон илтгэл, санал шүүмж сонсогдож байна. Уул уурхай дагасан дэд бүтцийн хөгжилд Хятад, Оросын хөрөнгө оруулалт давамгайлахын сайн болоод сөрөг тал нь юу  вэ?

Бид  Орос, Хятад улсуудтай тодорхой хэмжээнд  хамтарч ажиллахаас өөр арга байхгүй л дээ. Ялангуяа хөрөнгө оруулалтын бүтцэд шинээр үүсч байгаа дэд бүтцийн төслүүд дээр. Гэхдээ улс орныхоо эдийн засгийн хувьд харьцангуй бие даасан байдлыг хангах үүднээс өөр боломж бидэнд байгаа юу гэдгийг анхаарч харж байх хэрэгтэй.
Дотоодын дэд бүтцийн хөгжилд  аль ч хөрөнгө оруулагчийг оруулаад, бүтээн байгуулалт хийгээд байж болно. Хамгийн гол нь олон улсын хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй хадгалах хэрэгтэй юм.  Миний бодлоор төрөөс хамгийн гол анхаарах ёстой  зүйл бол Монголын нутгаас тухайн бүтээгдэхүүн гарсны дараа ОХУ-ын нутаг дээр, Хятад улсын нутаг дахь дэд бүтцийн асуудлыг  урт хугацааны хөрөнгө оруулалтаар, урт хугацааны гэрээгээр , хоёр улсын харилцан тохиролцоогоор  шийдэж өгөх хэрэгтэй. Үүнийг шийдэхгүй бол манай төмрийн, нүүрсний бүтээгдэхүүн, ялангуяа үнэ цэн нь нэмэгдэж байгаа боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд  голлох зах зээлдээ нэвтэрч чадахгүй. Яагаад гэвэл манай эцсийн бүтээгдэхүүнүүдийн хэрэглэгчид  Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Азид байрлалтай байгаа. Тэрхүү зах зээлд нэвтрэхийн тулд  хамгийн гол нь транзит дэд бүтцийнхээ, ялангуяа төмөр замын тээврийн асуудлыг цэгцтэй болгох хэрэгтэй.

Орос, Хятадын компаниуд Монголын ашигт малтмалын орд газрын лиценз эзэмшигч байгаад, дээрээс нь мөн төмөр замын дэд бүтцийг эзэмших тохиолдолд бодитой ямар хүндрэл үүсч болох вэ?   

Мэдээж хэлэлцээрийн ширээний ард  суух юм бол хамгийн хүчтэй талууд нь манай хоёр хөрш байх нь ойлгомжтой. Гэхдээ бид бүх боломжит хувилбарыг судлах хэрэгтэй. Анхнаасаа цэгцтэй бодлоготой явах хэрэгтэй гэсэн үг.  Бид өнөөдөр Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээ, Тавантолгойн ашиг­лалтын тухай дөрөв, таван жилийн турш ярьж  байна. Яг үүнтэйгээ адилхан уул уурхайн салбараас эдийн засагтаа илүү их үр өгөөж авъя гэж бодож байгаа бол дэд бүтцийн урт хугацааны төсөл,  гэрээнүүд дээрээ  Засгийн газрын хэмжээнд одоо нэн яаралтай сууж , удаан хугацаанд ч гэсэн  хамаагүй нухацтай ажиллах ёстой юм аа. Тэгж байж бид уул уурхайн том төслүүдээсээ үр шим хүртэнэ. Хэлэлцээрийн явцад янз бүрийн асуудал гарч ирэх л байх, гэхдээ  ялангуяа дэд бүтцийн салбарт урт хугацааны гэрээг л байгуулах хэрэгтэй.

Хоёр улстай эх газраар хиллэдэг Монгол улсад гуравдагч хөрштэй болох бодлого яагаад чухлаар тавигдах ёстой вэ?  

Эдийн засгийн аливаа асуудал гарч ирэх бүрийд Хятад, Оросын асуудал босч ирэх нь зайлшгүй. Гэхдээ монголчууд  бид нэг зүйлийг  ойлгох хэрэгтэй. Геополитикт хамгийн чухал нөлөө үзүүлэх хэмжүүр бол эдийн засгийн үр ашиг. Хөршүүдэд маань аль алинд нь хэрэгтэй зүйл манайд байгаа юу гэвэл байна. Хамгийн гол нь тэрхүү баялгаа  бид хэрхэн зөв хөшүүрэгдэж  ашиглах вэ , ямар хэмжээний үр ашиг гаргах вэ гэдэг бол төрийн зүгээс урт хугацаанд бодлогоороо шийдэх чухал асуудал аа.  Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшилд төрийн зүгээс үзүүлэх хамгийн том тус дэм энэ болох юм.

Төмөр замын шинэ шугам тавих төсөл яригдаж байна. Монгол улс төмөр замын олон гарцтай байхын ач холбогдол юу вэ?

Ганц гарцтай тохиолдолд тухайн төмөр зам дээр бараа түгээлтийн хуримтлал үүсдэг. Хятад руу гэхэд зөвхөн Эрээн боомтоор бүтээгдэхүүн гаргаад байх юм бол бид  урагшаа очоод бас нэг газарт нь бөглөрчихдөг. Тийм учраас олон гарцтай байх нь бидэнд төмөр замын тээвэрлэлтийн хувьд  сонголт , боломж өгнө. Бизнест илүү уян хатан нөхцөл бий болно  гэсэн үг. Монгол улс  далайд гарцгүй учраас төмөр замын гарц олон байх тусам манай эдийн засаг уян хатан чанартай болно.

Төмөр замын төсөлд хувийн болоод олон улсын байгууллагууд орсноор бидэнд ирэх ач холбогдол нь юу вэ?

Дэд бүтцийн, ялангуяа төмөр замын төсөл ихээхэн өндөр өртөгтэй.
Монголын компани дангаараа хийхэд   үнэхээр хэцүү ажил.  Гадаадын компани байлаа ч ганцаараа шинэ шугам байгуулахад хэцүү. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалт дээр гарцаагүй олон улсын байгууллага,  гадаад болоод дотоодын компаниуд, түүнчлэн Монголын төр гэсэн  бүх талын хамтын ажиллагааны үр дүнд босох ёстой юм. Яагаад гэвэл төмөр замын үр ашиг нь эргээд Монголын  бүс нутгуудад төдийгүй ерөнхийдөө хөгжилд маань маш чухал асуудал. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд төмөр замыг хөгжүүлэх Монгол улсын ерөнхий төлөвлөгөө, хойд бүс, баруун, зүүн,  өмнөд бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөө маань ил тод байх хэрэгтэй. Тэр төлөвлөгөөгөө гадаадын компаниудад үргэлж  сурталчилж байх хэрэгтэй. Үүнийгээ уул уурхайн салбарын ажлуудтайгаа  хамт хийж явбал илүү үр дүнтэй. Гаднынхны хөрөнгө оруулах сонирхол ч нэмэгдэнэ.

Төмөр зам маань төрийн мэдлийнх, тэр тусмаа ОХУ-тай хамтарсан нийгэмлэг байгаа явдал нь цаашид хувийн компаниуд уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд хүндрэл авчрах уу?

Бодит байдал маань ийм шүү дээ. Үүнээсээ бид татгалзах аргагүй, байгаа нөхцөлдөө зохицуулаад ажиллахаас өөр замгүй. Тийм учраас хамгийн гол нь төмөр замын салбарт хамтарч ажиллахдаа  урт хугацааны гэрээнүүдийг  байгуулах хэрэгтэй юм. Ингэж байж   тогтвортой нөхцөл байдлалтай болно. Одоо гадны хөрөнгө оруулагчдыг, ялангуяа гуравдагч орноос Герман, Америкууд орж ирээд төмөр замын салбарт хөрөнгө оруулалт хийх гэхээр  Транс Монголын төмөр зам  маань Оросын 50 хувийн эзэмшилд байгаа учраас маш их асуудал үүсгээд байгаа юм. Дэд замыг байгууллаа ч гэсэн голлох магистралийг  нь оросууд эзэмшиж байгаа учраас  хяналтаа тавиад байгаа. Тийм учраас бид энэ асуудлыг  Оросын талтай гэрээгээр зохицуулж өгөх хэрэгтэй. Ямар нэг байдлаар төрөөс зохицуулаад , тээвэрлэлтийг нь жигдрүүлэх л хэрэгтэй. Ингэхгүй бол дэд бүтцэд  ялангуяа төмөр замын салбар дээр маш ойлгомжгүй нөхцөл гадаадын хөрөнгө оруулагчдад харагдаж байгаа учраас тэднийг  бид татаж чадахгүй байна.
Өөр нэг чухал асуудал нь төмөр замыг дотооддоо  их хэмжээгээр байгуулах хэрэгтэй байна. Ганцхан уул уурхайд зориулсан бус, уул уурхайг дагаад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, ялангуяа алслагдсан аймгуудад  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тээвэрлэлт хямдраад ирэхээр Монгол улсад  эдийн засгийн давуу тал үүсэх юм. Энэ бол дотоодын хэрэгцээний асуудал. Уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох нөхцөлд бол эцсийн дүндээ бидэнд гадаад зах зээлд нэвтрэх гарц  хамгийн чухал юм шүү.

Ярилцсан Э. Болорхажид