Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ОУВС: Тус уу, ус уу?

Олон улсын худалдаа болон Олон улсын мөнгөн систем


Олон улсын худалдаа нь маш эртний түүхтэй гэдгийг та мэднэ. Аж үйлдвэрийн хувьсгалтай хамт олон улсын худалдаа бүтцийн хувьд нэлээд өөрчлөгдсөн байдаг. Уг нь голдуу байгалийн бэлэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлд хэрэгтэй анхан шатны бүтээгдэхүүнүүд худалдааны гол обьект нь байсан бол XVIII зууны сүүлийн хагасааc үйлдэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүнүүд худалдаанд нэвтэрсэн. Сонсоход маш энгийн энэ өөрчлөлт улс орнуудын эдийн засгийн хувьд нэлээд хэдэн чухал үр дагавар авчирсан гэж хэлэхэд болно. Юуны түрүүнд, бүтээгдэхүүний худалдаагаар улс орнуудын эдийн засгууд өөр хоорондоо маш нягт холбоо хамааралтай болсон. Өөрөөр хэлбэл, хэрэв танайх, манайх хоёр худалдаа хийдэг гэж үзвэл, танай улсын эдийн засгийн дотоод тэнцвэр, эдийн засгийн өсөлт нь, худалдааны шугамаар манай эдийн засагт нөлөөлдөг, бас манай эдийн засгаас хамаардаг болсон гэсэн үг. Үүн дээр нэмээд танайх , манайх хоёр өөр өөр мөнгөн тэмдэгт хэрэглэдэг гэдгийг санавал, валютын ханш эдийн засгийн бодлогын хэрэгсэл болж эхэлсэн буюу ханш тогтоох бодлогоор бодит эдийн засагт (экспорт, импорт , цаашлаад эдийн засгийн өсөлт болон ажилгүйдэл гэх мэт) нөлөөлөх бүрэн боломжтой болсон.

Мэдээж  валютын ханш олон улсын хөрөнгийн хөдөлгөөнөөс (орох , гарах урсгал) бас хамаарах учир бодит эдийн засаг нь худалдааны шугамаар олон улсын хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой болсон. Энэ бүхний үр дүнд олон улсын худалдаа, олон улсын валютын бодлого болон  хөрөнгийн хөдөлгөөнийг ямар нэг байдлаар зохицуулах олон улсын нэгдсэн мөнгөн системтэй болох шаардлага зайлшгүй урган гарчээ. Ийм зохицуулалтын эхний хэлбэр нь “Олон улсын алтан стандартын систем“ байжээ. Энэ системд  алт олон улсын мөнгөний нэгжийн нэг төрлийн үүргийг гүйцэтгэж байсан буюу улс бүр өөрийн мөнгөний алттай харилцах ханшийг тогтоож, үүний үр дүнд олон улсын валютын ханш тодорхойлогдож байхаар тогтсон байдаг. Алтны худалдааг чөлөөтэй байлгасны үр дүнд энэ систем тогтвортой ажиллаж байж. Алтан стандарт систем дэлхий нийтийн эрсдэлийг хэр сайн зохицуулж байв (яг өнөөдөр тулгамдаад байгаа асуудал) гэдэг дээр эдийн засагчид маргаантай байдаг ч, энэхүү систем нь Дэлхийн I дайн хүртэл дажгүй ажиллаж байж гэдэг нь тухайн үеийн эдийн засгийн түүхээс илт байдаг.

1929 оны дэлхийн санхүүгийн хямрал (хэрэв алтан стандарт байгаагүй бол энэ хямрал тийм их өргөн хүрээтэй тархахгүй байж гэсэн дүгнэлт ч бас бий), үүний араас дэгдсэн II дайн гэх мэт хямралууд олон улсын мөнгөний системд дахин нэг удаа зохицуулалт хийх шаардлага бий болгожээ. Учир нь, алтан стандарт нь гадаад эдийн засгийн тэнцвэрт тулгуурласан систем байсан бөгөөд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалд (дотоод эдийн засгийн тэнцвэр алдагдсан) энэ системийг үргэлжлүүлэх нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх болно гэж үзэж байсан бололтой. Ингээд 1944 онд Америкийн Брэттон Вүүдст 44 орны төлөөлөгчид уулзан энэ асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.      

Брэттон ВҮҮдс, ОУВС


Брэттон Вүүдст болсон уулзалтад олон улсын мөнгөний системийг шинэчлэх хоёр өөр төлөвлөгөө (нэг нь Их Британи төлөвлөгөө буюу Кэйнсийн , нөгөө нь Америк  буюу Вайтын төлөвлөгөө) хэлэлцэгдэж, улмаар Вайтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тогтжээ. Уг төлөвлөгөө нь америк доллар дээр тулгуурласан олон улсын мөнгөний системийг санал болгож байсан бөгөөд (доллар нэг төрлийн олон улсын хэмжээний төлбөр тооцооны нэгж болсон гэж ойлгож болно) бусад улсын мөнгөн тэмдэгтүүдийн ханш  долларын ханштай, харин долларынх алтны ханштай уяатай (тогтвортой) байхаар тогтсон байдаг.

Доллар төвтэй энэ системд аль ч улсын хөрөнгө оруулагч-үйлдвэрлэгч өөрийн мөнгөн хөрөнгөө доллар болгон чөлөөтэй хөрвүүлэх, долларыг буцаагаад алт, эсвэл алтыг долларт хөрвүүлэх боломж нээлттэй байсан юм. Ийм байдлаар олон улсын валютын ханшийг тогтвортой (fixed exchange rate) байлгах нь олон улсын худалдааг чөлөөтэй явуулах эдийн засгийн орчныг бүрдүүлэх болно гэсэн санаа энэхүү системийн гол суурь нь болсон байдаг.

Валютын ханшийг тогтвортой байлгана гэдэг нь дэлхийн худалдаанд сайнаар нөлөөлөх боловч, худалдаанд оролцогч аль нэг улсад гадаад худалдааны алдагдал гарах үед (жишээ нь технологийн хоцрогдлоос үүдэн зах зээлээ алдах) тухайн улсын валютын ханшийг тогтвортой байлгах чадвар мууддаг сул талтай. Яг ийм шалтгаанаас үүдэн уг төлөвлөгөөнд Олон улсын валютын санг байгуулахаар тогтжээ. Сангийн гишүүн орон бүр алт, өөрийн мөнгөн тэмдэгт болон олон улсад зөвшөөрөгдсөн аль нэг валютаас тогтсон хандив өгч , тус санг байгуулсан (үндсэн хандив Америкаас гарсан) бөгөөд гишүүн болсон аль нэг улсын худалдааны алдагдал нь валютын ханшид нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн үед тухайн улс Валютын сангаас нөөц авах маягаар  асуудлаа шийдэж байх нь олон улсад валютын ханшийг тогтвортой байлгах болно хэмээн үзжээ.     

Олон улсын валютын ханшийг тогтмол байлгахыг зорьсон Брэттон Вүүдсийн систем нь 1973 он хүртэл мөрдөгдсөн бөгөөд (1967 онд долларыг чөлөөлөх зорилгоор олон улсын мөнгөний нэгж гэгдэх SDR-ийг нэвтрүүлжээ) Америкийн эдийн засаг дахь худалдааны алдагдал (доллар олон улсын мөнгөний нэгж болсон учир улс орон бүр долларын нөөцтэй байсан буюу Америк өөртөө орж ирж байснаас хамаагүй их мөнгийг гадагшаа өгөх хэрэгтэй болсон) болон долларын эсрэг гарч болох дээрмийн шинжтэй дайралтууд гэх мэт шалтгааны улмаас цааш мөрдөгдөх боломжгүй хэмээн үзжээ.  


ОУВС болон хөгжиж буй орнууд

Xуучин систем мөрдөгдөхөө больсон нь уг системийн гол зохицуулагч болох ОУВС-гийн бүтэц, үндсэн үүргийг  дахин авч үзэх шаардлага бий болгосон  бөгөөд  энэ үеэс  ОУВС, гишүүд нь тэвдсэн үедээ очиж нөөц авдаг сан байхаас илүүтэй олон улсын санхүүг (тэр дундаа олон улсын хөрөнгийн урсгалыг) зохицуулагч болон хувирсан бололтой. 1970, 1980- аад онд ОУВС нь Америкийн  худалдааны гол түншүүд болох Латин Амеркийн орнуудад их хэмжээний зээл олгож байсан бөгөөд үүний ард “хөршөө ядууруулах бодлого“ нуугдаж байсан гэж зарим эдийн засагч үздэг.

Хөршөө ядууруулна гэдэг нь нэг ёсондоо өөрийн эдийн засагт бий болох ажилгүйдлийг худалдааны аргаар хөрш орондоо экспортолж байна гэсэн үг юм: би үйлдвэрлэе, чи худалдаж ав. Хэрэв танай мөнгө хүрэхгүй бол надаас зээл ав, дараа нь буцааж төл гэсэн зарчимтай. Энэ нь ОУВС аль нэг улсын (Тухайлбал Америк) эрх ашигт илт үйлчилж эхэлсний илрэл  бөгөөд ийм байдал өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа гэж нэр бүхий эдийн засагчид (Колумбын их сургуулийн эдийн засагч, Нобелийн шагналт Joseph Stiglitz г.м) үздэг.

1980-д онд Латин Америкийн орнуудад нүүрлэсэн төлбөрийн хямралууд болон уг хямралыг зохицуулах ОУВС-гийн бодлого, түүний үр дүн нь тухайн байгууллага бүтэл муутай ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүргэжээ ОУВС-гийн эзэд нь ингэж дүгнэсэн байдаг.

Ийм учраас 1980 оны сүүл, 1990 оны эхэнд ОУВС хөгжиж буй орнуудыг “хөрөнгийн зах зээлээ нээлттэй байлга, тэгвэл эдийн засаг чинь тогтворжино, хөрөнгө оруулалт нэмэгдэн ажилгүйдэл багасна“ хэмээн ятгаж эхэлсэн бололтой. Гэтэл хөрөнгийн чөлөөт хөдөлгөөн нь ОУВС-гийн зөвлөсөн шиг сайн нөлөө үзүүлээгүй бөгөөд харин ч тухайн орнуудын дотоод эдийн засгийн тэнцвэрийг тогтворгүй болгон 1990-ээд оны сүүлээр нэлээд хэдэн улс валютын хямралд өртжээ. Үүн дээр нэмээд хямралд өртсөн үед нь ОУВС-гаас төлөвлөсөн хямралыг даван туулах хөтөлбөрүүд нь  нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэгтэй  агаар нэг болсон буюу хямралын муу нөлөөг улам гүнзгийрүүлсэн гэсэн шүүмжлэл эдийн засагчдын дунд түгээмэл байдаг.  Жишээ нь Кэмбриджийн Их сургуулийн эдийн засагч Ha-Joon Chang ингэж дүгнэсэн байдаг.   

Манай зээл

Санхүүгийн хөрөнгийн эрх ашигт нийцсэн бодлого явуулдаг, тулгарсан аливаа асуудалд бүтэл муутай ханддаг ОУВС-гаас  зээл авах нь зөв үү гэсэн асуултыг одоо авч үзье. Юуны түрүүнд зээл авахгүй бол яах байв гэдгийг бодох нь зүйтэй. Төсвийн алдагдлыг нөхөх гурван арга зам бий гэдгийг бид мэднэ:

Эдгээрээс эхний хоёр нь Монголын өнөөдрийн нөхцөлд тохирохгүй гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа болов уу. Засгийн газар иргэдээсээ, Төв банкнаас,  аль эсвэл гаднаас зээл авах боломжтой. Төв банкнаас зээл авна гэдэг нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Тэр нь цаашлаад үнийн инфляц үүcгэх эрсдэлтэй. Үүнийг эдийн засагт инфляцийн татвар гэж нэрлэдэг. Гаднаас зээл авна гэхэд ОУВС эхний үүсвэр маань. Манай эдийн засаг  арай ч хямраагүй байгаа, тэгээд ч  Америктай худалдаа хийдэггүй, тийм болохоор энэ зээлийн хүрээнд ОУВС-гийн бодлогын хувьд манайхыг ашиглах (хөршөө ядууруулах) , аль эсвэл хямралыг удирдах гэж бүтэлгүйтэх зэрэг асуудал сөхөгдөх нь юу л бол. Мэдээж эзэн нь юмаа мэддэг  ёсоор  ОУВС-гийн хувьд зээлээ буцааж авах нь гол зорилго учир  18 сарын хугацаат гэрээг Монголын талтай хийх, түүнийгээ хянах нь ОУВС-гийн үүрэг.

Өөрөөр хэлбэл манай нөхцөлд ОУВС-тай холбоотой сонгодог асуудлууд арай гарч ирэхгүй байх. Одоо гол анхаарах зүйл нь  зээлээ хэрхэн буцааж төлөх, мөн цаашдаа эдийн засагт учрах  иймэрхүү эрсдэлийг хэрхэн удирдах тухай тунгаан бодох  нь зүйтэй . ОУВС нь урт удаан хугацаанд дурлаад ханилаад байхаар  түнш биш гэдгийг эдийн засгийн сүүлийн 20 жилийн  түүх харуулж байна. Энэ бүгд өнөөдрийн хямрал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөхтэй шууд холбоотой юм.  

Хямралын маргааш


Эцэст нь , болж буй хямралын талаар хэдэн зүйл хэлье. Юуны өмнө өнөөдрийн хямрал нь санхүүгийн шинжтэй хямрал буюу томчуудын тоглоомын балаг.  Өөрөөр хэлбэл хямрах санхүүтэй  буюу хэрэглээнээсээ илүү орлоготой хүмүүсийн хямрал. Америкийн Засгийн газар хоёр асуудлыг шийдэх хэрэгтэй болоод байна.

 Хоёр дахь нь зайлшгүй шийдэгдэх шаардлагатай. Рэбуликчүүдийн дунд дотоод эдийн засгаа зүгээр энэ чигт нь орхих нь зүйтэй, гол нь олон улсын санхүүгийн систем эрүүлжих ёстой гэсэн үзэл нэлээд хүчтэй байгаа бололтой. Ямар ч байсан чөлөөт худалдаа болон санхүүгийн хөрөнгийн чөлөөт урсгал хоёр нь хэрэв Дэлхийн Төв банк гэсэн байгууламж байхгүй бол дэлхийн эдийн засагт хортой юм байна гэдэгтэй ихэнх улсууд санал нэгтэй байгаа болов уу.

Иймээс эсвэл санхүүгийн хөдөлгөөнийг хянах, үгүй бол ОУВС-д бүтцийн өөрчлөлт хийн, Дэлхийн Төв банк маягийн ямар нэг байгуулагатай болох гэсэн хоёр зам бий. Мэдээж худалдааг бас хянаж болох хэдий ч  энэ нь Европ болон Зүүн Азийн орнуудад тааламжгүй мэдээ болно. Ингэсэн тохиолдолд худалдаа бүс нутгийн шинжтэй болох юм.

Аль ч нөхцөлд хэрэв  XX зууны сүүлийн хагаст зах зээл төвтэй байсан бол XXI зууны эхний хагас эдийн засгийн хэлэлцээр төвтэй байх буюу эдийн засгийн асуудлууд хэлэлцээрийн шугамаар шийдэгдэнэ гэдэг нь тодорхой байна. Тиймээс  манай улс  нэг талаас эдийн засгийн судалгаа хийдэг мэргэжилтэн бэлдэх (хэлэлцээр хийнэ гэдэг маань ширээн дээр юу тавих вэ гэдэгтэй шууд холбоотой байдаг), нөгөө талаас асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй байгаа ийм нөхцөлд аль болох зээл авахгүй байх (ширээн дээр тавих зүйлүүдээ дуусгахгүй байх) нь ирэх 20-30 жилийн эдийн засгийн байдалд маань сайнаар нөлөөлөх болов уу.