Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Нүүрсний томоохон ордуудыг төрийн мэдэлд байлгахыг мэргэжилтнүүд эсэргүүцэв

Нүүрсний томоохон ордуудыг төрийн мэдэлд байлгах асуудлыг нүүрсний салбарын төлөөлөл эсэргүүцэж, харин ч байгаа хэдэн уурхайнхаа орчин нөхцөлийг сайжруулсан нь илүү ашигтай болохыг онцолсон. Ингэхдээ тэд төрийн бодлого дутагдсанаас болж хаалгаа барьсан уурхайнуудын талаар жишээ баримт дурдахаа мартсангүй. “1978 онд байгуулагдан улмаар Хэнтий аймгийг дангаараа хангаж ирсэн, жилдээ 150 мянган тонн нүүрс гаргах хүчин чадалтай Чандмань далайн нүүрсний уурхай өдгөө хаалгаа бариад байгаа. Хэнтий аймаг нүүрсээ хангадаг байсан ганц уурхай нь хаагдчихсан тул энэ өвөл тус аймаг хөлдөхгүй гэсэн баталгаа гаргаж чадах хүн өнөөдөртөө алга“ гэж нүүрсний салбарынхан хатуухан мэдэгдлээ.

Эрчим хүчний зохицуулагчдын зөвлөлийнхөн хөрш зэргэлдээ Улаан-Үд, Эрхүү хоттой харьцуулахад манай цахилгааны тариф хоёр дахин, хэрэглээний халуун усны үнэ 10 дахин бага гэж халаглалаа. Тэдний үзэж байгаагаар 68 төгрөг байгаа цахилгааны тарифыг 90 төгрөгт, цаашилбал хэрэглээнийн халуун усны үнийг 1000-1500 төгрөг байгааг нь Эрхүү, Улаан-Үдийн үнийн 9760 төгрөгтэй ойртуулж байж сая ашигтай ажиллана гэв. Мөн л мэргэжилтнүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан боловч дараах тоо баримт цөөнгүй хүнийг дуугүй болгож дөнгөв. Энэ оны нэгдүгээр сарын 23-ны 19.00 цагт эрчим хүчний максимум ачаалал   649 мегаватт хүрснээр цахилгааны ачаалал байх ёстой хэмжээнээс илүү гарч эхэлсэн байна. 2010 оноос дулааны ачааллын дутагдалд орж эхэлнэ гэж тэд санууллаа. Одоогийн байдлаар жилд 30-80  ккал/цаг дулааны ачаалал бүхий 150-300 гаруй барилга байгууламж шинээр ашиглалтад орж  байгаа аж. Эдгээрээс  30 орчим барилга байгууламжид хавар хүртэл техникийн зөвшөөрөл өгч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ.

Түлш, эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ ийнхүү мэргэжилтнүүд хэлэлцсэн бөгөөд олон зүйл дээр тэд санал зөрсөн боловч хамтарч шийдэж болох гарц буйг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн нь олзуурхууштай. Цаашдаа хамтарч ажиллахын тулд мэдээллээ тогтмол солилцож байя гэцгээв. Уулзалт олон  чухал асуудлын шийдэгдэх гарц болох нь дамжиггүй гэсэн хүлээлт үлдээв. Хуучнаа шинэчилж сайжруулах дээр юу ч хийгээгүй атлаа шинэ зүйлийг нэг далайлтаар гартаа авах гэдэг дутагдал байна гэж мэргэжилтнүүд салбарын удирдлагадаа сануулаад амжив. Энэ удаад бодлогын баримт бичигт тусгагдсан үсрэнгүй хөгжлийн заалтууд шууд дэмжлэг аваагүй ч ойлголцсон тохиолдолд хэрэгжүүлэх гарц ойрхон бий гэж тэд найдаж буйгаа илэрхийлсэн.